|
|
||
15 га талбайг эзлэн орших Хятадын Кино үйлдвэрийн дижитал бааз нь нийслэл Бээжингийн зүүн хойд Хуайрөү дүүрэгт байдаг. Олон улсын стандартыг хангасан кино зураг авалтын 16 студитэй. Тэр дундаа 5000 м2 талбайтай зураг авалтын студи нь дэлхийд хамгийн томд тооцогддог юм. Жан Имөү, Фэн Шяоган гээд Холливудад өндөр үнэлэгдсэн найруулагчдын хамаг л шилдэг кино, дэлгэцийн бүтээлийг энд үйлдвэрлэдэг.
Хуайрөү дэх Олон улсын хурлын төвтэй танилцаад буцах замдаа тус бааз дахь алдартай кинонд хэрэглэсэн эд зүйлс, хувцас хэрэглэлийн агуулах болон кино зураг авалтын 9-р студийг үзэх алтан боломж гадаадын сэтгүүлч бидэнд тохиосон билээ. Ингээд аяны багахан олзоо та бүхэнтэй хуваалцъя.
Энэ хувцасыг Хятадын билиг танхай найруулагч Жан Имөүгийн "Алтан хуягтны хот" /Англиар Curse of the Golden Flower. 2006/ кинонд нэрт жүжигчин Чоү Юньфат өмссөн ажээ. 85 кг жинтэй энэ хувцсыг 1 сая гаруй юань зарцуулж урлажээ. Сонирхуулж хэлэхэд, "Алтан хуягтны хот" киног Монголчуудын сайн мэддэг Хятадын алдарт зохиолч Цао Юйгийн "Аянгын бороо" зохиолоор сэдэвлэж бүтээжээ.
Хүмэйн найруулсан "Күнз" кинонд энэ хувцасыг ашиглажээ. Кинонд Күнзийн дүрд Чоү Юньфат тоглодгийг манай үзэгчид санаж буй биз ээ. Найруулагч Хүмэй бол Хятадын киноны эмэгтэй найруулагчдын дунд сор нь болсон авьяас билигтэн юм.
"Улаан асрын зүүд" телевизийн олон ангит кинонд ашигласан эд зүйлс, тавилга хэрэгслийг та бүхэн харж байна. "Улаан асрын зүүд" бол Хятадын эртний уран зохиолын алдарт дөрвөн романы нэг. Эдгээр эд зүйлсийг 1987 онд тус романаар сэдэвлэсэн анхны олон ангит кинонд ашиглажээ. 2009 онд найруулагч Ли Шаохань "Улаан асрын зүүд" киноны шинэчилсэн хувилбар болох 50 ангит киног бүтээхдээ ч тэр хэвээр нь ашигласан гэж тайлбарлагч ярьж байлаа.
Гоминдан намын дарга Чан Кайши-гийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Чан Кайши" киноны зураг авалтанд ашигласан эд зүйлс. Эдгээр хуучны эд зүйлсийн зарим нь тухайн үед нэр цуутай хүмүүс эдэлж хэрэглэж байсан чигээрээ байгаа аж. Заримыг нь ард иргэдээс хандив эсвэл худалдан авах замаар цуглуулсан бол бүр заримыг нь дуурайлган хийсэн гэж тайлбарлагч ярьж байлаа.
Тайваний алдарт бүсгүй зохиолч Чюн Яогийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн "Хуанжү гэг" олон ангит киноны гол дүрүүдийн нэг Зывэй бүсгүйн өргөөн дэх ор энэ байна. Тэр жил энэ киног Монгол улсын нэрт орчуулагч Д.Болдбаатар монгол хэлнээ орчуулж, үзэгчдийн хүртээл болгосон юм.
Дараагийн зогсоол бол кино зураг авалтын 9-р студи. 600м2 талбайтай энэ студид одоогоор 20-р зууны гучаад оны үеийн Шанхай хот дахь зураг авалт хийж байна. Хуучны Шанхайн ресторан, айл сууц, хөгжмийн өргөө зэргийг байгуулжээ. Мөн дайны үеийн цэргийн штаб, хурлын танхим зэргийг байрлуулжээ.
Мэдээлсэн: Э.Эрдэнэсувд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |