• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн амьтны хүрээлэн

CRI       (GMT+08:00) 2011-11-01 17:30:52

      Бээжинд ирсэн гадаадын зочид Зоо парк буюу амьтны хүрээлэнг нь үзэлгүй буцах нь тун ховор гэнэ. Яагаад гэвэл энэ байгууллага өнө эртний түүхтэй, өчнөөн мянган амьтантай учраас.

 

     Энэхүү хүрээлэн бүр 1906 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 500 төрөл 5000 гаруй амьтан буюу үзмэртэй. Хулсны баавгай буюу Панда", хойт нутгийн бар,Мехсикийн усны үхэр, Америк тивийн ирвэс, Африкийн заан, имж гээд энэ дэлхийн бүх амьтдыг эндээс үзэж болно. Та хэрэв энэ дэлхийн олон төрөл амьтдыг үзэх хүсэл сонирхолтой бол таван тивийг тойрох шаардлагагүй. Ердөө л энэ амьтны хүрээлэнг эхнээс нь дуустал үзэхэд нэгэн зорилго тань гүйцэлдэх нь тэр. Зөвхөн амьтныг үзээд зогсохгүй тухайн амьтан ямар орчинд амьдардаг вэ гэдгийг ерөнхийд нь мэдээд авна. Энд усны амьтдад зориулсан хиймэл нуур цөөрөм, уулын амьтдад зориулсан шивэр ширэнгэ бүхий уул, агуй хонгил, нүх оромж гээд тэр л амьтан ямар орчинд амьдардаг байсан тэр л орчныг нь бүрдүүлж өгсөн байгаа.Тэгэхлээр бүр ч илүү сонирхолтой буюу та хоёр өөр зүйлийг тавтай сонирхож болно.

     Бээжингийн амьтны хүрээлэн харьцангуй хотынхоо төвд байрлана. Тухайлбал хоёрдугаар тойргийн баруун хойт хэсэгт Шижимэний зүүн тал, Бээжингийн үзэсгэлэнгийн ордон болоод Москва рестораны баруун талд орших тул очиход төвөг багатай. Харин бүхэлдээ 90 га газрыг эзлэн орших тул нэгэн өдөр нэлээд алхах хэрэг гарна. Гэхдээ төрөл бүрийн сонирхолтой амьтдыг үзэн явахад цаг өнгөрч байгаа болон ядарч яваагаа мэдэхгүй. Харин гараад ирэх үед цаг орой болж хөл чилсэнийг мэдрэнэ дээ.

     Амьтдын хүрээлэнгийн амьтад бол нэгэн талаар үнэхээр жаргалтай. Энэ араатны хаан арслан барсууд гэхэд л хоол тэжээл хайж гэтэж мяраан, үсэрч харайхын зовлон байхгүй. Өөрсдийнх нь физиологийн хэрэгцээг бүрэн хангах махыг цаг цагтаа хүртчихээд ингэсхийгээд л хажуулсан шигээ байна шүү дээ.

     Манай оронд бол уулын хадан цохионы оройд л бараагий нь холоос харвал аз завшаанд тооцогдох аргал, янгир, бараагаа тоосоороо л үзүүлдэг хулан тахь маань таны гараас улаан лууван, цагаан талх хүртэнэ. Яг монгол хүний хувьд бас л сонин ч юм шиг, бүр огт сонирхолгүй ч юм шиг санагдаж мэдэх.

     Бүр цаашилбал зовлонтой байгаа болов уу гэмээр амьтад ч бас таарна л даа. Жишээ нь тэнгэрийн амьтан гэдэг уулын хүрэн бүргэдийг та харж байна. Хадан цохионд үүрийг нь засаж, суух модыг нь босгоод өгсөн ч тэнгэрээс тороор тусгаарлачихдаг нь даанч хөөрхий. Байсхийгээд л далавчаа дэлгэх нь нисэн одож чадахгүй дээ гунихраа болов уу зүгээр л биеийн чилээ гаргаж нисэх дадлаа мартахгүйн тулд сургууль хийж байгаа болов уу.

     Намайг наашаа явахад өмнө нь энд сууж байсан нэгэн нөхөр маань Амьтны хүрээлэнд ганц гоё ширээ шар ат байгаа. Одоо бараг хөгшрөөд байхгүй болоо байх. Монгол амьтан тэрл байх шиг байдаг юм чи үзээдхээрэй гэж билээ. Тэгсэн байнаа. Хоёр бөх нь уначихаж. Зайлуул нэлээд уйтгарлаж байгаа бололтой уруулаа унжуулан зогсож байгаа нь энэ. Тэмээ бол хавар намрын цагт өдөрт дор хаяхад 30 километр дураараа хаашаа ч хамаагүй алхаж хаа нэг бут бударгана таслаж явдаг юм. Тэгж явахгүй болохоороо тарга тэвээргээ маш муу аваад өнгө зүс нь хүртэл муухай болчихдог юм хэмээн Монголын хамгийн олон тэмээтэй малчин Цэрэнхорол нэг удаа хэлж байсан нь санаанд орж байлаа. Энэ хөөрхий тэгж явмаар санагдаж байгаа болов уу эсхүл нөхцөл байдалдаа дасаад хөдлөхөөс ч дургүй нь хүрдэг болоо болов уу.

   Энэ мэт сонин юмыг ургуулан бодъё, гайхаж сонирхоё гэвэл Амьтны хүрээлэнг нэг сонирхоорой. Одоо зарим амьтны хөргийг сонирхоно уу

     Бээжингийн амьтны хүрээлэн улсынхаа 4 А зэрэглэлийн аялал жуулчлалын газар бөгөөд жилд 6 сая хүн үздэг аж. Бас дэлхийн 50 гаруй улсын амьтдын хүрээлэнтэй ажил төрлийн холбоотой. Энд дэлхийн олон улс орны удирдагчид, нэрт хүмүүсийн ирүүлсэн 500 гаруй ховор сонин амьтан бас бий. БНХАУ-даа хамгийн эртний бөгөөд хамгийн томд тооцогдох энэ амьтны хүрээлэн үзмэрийн газар төдийгүй эрдэм шинжилгээ сургалт судалгаа, туршилтын нэн том төв юм. Энд дэлхийн олон зүйл амьтдыг үржүүлэн өсгөх олон талт ажил хийгдэж байгаа бөгөөд устах аюулд тулаад байсан Хулсны баавгайг 1963 онд анх энэ хүрээлэнд зохиомол орчинд дасган амьдруулж эхэлсэн бол 1978 онд зохиомлоор үр төлийг нь авч 1992 оноос өсгөн үржүүлж эдүгээ төрөл зүйлийн хувьд устах аюулыг нэгэнт арилгажээ. \С . Баяндорж, Н Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе