• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бао Шэнли: Хүмүүнлэгийн солилцоо бол Хятад Монгол хоёр орны харилцааг бүх талаар хөгжүүлэхийн үндэс суурь мөн

CRI       (GMT+08:00) 2016-07-12 15:56:20

Xятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 7-р сарын 13-14-нд Монгол улсад айлчилж, Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын арга хэмжээнд оролцохтой холбогдуулан, ХОУР-гийн сэтгүүлч Сарантуяа, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач, "Дэлхийн үндэстнүүд" сэтгүүлийн орлогч захирал ноён Бао Шэнлитэй уулзаж, ярилцлага авлаа.

Тэрээр, Хятад Монгол хоёр орны соёл, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр дүнгийн тухай танилцуулж, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа нь Хятад Монгол хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд бат бэх суурийг тавьж өгч байна гэжээ.

Бао Шэнли: Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач, "Дэлхийн үндэстнүүд" сэтгүүлийн орлогч захирал

Сурвалжлагч: Хятадын Олон улсын радиогийн сурвалжлагч Сарантуяа

Сурвалжлагч: Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Зав чөлөө гаргаж ярилцлага өгч байгаад баярлалаа.

Бао Шэнли: Сайн байна уу? Намайг Бао Шэнли гэдэг. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн "Дэлхийн үндэстнүүд" сэтгүүлд орлогч захирлын ажил албатай юм. Манай энэ сэтгүүл Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн 80 гаруй сэтгүүлээс дэлхийн үндэстнүүдийг судалдаг цорын ганц сэтгүүл юм. 1995 онд хэвлэгдэж эхэлсэн. Одоош хүртэл 100 гаруй дугаар гаргасан. Энэ сэтгүүлд Хятад улсын дэлхийн үндэстний улс төр, эдийн засаг зэрэг асуудлыг судалж, гадаад дотоодод нэлээд том байр суурьтай сэтгүүл юм. Жишээлбэл Хятад Монгол Оросын эдийн засгийн хонгил байгуулах тухай гурван улс хамтарч ажиллаж байгаа нөхцөлд энэ гурван орны үндэстнүүдийн хүн амын тоо, эдийн засгийн хүч, түүх соёлын өв, ард иргэд хоорондын харилцаа ямар байгаа тухай судалгааны өгүүлэл нийтэлдэг юм.

Сурвалжлагч: Нийгмийн шинжлэх ухааны академи гэхээр таны ярьсан шиг үндэстэн ястан, соёл түүх, хэл аялгуу зэрэг талын судалгаа шинжилгээ хийдэг гэсэн ойлголттой. Хятад Монгол хоёр орон ойр хөрш болохын хувьд эрдэм шинжилгээний талаар хүмүүнлэгийн салбарт хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

Бао Шэнли: Энэ тухай яривал олон зүйл бий. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэн, жишээлбэл Угсаатны зүйн хүрээлэн, Цөөнх үндэстний утга зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Хил хязгаарыг судлах хүрээлэн, Түүхийн хүрээлэн гэх мэтийн хүрээлэнгүүд сүүлийн жилүүдэд Монгол улсын шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль зэрэг их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай олон салбарт байнга хамтарч ажиллаж байна. Манай академи 2002 оны үед Угсаатны зүйн хүрээлэн, Монгол улсын шинжлэх ухааны академийн нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллаж эхэлсэн юм. Одоог хүртэл арваад жил болж, тодорхой үр дүнд хүрч байна. Жишээлбэл Хил хязгаарыг судлах хүрээлэнгийн талаас Монгол улсын шинжлэх ухааны академийн зарим хүрээлэнтэй хамтран, Хятад Монгол хоёр улс гадаад харилцааны түүхэн материалыг эмхтгэн найруулсан номууд гарсан юм. Эдгээр ажил хоёр улсын хүмүүнлэг, соёл боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээг тэлж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс "Нэг бүс нэг зам", "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил" зэрэг стратегийг хэрэгжүүлж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин, "Ардын сэтгэл бол хамгийн том улс төр" гэж хэлсэн шиг улс орнуудын харилцааг сайжруулахад ардын сэтгэл бол суурь, урьдач нөхцөл, гүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Иймээс сүүлийн жилүүдэд Хятадын шинжлэх ухааны академи, олон их дээд сургуулиуд, өөр өөрийн өвөрмөц салбартаа Монгол улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Ард иргэд хоорондын ойлголцоо, найрсаг сэтгэл зузаатгахын хирээр хоёр орны харилцаа улам бүр сайжирч байна.

Сурвалжлагч: Нээрэн танай ярьсан шиг хүмүүнлэгийн солилцоо хоёр орны дипломат харилцаанд бат бэх суурь тавьж өгч байгаа. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 7-р сарын 13, 14-нд Монгол улсад айлчлан, Монгол улсын Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын арга хэмжээнд оролцоно. Дээд давхаргын иймэрхүү хэлхээ холбоо хүмүүнлэгийн салбар, эрдэм шинжилгээ, соёлын хүрээний хамтын ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ?

Бао Шэнли: Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үед хоёр төрийн тэргүүн Хятад Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгожээ. Түүнээс хойш олон салбарын хамтын ажиллагаа улам эрчтэй хөгжиж, эрдэм шинжилгээний салбарт ч чухал ач холбогдол үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны шинжлэх ухааны академи, нийгмийн шинжлэх ухааны академи ч янз бүрийн хамтарсан арга хэмжээг зохион байгуулж байна. Би өөрөө ч 2006 он, 2011 онд Монголч эрдэмтдийн хурал, нүүдэл соёлын судалгаа зэргийн олон улсын хуралд оролцож байсан. Хоёр улсын дээд давхаргынхан байнга хэлхээ холбоотой байж, олон төсөл хэрэгжүүлж байгаа нь эрдэм шинжилгээний салбарт ч тусгалаа олж, үр дүнтэй хамтарч ажиллаж байна. Ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсад айлчилж, мөн АСЕМ-д оролцох гэж байгаа нь манай хоёр орны харилцаа, түүнчлэн эрдэм шинжилгээний солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Сурвалжлагч: За, дараачийн асуулт. Монгол улсын тухай өөрийн чинь сэтгэгдлийг сонсох хүсэлтэй байна. Дээр үед ӨМ-д Монгол улсын тухай, Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлсийг танилцуулсан сайхан баримтат кино байсан. Тэр кинонд та өөрөө хөтлөгчөөр явж байсныг би кино, телевизээс харж байлаа. Та Монгол улсаар их явсан хүн гэж ойлголоо. Монгол улсын талаарх ойлголтоо хуваалцана уу.

Бао Шэнли: Би Монгол улсад очих бүрт сайн сайхан сэтгэгдэлтэй байдаг. Тэнд илүү хэд хонохыг хүсдэг. Гэхдээ ажил төрөл зэргийн олон шалтгаанаас биелж чадаагүй. Монгол улсад жуулчлахыг би байнга хүсдэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийгэм тогтуун, хурдтай хөгжиж байна. Улаанбаатар хотноо шинэ шинэ барилга байшин босож байгаа нь сайхан санагдсан. 2004 оны үеэр би ӨМ-ын телевизтэй хамтарч, Монгол улсыг ерөнхийлөн танилцуулсан "Монголын аялал" хэмээх баримтат кино хийсэн юм. Одоо ӨМ-ын засгийн газар болон ССTV -9 суваг хамтран "Талын торгоны шинэ зам" хэмээх томоохон баримтат кино хийж байна. Одоо ажилтнууд мань дөрвөн баг болж, Орос, Монгол, Хятадын Хөлөнбуйр, Эрээн, Хөх хот зэрэг газарт зураглаж байна. Би өөрөө ерөнхий зохицуулалт хийж, эх бичгийг туурвин редакторлаж байна. Энэ киног зургаан анги, анги бүр нь тавин минутаар хийж, энэ оны эцсээр дуусгах төлөвтэй байна. Тус кинонд Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн хонгил байгуулахтай холбогдуулан, "Талын торгоны зам" дагуу нутгийн эдийн засаг, соёл, шинжлэх ухааны өв, үндэстнүүдийн харилцааг бодитой харуулж, бизнес худалдаа эрхлэх, сургуульд сурч байгаа зэрэг жирийн иргэдийн амьдралыг үнэн бодитоор үзүүлэх зорилготой баримтат кино юм.

Сурвалжлагч: Монголын хүн, байгалийг Хятадын иргэдэд таниулах талаар та ихээхэн ажил хийж, хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Энэ кино Монгол улсад цацагдах боломж байна уу?

Бао Шэнли: Боломж бүрэн байгаа. Киногоо бид Орос, Хятад, Монгол гурван хэлээр хийх гэж байна. Англи хэлээр ч орчуулахаар хөөцөлдөж байна. Талын торгоны зам дагуух нутгийн түүх соёл, иргэдийн харилцааг дэлхий дахинд түгээн танилцуулах нь бидний зорилго юм.

Сурвалжлагч: За, сайхан ажил хийж байгаа юм байна. Таны ажилд өндөр амжилт хүсье. Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе