• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн хавар

CRI       (GMT+08:00) 2012-04-09 15:11:58


Хаврын уянга


Модон бадам цэцэгс хаврын салхинд найгана.

     Жил бүрийн 4 сарын эхээр буюу Ханш нээх өдрүүдээр Хятад улс даяараа амарцгаадаг. Энэ өдөр хүмүүс хорвоогоос халигсдын булш бунхныг эргэж тойрч тэднийгээ эргэн дурсдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Ялангуяа бидний оршдог Ба Бао Шаны хувьд дээрх дүр зургийг бүр ч олонтаа харж болно. Учир нь энд Бээжингийн томоохон оршуулгын газар байдаг юм. Энэ үеэр хөл хөдөлгөөн ихсээд ирэхээр машины түгжрэл үүсэх байх гэж байсан миний таамаглал харин буруу байлаа. Хятадууд угийн аливаа үйл ажиллагааг хийхдээ эртнээс төлөвлөж зохион байгуулдаг юм болохоор замын түгжрэл гээч хүндрэл ер гарсангүй.


Цэрэг болох дуртай Г. Пүрэв-Очир хаврыг угтаж байгаа нь

      Харин бидний хэдэн гадны мэрэгжилтнүүдийн хувьд энэ өдөр ойролцоох цэцэрлэгт хүүхдүүдээ дагуулаад дулаан цаг ирж буйг нүдээр харж биеэр биеэр мэдрэх сайхан завшаан тохиосон юм. 

     Түмэн бодис дэлгэрч, хамаг амьтад ичээнээс хөдөлдөг энэ үе бол хүмүүн заяат бидний хувьд ч хүн малын зоо тэнийсэн сайхан улирал, нөгөөтэйгүүр өвөл гэгч хахир хүйтний давааг өнтэй давснаа тэмдэглэж буй мэт.


Г. Пүрэв-Очир хүү найз нартайгаа хамт цэцэрлэгт хүрэлээнгээр тойрч зугаалав.

     Цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороход энд тэндгүй цэцэг алагласан модод хараа булаана. Монголд бол модод өдийд ийм томоор цэцэглэхгүй л дээ. Миний мэдэхийн хүүхэд байхад хавар монос цэцэглэдэг байсан санагдаж байна. Хүү маань баланд дурласан зөгий адил тэдгээр янз бүрийн цэцэг алагласан модод дунд ийш тийш гүйлдэнэ. Тэгэхнээ хүүгээ нээрээ ойрд гадуур дагуулж салхинд гараагүйгээ саналаа. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа болохоор том хүн гэлтгүй хүүхдүүд тэнгэр дулаараад ирэхлээр гэртээ тогтохгүй аль болох гадаа тоглох гээд байдаг. Манай хүү ч мөн адил надаас "Ээж ээ, одоо гадаа хэдэн ч цаг тоглосон даарахгүй , тийм ээ, " хэмээн нүдэндээ баярын оч гэрэлтүүлэн хэлж байсан юм.

     Бээжингийн хаврын нэг нийтлэг тал нь салхи, хавсарга их байх юм. Гэхдээ учиргүй шороогоор шуураад байхгүй юм. Энэ нь мод ахиухан тарьж, цэцэрлэгжүүлэлтээ сайн хийж байгаатай холбоотой байх. Энэ жил мөн хотын орчимд нэмээд 13,333 га талбайг цэцэрлэгжүүлнэ гэж байгаа.


"Хавар ирлээ шүү, хүмүүс ээ`!"

     Зарим талаар зуныг санагдуулам өнгө алагласан мод, цэцэгсийн дунд алхтал манай Монгол улсын уран бүтээлч Амгалангийн урласан "Зэрэглээн дундах тэмээ" шууд л нүдэнд минь туслаа. Монголоос өөр оронд монгол хүний бүтээл байгааг олж харахлаар би өөрөө монгол хүнийхээ хувьд цээжинд минь нэг юм дээшээ огшоод л ирж байна лээ. Говийн зэрэглээн дундах тэмээг холоос харахад яаж харагддаг билээ, яг л тэгж сэтгэж урласан байлаа. Тэрхүү зэрэглээний үелзлийг олон давхар шилээр хөндлөн байрлуулж хийсэн нь үнэхээр үнэмшилтэй болгож гаргасан байна лээ. Үнэхээр бахархах сэтгэл төрсөн шүү.

"Үүнийг манай монголын уран бүтээлч хийсэн юм" хэмээн хамт яваа Малайз, Хорват, Африк мэрэгжтилтнүүдэд танилцуулахад өөрөө хийсэн юм шиг бахдалтай санагдаж билээ.

Монголын уран бүтээлч н.Амгалангийн "Зэрэглээн дундах тэмээ" нь цэцэрлэгт хүрээлэнд говийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг нэмж байв.


"Оросын уран бүтээлчийн урласан шувуу шиг нисч чадна" хэмээн Г.Пүрэв-Очир хүү Малайз найз Дамиятайгаа хөөрцөглөв.

      Бээжинчүүдийн бас нэг онцлог хаврын салхинд цаасан шувууг том жижиггүй тавьж нааддаг нь надад үнэхээр таалагдаж билээ. Учир нь ялангуяа суудлын ажилтай мань мэтийн хүмүүст хүзүү, нурууны өвчин тусахаас урьдчилан сэргийлэхээс гадна сэтгэлийг бас их сэргээж өгдөг юм байна лээ.


Цоморлигоо дэлгэж буй модон бадам цэцэгс нарны гэрэл өөд тэмүүлнэ.


Бээжинд бас нэгэн "цэрэг морьдын олдворыг ухаж гаргав". Эдгээр цэрэг эрсийн баримлыг холоос харахад дайнд мордох гэж буй цэрэг эрс мэт үнэхээр үнэмшилтэй харагдаж байв.


Оросын уран бүтээлчийн урласан чулуун сийлбэрийн өвөрмөц дүрс цэцэрлэгт хүрээлэнтэйгээ зохицсон гэж жигтэйхэн.

      Намуухан, навч цэцэг алагласан цэцэрлэгээр алхалж явахдаа манай монголд нэг иймэрхүү амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэнг байгуулбал ялангуяа хүүхэд, хөгшчүүл ямар их баярлах бол доо. Гэр бүлээрээ хамтдаа гадагш салхилна гэдэг бас хоорондын харьцааг улам ойр дотно болгодог сайн талтай гэсэн бодол толгойнд минь зурсхийн орлоо.

Б.Мөнхтуул
   Бээжин, 2012 он

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе