• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аба-д аялсан тэмдэглэл

CRI       (GMT+08:00) 2014-10-14 16:08:53

Уул ус хоёр орчилдож тогтсон нутаг

       Есдүгээр сарын хуучаар Сычуань мужийн төв Чөндү хотын нисэх онгоцны буудалд газардахад нэвсийсэн тэнгэр, нэлхийсэн чийг, пөнхийсэн бөгчим агаар угтлаа. Чөндү нэлээд том хот бололтой. Манант тэнгэр өөд цойлсон өндөр өндөр байшин, өргөн цэлгэр зам харгуйг харахад эдүгээ Хятадын аль ч хотод нийтлэг тааралдах их бүтээн байгуулалт энэ хотыг ч тойроогүйг илтгэнэ. Зарим байшингийн оройд том жижиг олон мод тарьсан нь соньхон санагдаж байлаа. Чөндү хот Хятадын дөрвөн их хотгорын нэг болох Сычуаны хотгорт оршино. Хотын төв нь далайн төвшнөөс дээш ердөө 508 метрт өндөрлөгдсөн нь Улаанбаатараас даруй 800 гаруй метрийн нам дор байна гэсэн үг.

       Нанхиад гүрний 56 үндэстний нэг болох түвдүүдийг эртний түүх соёлын асар их өв бүтээсэн ард түмэн гэдгээр нь дэлхий нийт андахгүй. Тэднийг БНХАУ-ын Түвдийн өөртөө засах оронд амьдардаг цөөнх үндэстэн хэмээн дүгнэх нь ихээхэн явцуу ойлголт юм. Түвдүүд өргөн уудам Хятад орны газар бүхэнд, тэр дундаа Сычуань, Юннань, Чинхай, Ганьсу мужийн нутагт олноороо тархан суужээ. Сычуань мужийн төв Чөндү хотоос баруун тийш 500 гаруй км газарт Аба жөү нэртэй нэгэн аймаг оршино. Өндөр уулсын бүсийн тэр буйд хязгаар нутагт түвдүүд олон зуун жилийн турш суурьшин аж төржээ. Аба жөү 13 сянь, нэг сая орчим хүн амтай. Хятадын засаг захиргааны нэгж манайхаас ондоо боловч хойшид өөртөө засах жөүг аймаг, сянийг сум хэмээн дүйцүүлэн бичвэл уншигч танаа ойлгоход дөхөм болов уу.

       Хятадын олон улсын радиогоос зохион байгуулсан олон улсын сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүнд багтан хятад, польш, украйн залуустай (надаас бусад нь сэтгүүлч) ганзага нийлэн аялах, сурвалжлах завшаан олдоод зогсохгүй алин цагаас очихсон гэж мөрөөдөл болсон түвд нутгийг зорьсон нь тун ч олзуурхмаар ховор тохиол боллоо. Бид Аба аймгийн таван сумын нутгаар арваад хоног хөндлөн гулд аялахдаа буддын шашны хэдэн том сүм хийд, үе мөчний өвчтэй хөгшдийг асрах газрууд, түвд дунд сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын төв, номын сан, эмнэлэг, сумын захиргаа, өндөрлөг газар хүнсний ногоо тариалж, мөөг үржүүлэх туршилтын тусгай хүлэмжүүд, түвд ламын байгуулсан урлахуйн ухааны хувийн сургууль, зураачдын урлан, гэр бүлийн музей гэхчилэн сонин содон газраар зочилж, нутгийн олон хүнтэй уулзан хууч хөөрөхийн хамт байгалийн үзэсгэлэнд нь эрхгүй нүд сэтгэлээ унагаж явсан юм.

       Сычуань гэдгийн "Си"-г дөрвийн тоо, "Чуань"-ийг гол мөрөн гэсэн утгатай ханзаар тэмдэглэжээ. Гэвч энэ муж дөрвөөр тогтохгүй олон том мөрөнтэй, хэдэн зуун гол, хэдэн мянган уултай нутаг юм. 81 сая хүнтэй Сычуань мужийг Нанхиад газрын цөөн тоот үндэстний өлгий хэмээнэ. Тэнд Хятадын 56 үндэстний 53 нь оршин амьдардаг. "Сычуаний монголчууд"-ын тухай олонтаа дуулсан боловч тийш явах боломж энэ удаад тохиосонгүй нь харамсалтай. Сычуань муж цөөн тоот үндэстний өөртөө засах гурван жөү, гурван сяньтай. Хятадын түвд үндэстэн төвлөрөн суух хоёр дахь том муж аж. Мөн И үндэстэн ихээр төвлөрсөн хамгийн том бүс, Чянь үндэстэн байдаг цорын ганц нутаг гэнэ.

       Дэлхийн цайны соёл хятадаас үүсэлтэй бол хятадын цайны соёл Сычуань нутгаас гаралтай гэнэ. Мөн энэ нутгийн ард олон эрт цагаас эдүгээг хүртэл чанар чансаа сайтай бөс даавуу үйлдвэрлэдгээрээ алдартай. Ус гол арвин болохоор усан ашиглалтын систем илүүтэй сайн хөгжээ. Байгалийн хийгээр баялаг, хамгийн олон төрлийн ургамал цэцэг ургадаг дэлгэр хангай юм. Либай, Дүфү, Бай Жү И тэргүүтэй үе үеийн нэртэй шүлэгч найрагчид энэ нутагт аж төрж байсан тул Сычуанийг яруу найрагчдын өлгий нутаг хэмээн өргөмжилнө. Ер нь энэ нутгаас нэр алдартай олон уран бүтээлч, эрдэмтэн, улс төрч төрж гарсан гэдэг. Бас түүхийн явцад цөөнгүй удаагийн бослого хөдөлгөөн, хувьсгалын голомт болсон түүхт нутаг ажээ.

Сычуань гэхээр хэл хорсоно

       Дундадын аль ч газар халуун ногоог хоолондоо их бага хэмжээгээр хэрэглэдэг. Харин Сычуань нутгийнхны "халуун" хэрэглээ Хятад даяар алдартай. Энэ нь амьдран суугаа бүс нутгийнх нь цаг агаарын онцлогтой холбоотой гэнэ. Маш чийглэг уур амьсгалтай учраас энэ газар халуун ногоо идэж хөлсөө сайн гаргахгүй бол үе мөчний өвчинд нэрвэгдэх магадлал тун ч өндөр ажээ. Бусдын хувьд хэл нь хууларч унамаар халуун ногоог Сычуаньчууд ажиг ч үгүй амтархан "хивнэ". Ямар сайндаа л "Сычуань нутгийнхан өлгийтэй хүүхдээ уйлахаар аманд нь халуун чинжүү хийж тайвшруулдаг" хэмээх хошин хэлц гарсан байхав.

       Хотын жирийн нэг халуун тогооны газар ороход дүүрэн үйлчлүүлэгч, чих дөжрөөм дуу чимээ угтлаа. Үйлчлүүлэгчид ширээ ширээндээ бие биенээсээ өрсөн өндөр дуугаар ярьж, үйлчлэгчид нь захиалга авахдаа түүнээс ч чанга хашгирах нь ший жүжиг, хэрүүл тэмцлийг санагдуулна. Ерийн хятад хүний дуу чанга ч Сычуань хүний хаана нь ч хүрэхгүй мэт.

       Тогоонд жимсний чанамал шиг хүрэн улаан өнгөтэй халуун тос буцална. Тэр тогоог бариулаас нь ёроолыг нь хүртэл өвч бүрэн аранжин зэсээр урлажээ. Голд нь байх давхар жижиг тогоонд цайвар шөл байх бөгөөд халуун ногоонд маруухан мань мэт шиг нөхдөд зориулсан аж. Гэхдээ тэр шөл нь ч гэсэн халуун ногоотой байлаа. Үйлчлэгч нимгэн хэрчсэн үхрийн мах, элдэв ногоо тэргүүтэнг ар араас нь авчирч өрнө. "Хятад хүн дөрвөн хөлтнөөс ширээ сандал иддэггүй, жигүүртнээс нисэх онгоц иддэггүй" гэсэн наргиа үг байдаг даа. Нээрээ л тэр айхавтар халуун ногооныхоо хүрэн тосонд туулайн бөөр (жимс биш), галууны цус, гахайн тархи, лянхуан үндэс гээд мэдэх мэдэхгүй зүсэн зүйлийн юм холиод буцалгачих юм.

       Бид халуун ногоо багатай шөл захиалсан боловч шөлнөөсөө шүүрдээд амандаа хийсэн бүхэн хэл, тагнайг хэцүүдүүлж мэдээ алдуулна. Хоточ банхар шиг хэлээ унжуулаад аахилмаар байсан ч олны дунд эвгүйцэхдээ мөстэй хүйтэн ус балган амандаа түгжиж хорссон хэл тагнайгаа тайтгаруулж суув. Хамгийн халууныг нь захисан бол яах байсан улс юм бол гэж бодохоор айдас ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Зоогноос зоолтлоо гөвж чадаагүй польш, украйн, монгол гурван найз хачир, ундаахнаар оройн хоолоо ёсолсон ч аялж яваа нутгийнхаа өвөрмөц заншил, идээ ундаатай "бие, хэл, сэтгэлээрээ" танилцсандаа баяртай байлаа. Сычуань гэхээр хэл хорсоно...

       Газрын сорви, гамшгийн сүүдэр

       Цэлмэж байсан болов уу гэмээр дүнсгэр саарал тэнгэр, сарниж байсан болов уу гэмээр хүнд манан савссан нойтон өглөө. Бид баруун зүг жолоо дугтарч цаг илүү давхисаар хотоос гарахад усан манан, уйтан бороо жаахан сийрэв. Газрын байц, байгалийн төрх манайхаас тэс өмнөө юм. Хятадын эртний сонгодог уран зурагт дүрсэлсэн байдагчлан эгц өөдөө цойлсон өндөр уулс зайгүй шахалдан тогтжээ. Хормой бэлээс орой руу нь халиавал малгай унах нь мадаггүй. Ирт мэс шиг ийм л уулсын тэргүүн өөд мацах мэт өгсөн өвч битүү мод ургасан нь бүр сонин. Дорно зүгийн энэ охьюу номин ууланд хүн байтугай тураг гөрөөс ч явахад хэцүү ажээ. Эрт цагт дайн дажинтай үед энэ уулсыг морин цэргүүд гэтэлж чадалгүй олон сараар саатсан байх нугууртай гэж бодож явлаа. Сэтгүүлчдийн багт багтаж яваа түүхчийн бодол ч мөн дөө гэж өөрийгөө шоолж ганцаараа мушийв.

      Уул бүхний оройг үүл манан ороожээ. Харин хормой бэлийг нь эмжин ногоон шаргал өнгийн устай түргэн урсгалт гол шаагин байх нь зураг мэт. Ийнхүү 100 орчим км яваад Чянь үндэстний нутагт хөл тавив. Чөлөө зайгүй өндөр уулсын заримынх нь хормой бэлийг сэтэлж, заримыг нь нэвт сүвлэн зам тавьсныг үзэхүй Хятадын ард түмний нөр их хөдөлмөрт эрхгүй мэхиймээр. Зарим нүхэн зам хэдэн км үргэлжилнэ. Тахиралдаж мушгиралдсан уулын замын хоёр урсгал тус бүр нэг эгнээтэй. Хэдийгээр хоёр сайхан жийп хөлөглөсөн ч замын турш өгсөж явааг хэлэх үү, тэрэг ихтэй түгжирч явааг хэлэх үү газар хороож гавихгүй юм. Энэ замаар жуулчдын хөл тасардаггүй бололтой. Уулын бэл сэтэлж тавьсан замын баруун талд тэртээ доор урсах голын хоёр эргийг дагаад нэг талаар нь ногоон шаргал, нөгөө талаар нь улбар шар өнгөтэй ус урсана. Түүний дээхнэ өөр өөр уулсын хөрсний өнгийг тээж ирсэн хоёр голын бэлчир байсан юмсанж.

      Удалгүй, 2008 онд газар хөдөлж дэлхий нийтийг цочроосон Вэнчуаний зах руу оров. Энэ бол Сычуаний газар хөдлөлтийн голомт нутаг билээ. Манан татсан нэгэн нуур таарсан нь өнөөх гамшгийн улмаас үүссэн гэх. Уг нь тэнд олон барилга байшинтай суурин байсан нь уулс шилгээх үеэр газрын гаваар орж оронд нь энэ нуур сорви болон тогтжээ. Газар хөдлөх үед зэрэгцээ хоёр уул наалдан нэг болж дунд нь байсан жижиг тосгон хүн мал, байшин саравчтайгаа ор сураггүй талийсан нь ч бий гэнэ. Ихэнх уулын хөрс нуран энд тэндээ улаан халцгай болж хайрга чулуу нь доош урсчээ. Газар хөдлөх үеэр авто зам их эвдэрсэн ч харин нүхэн замууд эвдрээгүй, зөвхөн орц гарц хоёр нь бөглөрсөн гэдгийг сонсоод бүтээн байгуулалтынх нь чанар чансааг үнэлж байлаа.

      Эцэс төгсгөлгүй мэт тахиралдан мушгирах уулын замыг даган өгссөөр байв. Замын хажуугийн түргэн урсгалт гол шар ногооныг тунаруулан дуу чимээтэй харгин урсана. Газар хөдлөлтийн улмаас шинээр тогтсон их бага нуур цөөрөм байсхийгээд таарах аж. Шатрын өрөг шиг нэр усгүй тэр олон халил хавцал, хясаа сарьдгийн багахан чөлөөнд барьсан байшингууд үзэгдэх нь тосгон юм байх. Гайхмаар хэвгий газрыг их хөдөлмөр гарган тэгшилж байшингууд барьсан нь нэг талаараа уулын шороотой нүүр тулна. Тэндхийн уулсын энгэр бэл, оргилыг дамнан өндөр хүчдэлийн шугам тавьсан нь гараа алдлан утсан дээр тэнцвэрээ олж яваа циркчнийг санагдуулна. Тосгон бүрт хэлэлцсэн юм шиг дун цагаан сарлаг хөтөлсөн түвдүүд байх юм. Тэд сарлаг унаж зургаа татуулаач хэмээн аянчдыг царайчлан дуудна. Нутгийн охид эмэгтэйчүүд сүлжмэл хулсан суулганд алим чавга тэргүүтэй мэдэх мэдэхгүй жимс худалдах бөгөөд жимс нь хямд бөгөөд амттай байлаа.

Аба гэхээр амьсгал давчдана

      300 гаруй км яваад Түвд үндэстний өөртөө засах Аба аймгийн зах руу орж ирлээ. Хур тунадас ихтэй нутаг юм гэсэндээ дахиад л бороо зүсэрч эхлэв. Аба руу дөтлөх тусам газар нутгийн байц, байгалийн байдал Монгол орны хангай нутагтай төстэй болж ирэв. 3000 метрээс өндөрт өргөгдсөн тул ой мод ургахгүй аж. Харин гол ус, нуур тойром, намаг ихтэй газар юм. Хараад байхад Хангайн нурууны өндөр уулын бүсийн байгальтай их төстэй. Түвдүүдийн түр сууц болох цагаан майхныг алсаас харахад монгол гэр гэмээр. Малаа дагаж нүүдэллэн аж төрдөг хөдөөгийн түвдүүд саяхныг хүртэл сарлагийн хөөврөөр хийсэн хар бараан майханд суудаг байжээ. Гэвч Хятадын засгийн газраас харж үзэн тэдний амьдралын орчин нөхцлийг сайжруулахын тулд хөдөөгийн түвд өрх бүрт 4000 юаний үнэтэй, салхи жавар нэвтэрдэггүй сонин сайхан майхан бэлэглэсэн нь сансар судлалд хэрэглэдэг тусгай материалаар хийсэн эд юм байх. Тэр цагаан майхнууд алсаас харахад монгол гэр шиг дүмбийх нь сэтгэлд нэг л дотно.

      Бидний хоноглохоор зорьсон Аба аймгийн Рүоэргай сумын төв дөхөж ирэхэд далайн төвшнөөс 3840 метрийн өндөрт гэсэн самбар таарав. Замд цагаан майхантай түвд айлууд, малаас хонь, сарлаг таарах нь олонтаа. Адууных нь биеийн хэлбэр монгол адуутай төстэй боловч арай чацархаг юм. Сарлаг нь манайхтай ямар ч ялгаагүй. Харин хонь нь цочмоор хачин жижигхэн толгойтой, урт эвэртэй "үзлийн юм" харагдсан. Аяллын туршид хонины болон сарлагийн махыг зөндөө гөвсөн дөө. Хонины мах нь шивтэр, шинхэг амтагдсан дэндүү нялуун бол сарлагийн мах нь л арай зүгээр санагдсан.

      Газар дөхөх тусам бороо ширүүсч цахилгаан цахина. Бид зургаан цагийн үед сумын төвд хүрлээ. Чөндү хотоос гарсаар 500 гаруй км довтолгожээ. Манайхан буудлынхаа хажууханд оройн хоол идээд энэ тэрийг хүүрнэж байлаа. Гэтэл нүдэн дээр украйны сэтгүүлч Саша, хятад мэргэжилтэн Ү Юү хоёрын царай хувьсхийгээд явчихлаа. Дотор нь муухайрч цонхийж цайсан тэд маань газрын сүрд дарагдаж хүчилтөрөгчийн дутагдалд оржээ. Өндөр газар ирсэн хүн ус бага ууж, аль болох усанд орохгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. Жаахан л даараад ханиад хүрвэл тэр дороо архагшиж уушгины хавдар болох эсдэлтэй гэнэ. Багийн хоёр гишүүн маань хүчилтөрөгчөөр дэмжүүлэн амьсгалсаар байдал арай дээрдэв. Цаашдын аяллын туршид тэр хоёр маань аврал болсон тэр хүчилтөрөгчөөрөө амьсгалж, нэг нь бүр эмнэлэгт түр хэвтээд авсан юм. Бусад нь муурч унаагүй ч ердийн цовоо сэргэлэн байдал нь үгүй болжээ. Заримынх нь толгой өвдөж, зарим нь нойрондоо муудаж, булчингаар өвдлөө гэж гомдоллоно. Монголын өндөрлөгөөс ирсэн надад цаг агаар, уур амьсгал, хоол ундны талаар ямар ч асуудал гарсангүй. Харин чихэртэй, бараашиг маягийн исгэлэн амттай түвд шар айргийг уухын аргагүй юм билээ.

      Абагийн Рүо Эр Гай сумаас бусад нутаг арай нам дор бололтой. Уул бүхэн өвч битүү ой модоор бүрхэгдсэн үнэнхүү баян хангай юм. Хаашаа л харна хөглөгөр их хөвч, сүглэгэр цагаан будан. Шөнөдөө цас орж уул усны өнгө үзэмжийг сэргээнэ. Түүгээр аялсан арваад хоногийн турш уулсын хормой сэтэлж тавьсан замаар сэтгэл түгшиж явлаа. Замын нэг талд бэл сэтэлсэн шороо чулуу, нөгөө талд тэртээ дор мушгирах уулын догшин гол. 2008 онд газар хөдөлнөөс хойш сэтэлсэн уулсын хөрс нурамтгай болсон аж. Хэдэн арван км яваад л хөрс нурж замын нэг урсгалыг тагласан байхтай таарна. Зарим газрын хөрс нурж замыг тэр чигт нь тагласан байх тул зам чөлөөлтөл хэдэн цагаар саатах хэрэг гарна. Нэг удаа зам дээр таван цаг хүлээж зогсов. Хэдхэн минутын өмнө түүгээр ачаа ачсан хүнд даацын машин явахдаа тэвшээрээ замын хажуугийн уулын хөрсийг шүргэж орхижээ. Гэтэл шороо нь нуран машиныг түрж тэртээ дор араатан адил хүрхрэх голын чулуун дээр няц хаясан байлаа. Өдөр бүр уруудаж өгссөн давчуу зам, уурлаж дэвхцсэн уулын гол, хүчилтөрөгч тэвэрсэн манай хоёр цонхигор... Аба гэхээр амьсгал давхцана...

Хуучин аргаар барласан шинэ сэтгэлгээний урлаг

       Аба аймгийн Рүо Эр Гай сумын түвд зураачдын урланг сонирхов. Уран бүтээлчид нь түвдийн уламжлалт урлахуйн ухааны нарийн арга техникийг бүтээлдээ тусгахын зэрэгцээ бийр бэх, будаг цаасаа хүртэл хуучин жаягийн дагуу хэрэглэж, жинхэнэ натурал бэлгийг уран зураг сонирхогчдод өргөн барина. Арилжаа наймааны их гүрэнд ч гэсэн урлагийн хүмүүс гэдэг этгээд дүр төрхөөрөө ямагт ялгардаг аж. Тэдний зургаа зурдаг нэгэн зүйл хорт ургамлын үндсээр хийсэн ховор нандин цаас нь үнэтэй ч гэсэн шавьж мэрэгчид санаархаж хэмлэдэггүй учир урт настай удаан жаргалтай эд гэнэ. Мөн хэрэглэж буй уламжлалт шороон будаг нь цагийн уртад элэгдэж балардаггүйгээрээ онцлог. Тэд зургаа эхлээд модон хавтан дээр дүрсэлнэ. Дараа нь түүнийгээ мөнөөх хавтандаа сийлж шороон будгаараа өнгө ялгаруулан будсаны эцэст түвд цаасан дээрээ барлаж буулгадаг байна. Нэг ийм бараар дээд тал нь 30 зураг гаргадаг гэнэ. Нанотехнологийн энэ эрин үед эрт балрын улбаатай эд хэрэгслээрээ орчин үеийн сэтгэлгээний өвөрмөц урлаг бүтээж байгаа нь зөвхөн уран бүтээлчдийн л хийх "солиотой" ажил юм даа бодогдлоо.

Цогчин дуганыг "аравнайлалцав"

      Аба аймгийн Аба суманд 42 гаруй хийд байдгийн нэгээс бусад нь буддын шашных. Харин өнөөх ганц нь исламын сүм ажээ. Сумын хүн амын 90 гаруй хувь нь түвд, үлдсэн арав хүрэхгүй хувь нь хятад, хотон үндэстнүүд. Зөвхөн нэг сум 42 хийдтэй байна гээд бод доо. Гэхдээ орон хийд нь манай хөдөөгийн хийд шиг ганц жаахан дугантай юм биш. Хамгийн багадаа л Өндөр Жанрайсигтай адилтгам хоёр гурван сүмтэй байх жишээтэй. Тэр хүрээ хийдүүд баян тансаг гэж жигтэйхэн. Надад ямар ч статистик байхгүй боловч жирийн түвд айл өрх орлогынхоо тэн хагасаар сүм хийд, лам нараа тэжээдэг байх гэсэн хар бууж байлаа. Энэ ард түмэн аргагүй л их сүсэг бишрэлтэй юм.

       Билгийн улирлын шинийн 2-нд Аба сумын төвөөс 10-аад км-ийн зайд байх Андуу хийдийн Цогчин дуганыг аравнайлах ёслол боллоо. Энэ удаагийн аравнайн ёслол тус хийдийн 600 насны ойтой давхцаж байгаа тул сүсэгтэн олны хувьд чухал үйл явдал болж таарлаа. Аба сум шашин номын газар олонтой ч ийм урт удаан жилийн түүхтэй нь ховор юм. Сумын төвөөс Андуу хийд хүрэх уйтан зам сүсэгтэн олны хөл, машин тэрэгний дугуйнд дарагдан түгжирч хүүе хаая болох нь эгээ л манай улсын наадам лугаа. Лам нар тусгай машин дээрээс хийморийн зураг барласан ам дөрвөлжин цаас цацна. Замын хоёр талаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс хадаг барин эгнэж ёслолыг үзэхээр ирж буй машинтай жуулчид, мөргөлчдөд мэхэлзэн хүндэтгэл үзүүлэх юм. Ер нь бидний очсон газар бүхэнд нутгийн хүмүүс хадаг барин тосож байсныг хэлэх хэрэгтэй.

       Цогчин дуганы өмнө хэдэн зуун хуварга завилж, довжоон дээр нь өндөр мяндагтай лам нар заларч ном айлдана. Бурхдын болон хутагт хувилгаадын зураг, баримал, тахил тайлга, өргөлийн зүйлс, хадаг яндраа барьсан мөргөлчид шинэ дуган руу сүрэглэн цувна. Цогчин дуганыг аравнайлах их үйлийг Андуу хийдийн хамба лам өөрийн биеэр удирдав. Нутгийн ард олон, гэр бүл, төрөл төрөсөд, найз нөхдөөрөө нийлэн тахилга тайлгын идээ ундааг арвин базааж иржээ. Ажаад байхад ард олон аль байдгаа өгч байгаа бололтой. Энгийн сүсэгтнүүд хамгийн сайхан дээл хувцсаа өмсөж, эмс охид шүр сувдан гоёлоо өвч бүрэн асаажээ. Хүүхэд багачууд олон харагдаж байлаа. Энд тэндгүй цаасан буу дэлбэлж, тэнгэрт гэрлэн цэцэг харвах нь шинэ юмыг хуучин уламжлалдаа нэмэрлэх мэт. Тав хоног үргэлжлэх аравнайн ёслолын үеэр хонх дамар, цан хэнгэргийн дуу тасрахгүй ном хурах юм байх.

      Соёлын хувьсгалд арчигдаагүй содон дурсгал

      Аба аймгийн Рантан сумын Цоржийн сүмд хамгийн эртний Ганжуур судар бий. Түвд бичгийн эртний тигээр барласан, ердөө хоёрхон ширхэг байдаг энэ хөлгөн их судрын нөгөө эх Түвдийн өөртөө засах орны төв Лхас хотноо хадгалагддаг ажээ. Хэдэн зуун жилийн түүхтэй судрын баринтаг өгөршиж муудсан ч цаас нь бүрэн бүтнээрээ, бичиг нь тодхон хэвээр юм. Учир нь судрын цаасыг дээр дурдсан хортой ургамлын үндсээр хийсэн аж. Тиймээс л маш нимгэн хуудастай энэхүү өв шавьж мэргэчдийн хоол болчихолгүй өнөөдөртэй золгожээ.

      Цоржийн сүмийг анх 1054 онд байгуулсан бөгөөд соёлын хувьсгалын үеэр үр тарианы агуулах болгон ашиглаж байснаас ашгүй бүрэн бүтнээрээ үлджээ. Маш ховор содон ханын зургуудтай энэ сүмд есөн дүрийн гэгээнтний занданшуулсан шарилыг алт мөнгөн сац суварганд оршоон тахиж байдаг. Мөн сүмд хадгалагдаж буй хосгүй үнэт танка, ховор эрдэнийн бурхан тахил, мандал, нарийн нандин хийцтэй эртний урлалуудыг эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын ажилтнууд тусгай зөвшөөрлөөр үзэж харж, үнэлж шинжилдэг гэнэ.

       Мөн Аба аймгийн Рантан сумын буйд хязгаар нутагт олон зууны түүхт Бантуо байдаг. Бантуо хийдэд эртний урчуудын чулуун хавтан дээр сийлж бүтээсэн тэр"Ганжуур", "Данжуур" их хөлгөн судар хадгалагдаж байна. Миний сонссоноор уг нь бол хүлгэн судар гэж хэлэх нь зүйтэй гэсэн. Яагаад гэвэл тийм судруудын хүч чадал хүлэг моринд мордон давхих лугай адил хурдаар мунхагийн зовлонгоос гэтэлгэдэг юм байх. Гэвч одоо яахав, хөлгөн судар гэж бичиж хэвшсэн юм хойно.
Бантуо хийдийн тэрхүү хөлгөн судруудыг лам хуварга, чулууны дархад Юань гүрний үеэс эхлэн үе дамжин сийлбэрлэн бүтээсэн бөгөөд нийт 600 мянган чулуун хавтанг ийнхүү зовлонгоос гэтэлгэх хүлэг морь болгон амилуулжээ. Ороо бусгаа цагийн салхинаас хаацайлж чулуун судрын ихэнхийг газар булж нуусан гэдэг. Өдгөө соёлын энэ ховор нандин өвийг эвдэж сүйдэхээс болгоомжлон малтаж гаргаагүй байна. Бантуо хийдийн зарим сүм дуган, сац суварга цагийн эрхээр эвдэрч муудсан ч Юань улсын үеийн ханын зураг сайтар хадгалан үлджээ. Энэ зураг хэдэн зууныг элээсэн ч гэлээ өнгө будаг урьдын хэвээр тодорхой харагдана. Саяхныг болтол энэ хийдийг нутгийн ард олон сүсэг бишрэлийнхээ төлөө сайн дураараа хамгаалж байв. Хэдэн жилийн өмнөөс сүм хийдүүдийн удирдах зөвлөл байгуулагдаж хуучны ийм сүмүүдийг хамгаалалтандаа авчээ. Биднийг очих үед Бантуо хийдийн сэргээн засварлалтын ажил ид өрнөж байлаа.

Тусыгийн ордонд залрах хувь тохиов

       Эртний Түвдэд орон нутгийн ноёдын хамгийн өндөр зэрэг дэвийг Түсы хэмээдэг байжээ. Түсы зэрэгтэй ноён нутагтаа хамгийн их эрх дархтай. Нэг үгээр хэлбэл, тухайн бүс нутгийн улс төр, эдийн засаг, шүүх, цэргийн бүх эрх мэдэл ганц хүний гарт байжээ. Тоймгүй олон зарц боолтой Тусыгийн орд харш, эрх ямба, эд хөрөнгө эгэл олноос хол хэтийдсэн байж.

       Аба аймгийн төв Ма Эр Кан хотод 16 үеэрээ тэр нутгийг захиран суусан Түсы ноёны орд өргөө бий. Нэгдүгээр үеийн Түсыгийн орд 1286 онд байгуулагджээ. Дуулиантай баригдсан тэрхүү харш 1936 онд түймэрт хайлсан тул буурин дээр нь 1938 онд энэ ордныг байгуулжээ. 5400 кв метр талбайтай таван давхар энэ ордон их бага 63 тасалгаатай юмсанж. Архитектурын хувьд эртний Хятадын дөрвөн талт барилгын загвар, түвд уламжлал хоёрыг сайтар хослуулжээ. Үүнийг үзсэн европын нэгэн архитектурч "Дорно дахины гэрэлт сувд" хэмээн дуу алдсан гэдэг.

Бурхан бүтээх дархан ухааныг өвлүүлж байна

       Хэдхэн жилийн өмнө Занва хийдийн Жүндэ гэгээн түвдийн уламжлалт танка зургийг урлан бүтээх эрдмийг хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэх зорилгоор Аба аймгийн Рантан суманд сургууль байгуулсан байна. Хуварга хүний хувийнхаа хөрөнгөөр байгуулсан тус сургууль өргөжин тэлж өдгөө 400 гаруй сурагчтай болжээ. Сургуульд хүүхэд залуусыг танка зураг, зээгт наамал, түвдийн уламжлалт анагаах ухааны чиглэлээр үнэ төлбөргүй сургадаг аж.

       Бид сургуультай танилцахаар зорьж очсон юм. Алс бөглүү нутаг гэхэд бас ч гэж нэлээд тав тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Дундаа талбайтай, дөрвөлжлөн хүрээлж барьсан байшинд хичээл сургалтаа явуулна. Хоёр давхар хээнцэрхэн энэ байшингийн булангийн нэг ангиас уншлагын дуу намуухан уянгалахаас өөр анир чимээгүй. Анги танхимаар нь орж үзэхэд янз бүрийн хүүхэд залуус, хөвгүүд охид урлаж буй бурхны хөрөгтөө анхаарал хандуулан хөшсөн мэт суух юм. Тэд нэг зураас ч алдах эрхгүй тул нүд сэтгэлээ өмнөх бүтээлдээ шингээн амьсгаа авахаас айх мэт нямбайлна.

       Энд танка зургийн мэргэжлээр гэхэд анхан, дунд, ахлах гурван анги хичээллэдэг гэнэ. Анхан шатны ангид бурхны тиг, дүр төрхийг харандаагаар дүрслэхийг зааж сургана. Дунд ангид өнгийн танка бүтээж сурдаг бол ахлах ангид танка зургийн хамгийн хэцүү төрөл болох хар танка бүтээх арга ухаанд суралцдаг ажээ. Нэг залуу хорин дөрвөн жил суралцсаны эцэст танк зургийн багш болжээ. Танкаг зөвхөн уламжлалт шороон будгаар урлана. Дүрслэх урлагийн энэ содон бүтээл нарийн чимхлүүр ажиллагаатай, хүний тэсвэр тэвчээрийг шалгасан урт удаан хугацааны нягт нямбай хөдөлмөрийн үр дүнд бий болдог ажээ.

Санаанд үлдсэн шимэлдэг

       Одоо эргээд бодох нь ээ, түвд гэхээр гайхалтай сайхан уул ус, байгалийн сайхан нь юун түрүүнд санаанд орно. Үнэхээрийн онгон зэрлэг, ариун дагшин орон юм. Тийм сайхан газар бүтээн байгуулалт хийнэ гэдэг зөв ч юм уу, буруу ч юм уу бүү мэд. Үзэсгэлэнт уулсын хормой бэлийг сэтлэн, өрийг нь уудалж зам харгуй тавих, булаг шанд бузарлаж, ой мод огтлон хот балгад барих нь нэг л хайран санагдаад байв. За тэр яахав, миний мэдэх хэрэг биш. Харин хаа сайгүй улбартан ургасан зэрлэг чацарганых нь амт Увсын чацарганы хаана нь ч хүрэхгүй юм билээ. Нутгийн брэнд лаазалсан чацарганы ундаа нь бас л тиймхэн санагдсан.

      Урьд өмнө Түвдийн талаар авч байсан мэдээлэл хийгээд тэр нутаг, үндэстний тухай миний төсөөллөөс газар дээрх бодит байдал нь нэлээд өөр санагдав. "30-аад онд буддын шашинтай тэмцээгүй бол бид хоцрогдоод өдийд түвд шиг байх байлаа" гэж манайхан ярьдаг даа. Ямартай ч миний бодлоор түвдүүд гэж тэгтлээ хоцрогдсон ард түмэн лавтай биш. Хоцрогдсон гэхээсээ илүү цаг агаарын онцлогоос хамаарч урт ханцуйтай уламжлалт дээл хувцсаа өмсөж нүүр амаа боодог, шашин шүтлэгтээ үнэнч хүмүүс шиг санагдав. Түвдүүд ялангуяа эмс охид нь нүүр амаа алчуураар ороож эсвэл маск зүүж явах нь бас чиг аргагүй юм билээ. Өндөрлөг газрын хүчил төрөгч сийрэг учраас нарны гэрэл онцгой хурц байдаг юм байна. Ялангуяа өглөө оройны нар нүд сохолчих шахна.

       Харин тэр усанд ордоггүй цөөнх нь "бурхны өгсөн биеийг угаахгүй" гэхээсээ илүү "ус байгаль бузарласнаас өөрөө бохир явах нь дээр" хэмээсэн гүн ухаанаас улбаатай гэдэг. Хотын гудамжаар алхаж явахад залуус байтугай дунд, хижээл насныхан гар утсаараа интернэтэд холбогдож вичаат ашиглаж байгаатай цөөнгүй таарав. Харин хөдөөгийн хүмүүс нэлээд ичимтгий, нүүр хагараагүй нь манайхныг санагдуулна. Замд жуулчдад морь унуулж мөнгө олдог хүмүүстэй зөндөө таарав. Ажиглаад байхад түвдүүд чинээлэг юм. Айлуудын гаднаа сойсон машин мотоцикль, мал хуй, авгай хүүхнүүдийнх нь гоёл энэ тэр нь гэрчилнэ. Бас хаа нэг гуйлгачин улс таарах юм аа. Тэд задгай бутархай мөнгө авдаг харин тавьт, зуутын дэвсгэрийг огт авдаггүй гэсэн шүү, нэг тийм ёс зүйтэй.

       Бас нэг гайхмаар юм бол нэг төрлийн үе мөчний өвчин маш их, бүр дэндүү их юм. Рантан сумаар жишээ болгоход 40.000 хүн амынх нь 10.000 нь тийм өвчтэй. Нэг өргөрөг дээр байдаг бусад улс оронд ч ийм өвчтэй хүмүүс олон байдаг гэнэ билээ. Энэ өвчний үед хүний хөл гар, хурууны үенүүд томордог аж. Өвчний шалтгаан, эмчлэх аргыг одоо болтол нээж олоогүй байна. Бид ийм төрлийн өвчтэй ахмадыг асрах гурав дөрвөн газраар очиж танилцсан юм. Уйдсан хөгшид мэддэг цөөн хэдэн хятад үгээ эвлүүлж бидэнтэй хууч хөөрөхийг ихэд мэрийж байлаа. Ер нь хөдөөний хүмүүс нь цайлган сэтгэлтэй, гудамжаар зөрж өнгөрөхдөө хүртэл гар даллан инээх нь "хөөрхөн" санагдана. Түвдүүд ер нь их царайлаг улсууд юм билээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай дүрлэгэр алаг нүдтэй, усгал зөөлөн харцтай, чийрэг бие бялдартай. Тэнд тарган хүнтэй таарснаа харин санахгүй юм.

       "Алтан товч"-д "Эд агуурсыг бидний цэргүүд даах чинээгээрээ ачиж, хив торгоор ачаагаа татаж явав" хэмээсэн байдаг. XIII зууны байлдан дагуулалтын үеэр Монгол нутагт ихээхэн эд баялаг, алт эрдэнэс цуглажээ. Монгол айл бүхэн үнэт эдлэлтэйн дээр Хархорум, Аваргын балгас зэрэг томоохон хотууд нэг талаар эрдэнэсийн сан, агуулахын үүрэг гүйцэтгэж байсан болов уу. Юань улсын үед түшмэд сайд нар эзэн хаадад "Буддын сүм хийдүүдэд зориулж буй өглөг барьц чинь улсын төсөвт дарамт учруулж байна" гэж байнга сануулж байсан тухай ном сударт бишгүй бий. Хожим монголчууд буддын шашинд гүнзгий орж түвдийн сүм хийд, хутагт хувилгаадад "буурлын буян"-ыг өглөг барьц болгон байдгаа барсан гэдэг. Энэ бол лавтай үнэн гэдгийг Түвдэд очоод улам мэдэрлээ. Түвдийн нутаг, хөдөө тосгоноор аялж явахад охид бүсгүйчүүд хүзүүндээ лавтай жийп машины үнэ хүрэх том том шүрэн зүүлтээр гангарч явахыг олонтаа харав. Нөгөөтэйгүүр сүм хийдүүдийн баян тансаг байдал, тэр бурхан тахил, сац суваргыг алт мөнгө, үнэт чулуу, ховор эрдэнээр "зодож" бүтээснийг үзээд гайхаш тасарч байв. Нэг үгээр хэлбэл Түвд орон байгалаараа ч, баялгаараа ч нэгэн том эрдэнэсийн сан шиг санагдсаныг дахинтаа нэг өгүүлээд тэмдэглэлээ өндөрлөе. /До.Болдхуяг/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе