|
|
||
Хятадын Жянсү мужийн Хуаси тосгон байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хятадын Олон улсын радиогийн гадаад, дотоодын 25 сэтгүүлчдээс бүрдсэн баг 10 сарын 7-ны орой тус тосгонд ирлээ. Тус тосгонд ирэнгүүт Хятадын бусад тосгодоос ялгагдах онцлогууд нүдэнд шууд тусч байлаа.
Тосгоны өргөн чөлөөнд ирэхэд энд тэндгүй баяр хүргэсэн үгс, задгай талбайд зассан тайзан дээр нь ковбой малгайтай, орчин үеийн хэв маяг бүхий үндэсний хувцастай үзэсгэлэнт охид "Кандинг сэтгэлийн дуу "-г дуулж, бүжсэн нь холоос ирсэн зочдыг баяр ёслолын байдалтай угтан авч байгаа мэт. Гэтэл гэнэт дээгүүр онгоц нисээд л . . ирсэн зочдыг нэг хэсэгтээ л алмайрууллаа . Энэ юун вертолёт нисээд байнаа хэмээн хамт явагсдын нэгнээс асуувал "Энэ тосгоны вертолёт, нийт 2 ширхэг байдаг юм гэнэ лээ гэв.
Дараа нь бидний хэдэн сэтгүүлчдийг хоёр хоёроор нь тосгоны айлуудад хуваарилж эхэллээ. Биднийг тосгоны гүнд нь орж , бодит байдалтай танилцуулах гэсэн бололтой.
Миний бие Албаний сэтгүүлчтэй хамт нэг айлд хуваарилагдлаа. Гэрийн эзэн СОНАТА маркийн хөнгөн тэргээр салхи тауулан давхисаар нэгэн сараалжин хашаагаар орвол нэлээд хэдэн хаус бүхий хашаанд ороод ирэв. Ингээд бид нэгэн 3 давхар байшингийн үүдэнд хүрч ирлээ.
Яг л одоогийн манайхны Улаанбаатар дах Орчлон хотхонд ороод ирсэн мэт. . .
Бидний буудаллсан айлын гаднах байдал
Гэрт нь ортол цэлийсэн том зочдын өрөө урдаас угтана. Дотор нь том буйдан , LСD зурагт, урт үргэлжилсэн шат гээд ер нь нэг л шал өөр орчинд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа.
Зочны өрөө
Гэр доторх бүх л юм эмх цэгцтэй, маш цэвэрхэн , гял цал байгаагаас ажиглахад гэрийн эзэгтэй нэлдээ ажилсаг, шаламгай нь бололтой.
Гэрийн эзэгтэй гал тогооны өрөөндөө
Ингээд намайг 2 давхарт байрлах охиныхоо өрөөнд оруулав. Охин нь одоохондоо Үүши хотод худалдааны сургуульд сурч байгаа аж. Ингээд би охиных нь өрөөг "эзгүйчлэх" болов.
Энд нэг юм ажиглагдсан нь байшинг барьсан материалуудын чанартай нь харваас илт. Угаалгын өрөө, унтлагын өрөө, бусад зочдын унтлагын өрөө маш том цэлгэр, шатаар нь алхаад явахад айлд бус зочид буудалд буусан мэт. Ер нь иймэрхүү хаус барихад хэдий хэрийн мөнгө зарцуулсан болтосгоны хэдэн иргэдэд тараасан юм бол, нийт хэдий хэр их мөнгө зарцуулсан юм бол гээд янз бүрийн гайхширсан бодол орж ирж байлаа.
Ингээд гэрийн эзэгтэй болох Үү Яапинтэй хөөрөлдлөө. Эднийх энэ тансаг хаусандаа эхнэр, нөхөр, хүү, охинтойгоо 4-үүлээ амьдардаг. Гэрийн эзэн Чөн Линхуа хөнгөн цагааны үйлдвэрт ажилладаг. Эхнэр нь оймсны үйлдвэрт ажилладаг. 2008 онд энэ хаусанд шинээр нүүж ирсэн.
Хаусын эзэн гэр бүлийн хамт
Энэ хаусыг тосгоноос тэднийд хуваарилж өгчээ. Ер нь бүх айлуудын байшинг тосгоноос хуваарилж өгсөн бөгөөд үр хүүхдүүд нь хүртэл үргэлжлэн амьдран сууж болох ажээ. Гол онцлог нь хаусыг өөрийн дураар зарж борлуулж болохгүй ажээ.
Тосгоныхон ер нь 7 хоногийн 7 өдөр ажиллана. Амралтын өдөр гэж байхгүй. Бидний сууж байсан айлын эхнэрээс "Та нар амралтын өдөргүй ажиллаад байхаар ядардаггүй юу "гэж асуухад, "Ийм өндөр настай манай намын дарга бидний төлөө ийм их юмыг хийж бүтээж өгсөн , одоо ч гэсэн ажиллаж байхад бидэнд ядарч зүдэрсэн гэх эрх байхгүй. Одоо бид ирээдүйн амьдралдаа санаа зовохгүйгээр, амар тайван амьдарч байна. Энэ бол тосгоны маань хуучин шинэ дарга нарын маань гавьяа. Тэднийхээ удирдлаган дор урдах ажлаа хийгээд л явж байвал боллоо. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна хэмээн томоос том буйдан дээрээ тухлан суугаад зурагтаа үзэнгээ ийнхүү хариуллаа. Үнэхээр ч санаа дагаад ч тэр үү, эзэгтэйн хацраас улаа бутраад, нүд нь гэрэлтээд их л сэтгэл хангалуун байгаа нь илт.
Хүү Үү Мөнгян нь дунд сургуульд сурдаг. Өглөө хичээл нь 6:20-д ордог болохоор үүрийн 5 цаг өнгөрөөж босно. Тэгээд орой 5:30-д тарна. Ингэж сургуульд явах нь хүүхдийг хэт ядрааж байгаа юм биш үү?" гэхэд "Одоогийн боловсролын системийг яалтай билээ дээ, орчиндоо зохицохоос өөр арга байхгүй, дээр нь хүүхэд бас багаасаа юм үзнэ, тэсвэр хатуужил сууна " гэв.
Энэ бүхнээс харахад Хуаси тосгоныхон томчуул, хүүхэдгүй их ажилсаг хичээнгүй, цагийг ихэд чухалчилж , хүүхдийг багаас нь хөдөлмөрч хичээнгүй занд сургахыг чармайцгаадаг юм байна.
Эдний хаус нь 3 давхар, 500 мкв талбайтай, Эхнэр, нөхөр хоёр хоёулаа тус тусдаа нэг машинтай. Ер нь ойр хавийн хөрш айлууд бүгд 2 машинтай нь харагдсан юм.
Гэрийн эзэгтэй хэлэхдээ
Хуаси тосгонд амьдрахад их тайван, манай тосгоныхон гадагшаа гарч ажил хийх ямар ч шаардлагагүй. Тэр байтугай ойр хавийн тосгон, сианаас ирсэн хүмүүс Хуаси тосгонд ирж ажил хийдэг ажээ. Гадаадад сургууль төгссөн залуучууд чХуаси тосгондоо эргэж ирж ажиллаж, амьдарч байна. Гэрийн эзний танилцуулснаар зөвхөн өөрийнх нь жилийн орлого сая гаруй юань, үүнд нь цалингаас гадна тосгоноос иргэддээ ашиг хуваадаг нь орж байгаа юм.
Ер нь Хуаси тосгон нь
Хятадын бусад тосгоноос ялгагдах онцлог нь иргэд нь хаустай, 2-3 машинтай, чинээлэг сайхан амьдардаг, дээр нь ихэнх байшингууд нь шинэхэн, барилгын хийц загвар нь европи, ази маягийн гээд янз бүр, барилгын материал нь чанарлаг. Амьдралдаа сэтгэл хангалуун, санаа зовох юмгүй болоод ч тэр үү, хүмүүсийн царай нь өнгөлөг, гэрэлтэж харагдаж байсан юм.
Ингээд бид ачаагаа хөнгөлсний дараа гарч Хуаси тосгоны 50 жилийн ойн хүндэтгэлийн оройн зоогонд уригдлаа. Зоог дээр Хятадын АТИХ-ын хорооны орлогч дарга Жан РөДи " Хуаси тосгоны өнөөгийн их амжилт нь ХКН-ын мэргэн жолоодлогын дор явагдсаны үр дүн юм" гээд 50 жилийн турш тосгонг удирдаж явсан гавьяатай, 84 настай Үү Рэнбао-д цагаан хадаг, өөрийн дүрийг нь хадсан танка зураг дурсгав.
Хятадын АТИХ-ын хорооны орлогч дарга Жан РөДи Үү Рэнбао-д танка зураг дурсгаж байгаа нь
Дараа нь бяцхан урлагийн тоглолт болж өнгөрсөн юм. Урлагийн тоглолт дээр Сүн Үүкүнг харуулсан нь тус тосгоны хөгжилтэй холбоотой ажээ. Хүүхдүүдийн дуртай баатруудын нэг Сүн Үүкүн сармагчин 12 янзаар хувирч чаддаг, тэгвэл Хуаси тосгоны өөрчлөлтийг Сүн Үүкүнтэй жишин харуулжээ.
Урлагийн тоглолтоос
Хуаси тосгоны ирээдүйн "10 төгөлдөршил" төсөл Өглөө бид гэрийн эзний хүүгийн адил 5:30-д босч дараа нь Хуаси тосгон байгуулагдсаны 50 жилийн ойн баярын үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцлоо. Нээлтийн ёслолд Хятадын Төвөөс болон Жянсу муж, тосгоны удирдлагын төлөөлөгчдөөс гадна Ройтерс, Форбес, ССТV, Синхуа гээд дотоод, гадаадын 50 гаруй орны 170 гаруй мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлчид тус үйл ажиллагааг сурталчлахаар ирсэн байлаа. Мөн баярын хурлыг хөтлөхөөр Сянганы телевизийн нэрт хөтлөгч Үү Сяоли уригдан иржээ. Эндээс энэхүү үйл ажиллагааны нэр хүнд, цар хүрээ нь, хэр том гэдгийг харуулж байна.
Хуаси тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Үү Сие-Өн нээлтийн ажиллагаан дээр
Нээлтийн ёслол дээр тус тосгоны намын хорооны дарга Үү Сие-Өн үг хэлж, дараа нь тус тосгоны цаашид хэрэгжүүлэх 10 төслийн нээлтийг мөн хийлээ. Тосгонд гадна , дотны нийлээд 50 мянга гаруй хүн оршин суудагба нээлтийн үйл ажиллагаанд 10 мянга гаруй хүн оролцжээ.
Дараа нь сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал болов. Хэвлэлийн бага хурал дээр Хуаси тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга асан Үү Рэнбао, түүний хүү болох Үү Сие-Өн болоод бусад удирдлагууд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Хамгийн эхний асуулт мэдээж Хуаси тосгоны өнөөгийн амжилтын гол нууц юу болох тухай. Энэ асуултад Үү Рэнбао хариулахдаа, Бид Хятадын онцлогтой социалист нийгмийг байгуулахыг зорьж, ард түмнээ элбэг дэлбэг, чинээлэг сайхан амьдралтай болгохын тулд боловсролоор суурилж, үлгэр жишээг даган, хөдөлмөрийг шүтэн биширч, 50 жил зүтгэсний хүчинд Хуасигийн өөрийн гэх онцлог бүхий замналыг бий болгосон хэмээв.
Тус тосгонд шилжин ирэгсдэд ямар хөнгөлөлттэй бодлого явуулдаг вэ, гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, тосгонд ирж ажил хийж байгаа хүмүүст бид нутгийн хүмүүстэй ижил цалинг өгдөг, ямар нэгэн ялгаа байхгүй, зарим нь нутгийн хүмүүсээс ч илүү цалин авдаг. Гол нь бид хүмүүсийн чадварыг харгалзан үзэж цалинг тогтооно гэлээ.
"Хуаси тосгоны хүмүүсийн амьдралын чинээлэг байдлыг бид нүдээрээ харлаа. " Тэд чухам ямар замаар орлого олдог вэ гэх шулуун гэмээр асуултад манай тосгоны иргэд 3 замаар орлого олдог гэлээ. Үүнд, нэгдүгээрт, социалист нийгмийн "хийснийхээ хирээр хүртэх" зарчмын дагуу цалинждаг. Хоёрдугаарт, капиталист нийгмийн хөрөнгийн ашгийг хуваарилах зарчим , гуравдугаарт, коммунист нийгмийн хэрэгцээний хэрээр хуваарилах эдгээр 3 замаар амьжиргааныхаа гол эх үүсвэрээ болгодог гэлээ .
Эндээс харахад тосгоны удирдлага янз бүрийн нийгмүүдийн аль л дэвшилттэй арга зарчмыг өөрийн тосгоныхоо онцлогт тохируулан авч бодлогодоо хэрэгжүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байлаа. Ямар сайндаа Солонгосын сэтгүүлч "Хуаси социализмыг байгуулаад байна уу эсвэл капитализмыг байгуулаад байна уу гэж асууж хүмүүсийг инээлгэхэв дээ.
Эцэст нь тус тосгоны намын хорооны дарга Үү Сие-Эн ирээдүйд хэрэгжүүлэх 10 том төслийн талаар танилцуулав. Үүнд нэгд, далайн ложистик, тус тосгон нь Сянганд бүртгэлтэй далайн тээврийн компанитай, одоогоор тосгоны мэдлийн 5 хөлөг онгоцтой, дээр нь шинээр 8 -ыг худалдаж авсан. 12-р 5 жилийн хугацаанд нийт тээвэрлэлийн хэмжээг 1 сая 50 мянган тн-д хүргэж , жилдээ нийт 4 сая тн ачааг тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
2 дах том төсөл болох далайн төсөл нь Хятадын далайн тэнгисийн газрын тосны ерөнхий компанитай хамтран далайн гүүр, далайн газрын тосны тавцанг барих төсөлд хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ. 4500 тн хүнд даацын усан онгоц, 6000 ширхэг ажлын онгоц, 900 тн-ы өргөгч онгоцыг удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. 3 жилийн хугацаанд 300 метрийн гүнд дотооодын далайн төслийн угсралтын хөлөг онгоцны компанийг байгуулна.
3 дах төсөл болох Лунг Си таван одтой олон улсын зочид буудал , энэ зочид буудлын талаар дараа дэлгэрэнгүй танилцуулах болно.
4 дэх төсөл болох агаарын компани, Хуаси тосгонд агаарын дээд сургуультай хамтран салбар сургуулийг байгуулж, агаарын зорчигч тээврийн мэрэгжилтэнг бэлтгэнэ. 5 дах төсөл болох агаарын жуулчлал. Тус тосгон нь Америк, Францаас 2 ширхэг вертолёт худалдан авч Хуаси тосгоны үзэмжийг агаараас шимтэн харах боломжийг жуулчдад олгож байгаа юм байна. Биднийг ирэхэд байсхийгээд л тэнгэрт вертолёт нисээд байсан нь тийм учиртай юм байна лээ. Ирэх 10 жилд вертолётын аялалын томоохон зах зээлийг бий болгоно гэж төлөвлөж байгаа юм байна лээ. 6 дах том төсөл нь: Уулын ойн усжуулалт. Автомат удирдлагатай төхөөрөмжийг уулын ойд байрлуулж, нийт 1200 м газрыг усжуулах юм байна. Энэ нь уулын ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ бас тосгонд нэгэн үзэмжийг нэмэх ажээ. 7 дах том төсөл нь нийлэг гангийн үйлдвэрлэл: Дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан энэ жил улсдаа анх удаа шинэ технологиор жилдээ 300 мянган тн нийлэг ган үйлдвэрлэх дамжлагыг ашиглалтанд оруулсан байна. Ердийн гангийн үнэтэй хартцуулахад 2 дахин хямд ажээ.
8 дах том төсөл нь: Эрчим хүчний шинэ нээлт: Өөрийн тосгоны бренд, давуу талаа ашиглан бусад газруудтай хамтран хөрөнгө оруулалт хийж байна. Шинян, Гүйжоу мужаас 5 үйлдвэрийг худалдаж авсан. 9 дэх том төсөл нь: Бэлэн барааны солилцоо: Үүнд, үйлдвэрийн бүтээгдхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн, уул уурхай, нэхмэл, металл, механик тоног төхөөрөмж зэрэг томоохон бараа бүтээгдэхүүнийг солилцоог хийж байна. Ирэх жил 50 тэрбум юаны бараа солилцоог хийхээр төлөвлөөд байна. Хамгийн сүүлийн төсөл болох шинэ хотын байгууллалт: Ирэх 5 жилд Хуаси тосгоны хотжилтын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчтэй хийхээр төлөвлөөд байгаа ажээ.
Тэд дээрх 10 төслөө "10 төгөлдөршил" хэмээн нэрлээд байгаа ажээ.
Пакистаны мэдээллийн агентлагийн сэтгүүлч Хуаси тосгоны хөгжлийн туршлагыг Пакистанд авч хэрэгжүүлж, уг тосгонтой хамтран ажиллах талаар асууж байлаа. Ингээд хамгийн сүүлд Хуаси тосгоны КН-ын хорооны нарийн бичгийн дарга Үү Рэнбаогийн бага хүү болох Үү Сие-Өн хэлэхдээ, бид одоо социализмын дунд шатыг байгуулаад байна. Бидний холын мөрөөдөл бол коммунизмыг байгуулах гэж нүдэндээ оч гэрэлтүүлэн итгэл төгс ярьж байлаа.
Хуасигийн онцлогууд
Энэ өдөр бид Хуаси тосгоны өндөр технологийн экологийн парк дээр ирлээ. Машинаас буунгуут 2 монгол гэр, үүдэнд нь сойсон 2 намхан морь нүдэнд минь шууд тусч, Хятадын өмнөд нутгийн нэгэн тосгонд монгол гэр, морийг олж харах тухай зүүдлээ ч үгүй явсан надад сэтгэлд нэг л дулаан, ойр санагдаж билээ. Тэгтэл эдгээрийг ирсэн гийчдэд сонирхуулах зорилгоор тавьсан бололтой. Экологийн паркийн хажууд монгол гэр, морийг байрлуулсан нь тэдгээрийн байгальд хамгийн ээлтэй, хоргүй экологи шинжтэй холбоотой ч байж магадгүй юм.
Цэцэрлэгээр орвол бидний амтархан идэх дуртай жимс, ногоог том гэгч хүлэмжинд тарьсан байлаа. Үүнд, банан, помидор, ананас, үнэртэн гоо сайхан хийдэг мод, амтат гуа, кактус, тэр байтугай кофе хүртэл тарьсан байлаа.
Энэхүү экологийн паркийн гол онцлог нь ямар ч химийн бордоо хэрэглээгүй, органик бордоогоор бордсон аж. Яг одоо дэлхий дахинаараа яриад байгаа ногоон үйлдвэрлэлийг энд харлаа. Гэхдээ энэ нь зөвхөн ирсэн гийчдэд сонирхуулах журмаар байгуулсан ажээ. Химийн бордоо нь хурдан, том ургуулдаг, харин органик бордоог хэрэглэвэл удаан, байгалийнхаа хэмнэлээр ургана гэж хамт явсан нутгийн хүн ярилаа. Уг нь органик бордоогоор бордсон жимс ногоог сэтгэл амар идэх л юм, даанч энэ олон хүнийг хоолоор хангахын тулд химийн бордоог зохих ёсоор хэрэглэхээс өөр аргагүй гэж нутгийн хүн учирлалаа.
Энд хамгийн их анхаарал татсан зүйл аварга том гуанууд байлаа. Хамгийн том нь энэ жил хурааж авсан 230, 260, 290 бүр 306 жингийн том гуа ургасан байлаа.
306 жинтэй нангуа
Хуаси тосгоны бас нэг онцлог бол Бээжинд байдаг Түмэн газрын цагаан хэрэмийг дуурайлгаж хийсэн Түмэн метрийн Цагаан хэрэм гэгч байдаг ажээ. Тэнд очиход уулын орой дээрх Шанхай гуан хэрмийг олж харж болно, мөн Австралийн Сиднейн театрыг бас дуурайлгаад барьсан байлаа.
Түмэн метрийн Цагаан хэрэм
Голын эрэг дээр харин өнөөх 2 вертолёт буудал дээрээсээ жуулчдыг суулган ийш тийш нисэж харагдана. Энд нэгэн төрлийн паркад ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Нэг хүн нэг удаа суухдаа 1000 юань төлж , Хуаси тосгоны үзэмжийг дээрээс харж болох аж.
3, 2,1 . . . 0 Газардлаа
Хуаси тосгоны цорын ганц сургуультай танилцах завшаан бидэнд тохиолдлоо. Тус сургууль нь 2007 онд 130 сая юаний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Урьд байсан хэдэн бага сургуулиудыг нэгтгэсэн ажээ. Дөнгөж баригдаад 4 жил болж байгааг хэлэх үү, сургуулийн доторх анги танхим нь шинэхэн, цэвэрхэн. Доторх зохион байгуулалт сайтай. Биеийн тамирын талбайг тохижуулахад 800 мянган юаны хөрөнгө оруулалт хийсэн. Хоолны газар нь л гэхэд 3 давхар том байшин, хичээлийн 6 том байртай, 200 орчим багштай, 3000 гаруй сурагчидтай.
Сургуулийн компьютерийн өрөө
Тус сургуулийн багш нарын цалин жилд дунджаар 80 мянга гаруй юань , тосгоны бусад иргэдийн адил хаусанд амьдардаг. Энэ бүхнээс харахад тус тосгоны захиргаа боловсролын салбартаа ийм их хөрөнгө оруулж дэмжиж байгаа нь тосгоны ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролыг ихэд анхаардагийг илэрхийлж байлаа. Энэ нь ч тус тосгоны хөгжлийн түлхүүрүүдийн нэг бололтой. Сургуулийн ханан дээр нь хүртэл тус тосгоны шүтээн болсон Үү Рэнбао настны хэлсэн "Мөнгөний сав нь түнтийж дүүрсэн ч хүүхдийг мартаж болохгүй " гэсэн үгийг томоос том бичсэн байлаа.
Сургуулиас гарах замд шив шинэхэн Кадиллак маркийн машиныг үүдэндээ сойсон байв. Тосгоны сургууль гэхэд манай Монголын дээд сургуулиас ч илүү их хичээлийн байртай, багш нарын ихэнх нь хувьдаа машинтай, аргагүй л Хуасигийн онцлог юм даа.
Хуаси тосгоныхны бас нэгэн бахархал бол Алтан цамхаг .
Цамхагийн үүдээр оронгуут "Цагаан хэрмэн дээр гараагүй хүнийг эр хүнд тооцохгүй, харин Алтан цамхаг дээр гараагүй хүн бүр ч харамсмаар" хэмээн бичжээ. Уг цамхаг 15 давхар, ерөнхийдөө зочид буудал юм байна лээ. Орой дээр нь гарвал тосгоны ерөнхий байдлыг харж болох ажээ.
Лунг Си олон улсын зочид буудал баригдахаас өмнө энэ л буудал гадны зочдыг хүлээн авдаг байсан байна.
Лунг Си олон улсын зочид буудал
Хуаси тосгоны 50 жилийн ойгоор албан ёсоор нээлтээ хийсэн уг таван одтой, тансаг зочид буудал нь 74 давхар, нийт өндөр нь 328 метр. Өндрөөрөө дэлхийд 15-д , Хятаддаа 8-д орох бөгөөд 3 тэрбум юаний хөрнгө оруулалтаар 3 жилийн хугаацаанд барьж дуусгажээ.
Хуаси тосгоны үргэлж урагш тэмүүлэх, дээшээ дэгжиж дээшлэхийг бэлгэдсэн ажээ. Яагаад заавал 328 метр өндөр вэ гэхээр "Бээжингийн хамгийн өндөр барилга 328 метр, бид КН-ын Төв хороотойгоо санаа нэгтэй байгаагаа илэрхийлэх гэж энэ тоог сонгосон юм" гэж Үү Рэнбао дарга хэлж байжээ.
Нэг давхрын хоолны заал
3000 хүний багтаамжтай зочид буудал маань олон улсын таван одтой зочид буудлын стандартыг хангахаас гадна бусад буудлуудаас ялгагдах онцлог нь тус бүр нь нэг тонн жинтэй, алт, мөнгө, зэс, төмөр, цайраар цутгасан үхрийг дүрсийг байрлуулсан байлаа.
60 давхарт байрлуулсан алтан үхрийн цутгамлыг сонирхохоор ороход тэр давхар нь тэр чигээрээ алтлаг өнгөтэй байлаа. Мөн энэ давхарт нь ерөнхийлөгчийн люкс өрөөнүүдийг байрлуулжээ.
Алтан үхэр
Мөнгөн үхэр байрлуулсан давхарт гарахад тэр чигээрээ мөнгөлөг өнгөтэй байлаа.
Мөнгөн үхэр
Гэх мэтчилэн ямар материалаар үхрийг цутгасан байна, тэр давхрыг нь тухайн материалаар чимэглэсэн байх жишээтэй. Ер нь ажиглаад байхад Хуаси тосгонд та очвол хаа сайгүй үхрийн дүрс бүхий цутгамалтай тааралдах болно. Учир нь Хуаси тосгон нь одоогоос 50 жилийн өмнө буюу 1961 оны үхэр жил байгуулагджээ. Үхэр гэдэг амьтан тэвчээртэй, ажилсаг, үнэнч гээд сайхан чанаруудыг шингээсэн байдаг учраас энэ амьтныг ихэд хүндэлдэг ажээ.
Байшингийн хамгийн дээд давхрын бөөрөнхий хэлбэртэй ресторан нь 1000 хүний багтаамжтай, сууриараа эргэдэг, хоол идэнгээ Хуаси тосгоны эргэн тойронг тольдон харах боломжтой.
Нэг тосгонд ийм нүсэр зочид буудал барьдаг нь яаж байгаа юм бол гэж бодож байтал уг тосгонд жилд дунджаар гадаад, дотоодын 2 сая гаруй жуулчин ирдэг юм байна. Жуулчлалын салбарын орлого нь 200 сая юань. Тэгэхээр ирээдүйтэй салбар болох жуулчлалыг хөгжүүлэхэд ийм тансаг зэрэглэлийн зочид буудлыг барьсан нь цаг үеэ зөв мэдэрсэн, алсын хараатай зөв бодлого юмсанж. Уг зочид буудлын хамгийн хямдхан өрөө нь өдрийн 2000 гаруй юань, хамгийн өндөр үнэтэй нь 100 мянга орчим юань. Хэрэв та Хуаси тосгонд ирвэл заавал үзэх зүйлийн нэг нь энэ олон улсын зочид буудал шүү.
Ерөнхийлөгчийн өрөөн дэх ванны өрөө
(Мэдээл лийг Б.Мөнхтуул, Хуаси тосгон )
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |