• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хаан эрвээхийг хамгаалж байна

CRI       (GMT+08:00) 2015-12-31 16:02:23

Өвөл болмогц Мексикийн төв нутгийн уулархаг бүсийн ой модод улбар шар, хар өнгөөр хучигддаг. Учир нь тоо томшгүй хаан эрвээхий Америк, Канадаас энд ирж өвөлдөг. Мексикийн Мичоакан мужийн "Хаан эрвээхийн байгалийн хамгаалалтын бүс" 2015 оны 11-р сарын 28-нд албан ёсоор үүдээ нээж, гадна дотны жуулчдад хаан эрвээхийн нүүдлийн гайхамшгийг бодитоор харах боломж олгожээ.

Америк тивийн хаан эрвээхий нь хүр хорхойн төрлүүдээс хамгийн сүр жавхлантай нь. Далавчаа бүрэн дэлгэвэл 9-10 см хүрдэг. Үзэсгэлэнт эрээн алаг биетэй. Далавч нь улбар шар, хар өнгө хосолсон. Захын хэсгээрээ цагаан цайвар өнгийн толботой. Улбар, алтан шар өнгөөр голлосон далавчаа дэвэн нисэх нь эрвээхийн хааны эрэмбийг илтгэх мэт. Тиймдээ ч "хаан эрвээхий" хэмээн нэрлэгдэх болжээ.

Канад, Америкийн Рокки уулсын зүүн хэсэгт амьдардаг хаан эрвээхий жил бүрийн 11-р сарын эхээр 4800 гаруй км зам туулан Мексикт ирнэ. Зам зуураа түр амсхийн аяллаа цааш үргэлжлүүлнэ. Ингэж явсаар 11-р сарын сүүлч, 12-р сарын эхээр зорьсон газар Мичоакан мужийн эрвээхийн хөндийн ойд ирж өвөлжин, үр төлөө гаргадаг байна. Харин Америкийн Рокки уулсаас баруун хэсэгт амьдардаг хаан эрвээхий өмнө зүгт Калифорни муж улс дахь эвкалипт модны ойд өвөлжинө. Цаг наашилж хавар болоход тэдний үр хойч уулын замаар буцаж харьдаг байна. Хаан эрвээхий нүүдлийн шувуу адил зүг чигийг андахгүй. Сая саяаар нүүдэллэх хаан эрвээхийн их замын аян гайхалтай сүрлэг үзэмжийг бүтээдэг байна.

Олуулаа байх дуртай хаан эрвээхийнүүд заримдаа баг багаараа модны салаа мөчрөөс дүүжлэгдэж, эсвэл газар тэнгэрийг бүрхэн солонгорон нисэх нь хүмүүсийн сэтгэлд ер бусын гайхамшгийг төрүүлдэг. Тэнд очсон хүн үй олноороо хуран цугласан хаан эрвээхийн өвөрмөц сайхан, тэр үлгэрийн мэт ертөнцөд татагдахгүй байхын аргагүй...

Америк тивийн хаан эрвээхий алсын зайд нүүдэллэн шилждэг дэлхийн цорын ганц эрвээхийн төрөл юм. Хүний буруутай үйдлээс болж сүүлийн жилүүдэд хаан эрвээхий оршин амьдрах орчин ихээр сүйдэж, тоо нь цөөрсөөр байна. Эрдэмтдийн судалгаагаар 1996 оны өвөл бараг 1 тэрбум хаан эрвээхий Мексикт нүүдэллэн ирж байсан бол 2014 онд энэ тоо 35 сая болтлоо буурчээ. Тиймээс Мексикийн Засгийн газар, судалгааны болон байгаль орчны байгууллага, хувийн нийгэмлэгүүд хамтарч "Хаан эрвээхийн хамгаалалтын бүс" байгуулсан байна. Тухайн байгууллагууд хаан эрвээхийг хамгаалах төрөл бүрийн арга хэмжээ авсны дүнд Мексикт ирж өвөлжих эрвээхийний тоог нэмэгдүүлж 225 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе