• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

5 дахь өдрийн аялал буюу Жин Дэ Жэнь суурин

CRI       (GMT+08:00) 2011-04-25 09:26:19

     Үдээс хойших аялал Хятадын шаазангийн нийслэл гэгддэг Жин Дэ Жэнь сууринд үргэлжиллээ. Монгол сонсогчид та бүхэн "будаатай шаазан" гэж мэднэ дээ. Тэгвэл яг энэ газраас үйлдвэрлэгдэн гарч, эдүгээ дэлхийн хэмжээний Хятадын нэрийн хуудас болсон байна. Тус суурин Пө Ян хү экологи эдийн засгийн бүсийн гол бүрэлдэхүүн хэсэг, үндэсний байгаль түүх соёлын нэрт хот юм. Шаазан ваар хийж эхэлсэн урт удаан жилийн түүхтэй. Гоёмсог хийц загвартай гангар шаазан чухамдаа Хятад орныг дэлхий дахинд таниулсан байна. Аяллын цаг маш бага байсан тул олон газраар орох хөтөлбөрөө товчлоод шууд л Жин Дэ Жэний шаазан ваарны үндэсний музейд зочиллоо. Тус музей 1979 онд баригдаж эхэлжээ. Хамгийн гол зорилго нь шаазан ваар хийх уламжлалыг судалж, хүмүүст таниулах, улмаар технологийг хойч үедээ үлдээх, үүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгуулагдаж байсан бол эдүгээ өргөжин тэлж хүн бүр зайлшгүй очих газрын нэг болжээ. Тус музейд Мин, Чин улсын үеийн шатаах зуухнууд, шаазан ваар хийж ирсэн түүх зэргийг бичсэн байх бөгөөд энэ үеийн эртний 12 барилга байна. Одоогоор мужийн зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах байгууллага болсон, цаашдаа ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр өргөдлөө гаргаад байгаа гэнэ. Дашрамд дурдахад Чин улсын үеийн шатаах зуухыг дэлхийн хамгийн том зуух гэдгээр нь Гиннесийн номд оруулсан байна. Музейн дэргэд Хятадын үндэсний хөгжмийн хамтлаг байгуулж, жуулчдад тоглолт үзүүлдэг болсныг сонирхвол бүх хөгжмийн зэмсгийг шилэн шаазангаар урлажээ. Ер нь хотын гудамжин дахь бүхий л зүйл, ялангуяа шонгийн модыг ч тэр шаазангаар хийсэн нь их сонирхол татаж байлаа. Ингээд бид мөн л салхинд туугдсан мэт яарч сандарсаар Нань Чан хот руу хөдөлсөн юм. Учир нь мужийн дарга биднийг хүлээн авна гэнэ. Бодвол бүх сэтгүүлчдээс Жянши мужид хийсэн аяллын талаарх сэтгэгдлийг сонсох гэсэн бололтой. Үргэлжлэлийг маргаашийн дугаараас хүлээн аваарай. \Мөнхжаргал, Хүчитбаатар\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе