|
|
||
Найзад минь Чиндао явах ажил гараад намайг хань татав. Завтай байсан би уухайн тас зөвшөөрч, гараад шидчихлээ. Амжуулах ажил нь шалихгүй учраас өглөө Бээжингээс хамгийн эрт хөдлөх, тэнд хонолгүй оройн галт тэргээр буцах тасалбар авав. Хурдны галт тэрэг нэг талдаа 5 цаг, ирж буцахын 10 цаг явдаг тул Чиндаод саатах 6 цагийн хугацаанд ажлаа гялс манас амжуулаад, далайн эрэгт тухлан, усанд орж, алдарт Чиндао шар айргийг шимэн сууя гэж ярилцсан юм.
Бээжингээс хөдөлсөн хурдны галт тэрэг замдаа Тяньжин, Дэжөү, Жинань, Зибө, Хуайфань хотод зогсдог юм байна. Тэдгээрийн ихэнх дээр ердөө ганц минут зогсоно. Хүмүүс буулаа, зөрөөд суулаа, шүгэл дуугарлаа, галт тэрэг хөдөллөө. Ердөө л энэ. Буулаа, тамхиа асаалаа, хоёр сорлоо, шүгэл тасхийлээ, сүүлээ хавчлаа, год үсрээд орлоо, хаалга хаагдлаа...
Замын өртөөнүүдээс Зибө хот миний анхаарлыг татсан юм. Галт тэрэгнээс буумагц элдэв химийн бодис хамар сэтлэм сэнхийв. Хар саарал тэнгэр, тоосонцор манан, аймшигтай муухай агаар... Зибөд ваар шаазан, торгоны үйлдвэрээс гадна эм бэлдмэл, газрын тос боловсруулах зэрэг химийн маш олон үйлдвэр байдаг юм байна. Хамгийн гайхалтай нь агаар, хөрсний бохирдолтой тэр газар хүнсний ногоог их хэмжээгээр тариалдаг гэнэ. Галт тэрэгний цонхоор харахад зуу зуун хүлэмж харагдана. 2015 онд Зибө 4.1 тэрбум юаний үнэ бүхий хүнсний ногоо хураажээ. Найзын минь ярьснаар Хятадаас Монгол руу экспортолдог хүнсний ногоог Зибө-д тарьж ургуулдаг гэнэ. Хэрвээ энэ үнэн бол яана даа яана!!!
Шандун мужийн Чиндао хотын төв вокзал дээр буухад биднийг ер бусын сэнгэнэсэн агаар, сэрүүн сэлгээ салхи угтан авав. 6 дугаар сарын бөгчим халуун Бээжингээс ирсэн бидэнд цээжний угаас баяр төрж, өөрийн эрхгүй инээмсэглэн "Сэрүүн сайхан хангай"-гаа аялж явлаа. Тэнд зуны улиралд ихэнхдээ 25 хэм, 8 дугаар сард цөөн хэдэн хоног 30 хэм хүрэх боловч салхи ихтэй учраас агаар тэгтлээ халдаггүй гэнэ. Харин өвөлдөө цөөн хоног хасах 10 хүрч зузаан хүрэм өмсүүлдэг, ихэнхдээ ноосон цамцтай явуулдаг юм байна. Чиндао хотын вокзал гаднаасаа харахад намхан жижиг байшин мөртлөө дотроо нэлээд уужуу, доошоо хоёр ч давхар юм билээ.
Бид сургууль судлах ажилтай очсон тул такси хөлөглөж өдөржин хотоор тэнэлээ. Чиндао хэдийгээр 9 сая хүн амтай боловч 11.282 ам дөрвөлжин км газар нутагтай, барилга байшин, дэд бүтэц нь уужуу чөлөөтэй, хүн ам сийрэг суурьшсан газар юм. Далайн эргийн нугачаа ихтэй намхан уулсын чөлөөгөөр өнгө донжоо гайхуулах европ хийцийн барилга байшингууд нүд булааж байлаа.
Чиндао Шар тэнгисийн эрэг дэх загас агнуур, далайн тээврийн боомт хот юм. Ногоон цай, усан үзэм тариалдаг, механик тоног төхөөрөмж, электрон бараа, хөлөг онгоцны үйлдвэрлэл, аялал жуулчлал сайн хөгжсөн, далайн хөвөөний зөөлөн чийглэг уур амьсгалтай боловч хур тунадас бага унадаг, цаг агаарын хувьд амьдран суухад нэн тааламжтай нутаг гэнэ.
Таксигаар баахан тэнэж 15 цагийн үед ажлаа амжуулаад далайн эрэгт хүргүүллээ. 100 шахам км явсан боловч ердөө 140 юаний төлбөр гарчээ. Хямд санагдлаа, болж байна. Энд ганц такси гэлтгүй бүх юмны өртөг бага. Хотын төвийн тохилог хотхонд 70 орчим ам дөрвөлжин метр талбай, хоёр унтлагын өрөөтэй байр гэхэд нэг сард 2000 орчим юаний түрээстэй. Тийм ч учраас зундаа Бээжин зэрэг томоохон хотоос хүмүүс халуунаас дайжин ирж, байр түрээсэлж зусна. Чиндаод гадныхан олон, ялангуяа солонгос, япончууд их байдаг. Манайхнаас хүртэл байр сууц худалдаж авсан хүн цөөнгүй байдаг сурагтай.
Тэнгисийн эрэгт очиж далайн хоол захиалж, гоожуурын пиво шимлээ. Шар айрагны хот гэсэндээ аргагүй л өөр амттай юм. Далайн ус, эргийн орчин харьцангуй цэвэрхэн, хүмүүс нь найрсаг, соёлтой юм шиг санагдсан шүү. Гайхалтай нь далайн эрэг дээр дотроо шар айргаар халаасан ч гаднаасаа жихүүцээд байлаа. Өнөөдөр сэрүүхэн өдөр таарсан юм уу гэтэл үгүй гэнэ. Өчигдөр бороо ороод хүйтэн байсан, өнөөдөр нартай дулаан өдөр болж байна гэнэ. Усанд орох санаатай байснаа ярьтал энд 8 сард л усанд ордог, одоо усанд орвол ханиад хүрч мэднэ шүү гээд шоолсон янзтай жуумалзаж байна. Үгүй тэгээд зориод очсон юм чинь яаж зүгээр байхав, өвдгөө хүртэл усанд орж ар араасаа хөөцөлдөн тоглож, хөөсрөн буцах далайн давалгааг харж зогслоо...
Одоо эргээд Чиндаог бодоход сэлүүн тунгалаг агаар, сэлгээ зөөлөн салхи, найрсаг зантай хүмүүс, намуухан сайхан далайн эрэг бодогдож байна...
Ай хө, чамтайгаа зугаалмаар нутаг уу даа хө.
До.Болдхуяг
Бээжин хот 2016 он
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |