• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баярмэнд: Хятад Монголын эрдэмтэд хамтран Монголын нутгийн аялгууг судалсан бүтээл туурвиж байна

CRI       (GMT+08:00) 2016-07-11 10:17:27

Саяхан Өвөр Монголын Их Сургуулийн Монголыг судлах хүрээлэнгийн захирал Баярмэнд ХОУР-гийн сурвалжлагч Сарантуяад дэлгэрэнгүй ярилцлага өгч, Монгол Хятад хоёр орны соёлын солилцоо, хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулсан байна. Улс орнуудын олон салбарын хамтын ажиллагааны хөгжилд хүмүүнлэгийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэж, бат бэх үндэс суурь тавьж өгдөг гэж Баярмэнд захирал ярьсан юм. Тэрээр Өвөр Монголын Их Сургуульд шинээр байгуулагдсан Монголыг судлах хүрээлэн чухам ямар үйл ажиллагаа явуулж буй тухай танилцууллаа.

Баярмэнд: Өвөр Монголын их сургуулийн Монголыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор

Сурвалжлагч: Хятадын Олон улсын радиогийн сурвалжлагч Сарантуяа

Сурвалжлагч: Сайн байна уу? Танд өнөөдрийн мэнд дэвшүүлье. Зав чөлөө гаргаж ярилцлага өгч байгаад баяртай байна.

Баярмэнд: Сайн байна уу? Намайг Баярмэнд гэдэг. Өвөр Монголын их сургуулийн Монгол улсыг судлах хүрээлэнгийн захирал, доктор, профессор байна.

Сурвалжлагч: Хятад Монгол хоёр орны харилцаа сүүлийн үед маш эрчтэй хөгжиж байна. Эдгээрийн дотроос хүмүүнлэгийн солилцоо ер нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байх гэж бодож байна. Та өөрөө ӨМ-ын том судлаач хүн, Хятад Монгол хоёр орон соёлын солилцооны талаар хир зэрэг ажил өрнүүлж байгаа тухай танилцуулаад өгнө үү.

Баярмэнд: Ер нь хоёр орны найрсаг харилцаа бүх талаар гүнзгийрэхийн хэрээр сүүлийн үед хүмүүнлэгийн харилцаа, соёлын солилцоо маш эрчимтэй явагдаж байна. Ялангуяа хоёр оронд өөр өөрийгөө ойлгохын төлөөний судалгаа маш эрчимтэй явагдаж байгаа. Энэ ажлыг улам өндөр түвшинд хүргэхийн тулд ӨМИС-иас Монгол улсыг судлах хүрээлэн гэж байгуулсан юм. Энэ хүрээлэн мөн Монгол улсын хэл, утга зохиол, түүх соёл, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг олон талын судалгаа хийх болно. Энэ бол нэг талаар Хятад улсын удаан жил хийж ирсэн монгол судлалын хүрээг өргөтгөсөн юм. Монгол судлал гэхэд Монгол улсын судлалаас салшгүй гэдийг бид тодорхой ойлгосон. Манай судалгаа хойшдын хоёр орны хүмүүнлэгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Хоёр орны харилцаа, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа бүх талаар гүнзгийрэхийн хэрээр эдгээрийн үндсийн үндэс болсон, хоёр орны ард түмэн хоорондын харилцаа, ард түмэн хоорондын найрсаг харилцаа, хүмүүнлэгийн солилцоо гүнзгийрэх нь хамгийн чухал асуудал гэж бодож байна. Эцсийн эцэст засаг биш, дарга нар хоорондоо харилцаа зогсох биш, ард иргэд хоорондох бүх талын найрсаг сэтгэл нь хоёр орны харилцааны суурь болж, хамтын ажиллагааны хүрээ нь улам тэлнэ гэдэгт бат итгэж байна.

Сурвалжлагч: Мэдээж, ӨМ-ын их сургуульд Монгол улсын оюутнууд их сурч байгаа. Энэ талаар та танилцуулахгүй юу.

Баярмэнд: ӨМИС-д сурч байгаа Монголын оюутнууд нийт 600 гаруй байна. Энэ утгаараа ӨМИС бол нийт Хятадад Монголын оюутан хамгийн олноор сурч байгаа их сургууль гэж үнэлэгдэж байна. Эдгээр оюутнууд гол нь гурван шугамаар ирж байна. Нэг нь бол Хятад улсын засгийн газрын тэтгэлэг авч ирж байгаа. Хоёрдугаар нь ӨМӨЗО-ны захиргааны тэтгэлгийн шугамаар ирж байна. Гуравдугаарт, хувийн зардлаар ирж сурч байгаа юм. Хэл сурах хүсэлтэй ирж байгаа хүүхдүүд нэг хэсэг бий. Гэхдээ дийлэнх нь эрдмийн зэрэг хамгаалах зорилготой байна. Магистр, доктор сурахаар ирж буй хүн олон байна. Манайхнаас докторын зэрэг хамгаалаад буцсан залуус Монгол улсын соёл, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна гэж дуулгахад баяртай байна.

Сурвалжлагч: Монголын оюутнууд Хятад улсад мэргэжил дээшлүүлж эх орондоо буцсаны дараа ажлын байраар хангаж буй байдлын талаарх нарийн мэдээлэл байна уу.

Баярмэнд: Сүүлийн үед манай авсан мэдээллээс үзэхэд манайханд зэрэг хамгаалаад буцсан хүүхдүүд ажилд орсон мөртөө өөрийн сурсан мэргэжилтэйгээ холбоотой ажил хийж байгаа нь бидний хувьд баярлууштай явдал мөн. Энд ирээд хэдэн жил дэмийн сураагүй, харин сурсан юм нь хэрэг болж байна гэсэн үг. Энэ бол ерөөс манай засгийн газрын тэтгэлгийн гол зорилго мөн. Монгол улсад шаардлагатай боловсон хүчин бэлтгэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. Энэ утгаараа одоог хүртэл энэ зорилго биелж байгаа юм.

Сурвалжлагч: Эрдэм шинжилгээний талаар Монгол улстай хамтарч ажиллаж байгаа төсөл байна уу? Сүүлийн үед хэрэгжиж байгаа төслүүд юу юу байгаа юм бэ? Хойшид удалгүй явагдах гэж байгаа төслүүдээс танилцуулах уу?

Баярмэнд: Би ӨМИС-ын Монгол судлалын сургуульд удаан жил ажилласан. Одоо Монголыг судлах хүрээлэнд ирээд ажиллаж байгаа. Энэ хугацаанд Монгол улсын шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Техникийн их сургууль, Улаанбаатарын их сургууль, Их монгол дээд сургууль, Ховд их сургууль зэрэг олон байгууллагатай албан ёсны харилцаатай хамтарч ажилласаар ирсэн. Ялангуяа Шинжлэх ухааны академитай сүүлийн үед эрчимтэй сайхан хамтарч ажиллаж байна. Манай их сургуулиас Монгол улсын шинжлэх ухааны академид монгол хэл бичгийн сураг занги, туршилт авиа зүйн лаборатори, хамтарсан туршилтын тасаг хийж өгсөн. Энэ тасаг одоо сайхан эрчимтэй ажиллаад хоёр орны эрдэмтдийн хамтран ажиллах нэгэн сайхан индэр болсон байна. Нөгөө талаар Монгол улсын хэл аялгууны хээрийн шинжилгээний томоохон төсөл хэрэгжээд гурав дахь жилдээ явж байна. Дараа нь Монгол улсын олон нутгаар очиж, хээрийн шинжилгээ хийсэн. Энэ жилийн 8-р сарын 2-ноос би өөрөө эрдмийн багаа дагуулж Монгол улсын бүх нутагт хээрийн шинжилгээний ажил хийнэ.

Сурвалжлагч: Ямар ямар талын судалгаа хийх вэ?

Баярмэнд: Манай хээрийн шинжилгээнд гол нь хэл соёл, зан үйл зэрэг талыг хичээж хийж байна. Яагаад гэвэл хэл аялгууны байдлыг нарийн шинжилж, үлдээж авах нь чухал. Учир нь Монгол улсын хувьд утга зохиолын баримжаа хэл маш хүчтэй түгээхийн хэрээр нутгийн аялгуу хурдтай мартагдаж байна. Өвөрмөц онцлогоо алдаж байна. Бараг бүх хүн төв аялгуугаар ярьдаг. Үүний улмаас нутгийн аялгуу манай ӨМ-оос бүр хурдан арилж байна. Нэг нь бол төрийн хүчээр төв аялгууг бүх салбарт хэрэгжүүлж байна. Нөгөө нь мэдээж кирилл үсэг бол авиа нь маш тодорхой юм. Яг тэр авиагаараа ярьдаг болохоор хүмүүс маш хурдтай төв аялгууг ашигладаг. Манай хуучин монгол бичиг бол аялгууг давсан үсэг бичиг гэж хэлдэг. Тиймээс хүмүүс энэ бичгийг нь харсан ч өөр өөрийнхөө нутгийн аялгуугаараа уншиж байдаг. Кирилл үсэгт ийм боломж байхгүй учраас нутгийн аялгуу маш хурдтай арилж байна. Үүнийг одоогийн байдлаар маш сайн үлдээж авах хэрэгтэй гэснийг манай ӨМ-ын эрдэмтэд, Монгол улсын эрдэмтэд ч гэсэн тодорхой ойлгосон. Тэгээд сүүлийн үед бараг ашиглаж болох бүх машин техникийг ашиглаж, одоогийн буюу 21-р зууны эхний арваад, хориод онд Монгол улсын хэл аялгуу чухам ямар байдалтай байсныг үлдээж авах гэж хичээн зүтгэж байна.

Сурвалжлагч: Энэ төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хир зэрэг байгаа юм бэ? Монгол улсын талаас дэмжиж байна уу?

Баярмэнд: Өдгөө Хятадын засгийн газраас их дээд сургуульд олон төсөл хэрэгжүүлж байна. Манай сургуулийн хоёр том төсөл бий. Баруун нутгийн их дээд сургуулиудыг бүх талаар сайжруулах төслийг ч хэрэгжүүлж байна. Эдгээр төслөөс шууд манай энэ ажлыг дэмжсэн. Манай эдгээр төслөөс санхүүжүүлэхэд ямар ч бэрхшээл байхгүй гэж бодож байна. Мэдээж, Монгол улсын талаас бидэнтэй хамтарч хийж байна. Бидэнд хүн хүч, зам харилцаа бүх талд тусалж байна. Хоёр тал хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байна.

Сурвалжлагч: Хятад Монгол хоёр орны харилцаа, улсын дипломат харилцаа, эрдэм шинжилгээний талд ямар үүрэг гүйцэтгэж, яаж дэмжиж байгаа талаас та ярихгүй юу. Та судлаач хүний хувьд хоёр орны харилцаа ямар чиг хандлагаар хөгжвөл эрдэм шинжилгээний таатай орчинг бүрдүүлэх вэ?

Баярмэнд: Манай засгийн газраас энэ ажлыг манай хоёр орны соёлын солилцоог маш чухалчилж үзэж байна. Монгол судлалыг маш өндрөөр үнэлж байна.

Сурвалжлагч: Та сая ярилаа. Монгол улсад хээрийн шинжилгээ хийнэ гэсэн. Ямар ямар газраар очих вэ?

Баярмэнд: Манайх ер нь дөрвөн баг хуваан ажиллаж байна. Нэг нь Улаанбаатар хотын монголчуудын хэл хэллэгийг судалдаг. Хоёрдугаар нь төв халхын аялгууг судална. Гуравдугаарт нь зүүн, хойд хязгаарын Буриадын нутгаар явсан. Дөрөвдүгээр баг нь баруун нутгийн ойрд аялгуу, дархад аман аялгуу, баруун нутгийн цөөнх ястны хэл аялгууг нэг талаас нь бүгдийг хийж байгаа юм. Баруун нутагт би өөрөө ажиллаж байна.

Сурвалжлагч: Эдгээр материалаа цуглуулсны дараа Монгол Хятад хоёр орны шинжлэх ухааны академи үр дүнгээ хуваалцах уу?

Баярмэнд: Хамтарсан цуврал бүтээл хэвлүүлэх гэрээ байгуулаад байгаа. 12 боть бүхий ном гаргана. Маш том бүтээл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын хэл аялгууны тухай ийм том бүтээл ер гараагүй байна. Монгол улсын шинжлэх ухааны академитай гарын үсэг зураад байгаа. 12 боть бүхий томоохон бүтээл хэвлэгдэх юм.

Сурвалжлагч: Энэ бүтээл хэзээ гарах вэ?

Баярмэнд: Яг энэ төлөвлөгөөний дагуу 2018 онд хэвлэгдэх ёстой. Бид эхлээд бичиж байна. Бас нэг талаас нь нөхөж байна. Зарим нутгаар явж амжаагүй байна. Одоо сүүлийн үед нэг талаар бичиж, нөгөө талаар үргэлжлэн судалж байна. Мэдээж бид бичээд нэлээд хэмжээнд хүрсний дараа зарим материалыг нөхөх байх гэж бодож байна. Ер нь энэ томоохон төслийг хэрэгжүүлээд гурав дахь жил болж байна. Эхний жилдээ Монгол улсын ШУА-тай гэрээ байгуулсан. Манай энд хуучин Монголоор 12 боть ном гарна. Монгол улсад кириллээр 12 боть ном гаргана гэж төлөвлөж байна. Нийт 24 боть ном гаргана гэсэн үг. Монгол улсын хэл аялгууны тухай нэг хоёр ботиор гарсан жишээ бий. Гэвч энэ удаагийнх шиг арван хэдэн ботиор ер гараагүй. Монгол улсад ойрд аялгуу, буриад аялгуу, халх аялгуу гэсэн гурван боть ном хэвлүүлж байсан. Бүх талын хамарсан 12 боть бүхий ном анх хэвлэгдэх гэж байгаа нь энэ юм. Энэ төсөл Монгол улсын хэл аялгууны байдлыг бүх талаар тусгах зорилготой учраас Улаанбаатар хотын монголчуудын хэл аялгуу хөдөөгийн монголчуудын хэл аялгуутай ямар ялгаатай байгааг тодруулахыг хичээж байгаа юм. Хотынхон соёлтой, шинэ техникийг ашигласан, уулзаж ярих боломж ихтэй учраас хэл аялгуу нь хөдөөгийн малчнаас ялгаатай болсныг бид анхааралдаа авлаа. Ер нь малчид болоод хотынхон хоорондоо хэл аялгууны талд зөрөөтэй байна. Харахад адилхан Монголоор ярьж байгаа боловч хэл аялгууны талд зөрөөтэй байгааг тодруулах зорилготой ажиллаж байгаа юм.

Сурвалжлагч: Хуучин монгол үсэг болон кирилл үсгийн хувилбар нь агуулгын хувьд бүрмөсөн адил уу?

Баярмэнд: Агуулгын хувьд бүрмөсөн адил. Тэдгээр боть номуудаас аль нь ч гэсэн ганц хүний бүтээл ховор. Хэсэг хэсэг хувааж хийж байгаа юм. Манайх шинжилгээний багаар явж байгаа. Нэг баг нь тав зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Нэг талын ажлыг даагаад хамтын бүтээл туурвидаг. Тэгсэн мөртлөө ганц орных биш, хоёр орны эрдэмтдийн хамтарч хийсэн бүтээл болно.

Сурвалжлагч: Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Баярмэнд: Баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе