• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын ууган сумочин Энхтөвшин Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд дэвшив

CRI       (GMT+08:00) 2010-09-06 16:57:04

Энхтөвшин

     Японы мэргэжлийн сумо бөхөд Монгол улсын сумочид амжилттай барилдаж байгааг монголчууд андахгүй мэддэг бол Өвөр Монголын ууган сумочин Энхтөвшиний тухай мэдээлэл дутмаг байдаг билээ. Харин саяхнаас Энхтөвшин маань цолоо дахин дахин ахиулж, монголчууддаа сайхан билэгтэй чимээ сонордуулж эхэллээ. 8-р сарын 30-нд Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос 9-р сарын тэмцээний сумочдын зэрэглэлийг нийтэлсэн бөгөөд Энхтөвшин мэргэжлийн сумогийн дээд зиндаа болох Макү-үчид алдар нэрээ бичүүлж, Өвөр Монгол төдийгүй бүх Хятадын анхны дээд цолтой мэргэжлийн сумочин болж олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

     Энхтөвшин 1984 оны 1-р сарын 9-д Баарин баруун хошууны Баян-эрдэнэ сумны малчин Өлзийтогтохын отгон хөвгүүн болж мэндэлжээ. Балчир бага наснаасаа унага тугалтай ноцолдон өсч, арван тавтайгаасаа нутаг усныхаа овооны наадамд зодоглон, удаа дараалан түрүүлж, сайн бөх болох шинж чанараа харуулжээ. 15 настайдаа Өвөр Монголын спортын шигшээ багт чөлөөт бөхийн тамирчнаар шилэгдэн оржээ.

Наадмын түрүү бөх Нарантунгалаг( зүүн), үзүүр бөх Дамба

     2003 оны 9-р сард Японы мэргэжлийн сумо бөхийн Арашу дэвжээнд шавилан орж сумо бөхтэй амьдарлаа холбосон байна. Сүмо бөхийн нэр нь Суукүраи Айкичи гэдэг. "Хөх монгол нутгаас ирэгч" гэсэн утгатай. Тус жилийнхээ 11-р сарын тэмцээнд Жунукүчи (зургадугаар) зиндаанд түрүүлж, 2007 оны 5-р сарын тэмцээнд Санданмай (дөрөвдүгээр) зиндаанд түрүүлэв. 2009 оны 11-р сарын тэмцээнд амжилттай барилдан Жиуриу зиндаан (хоёрдугаар буюу цол олох зиндаан)-д дэвшин, Өвөр Монголын түүхэн дэх анхны Жиуриу цолтой сумочин болжээ. 2010 оны 7-р сарын тэмцээнд найм давж, мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшин орсон байна.

Баруун талын захад байгаа нь Энхтөвшин 

     Энэхүү амжилтыг тэмдэглэн 2010 оны 8-р сарын 29-ний өдөр Токиогийн Монгол бөхийн клубээс "Энхтөвшиний Макү-үчи зиндаанд дэвшсэн бөхийн наадам"-ыг зохион байгуулж, залуу сумочны хийморийг хурайлан улам сайн барилдаж өндөр амжилт тогтоохыг нь зоригжуулан урамшууллаа. 29-ний өдрийн 13 цагаас Токиогийн Итабаши дүүргийн Акацүка цэцэрлэгт 100 гаруй хүмүүс цугларан алдарт морин хуурч Сайнзаяа, Цолмон зэрэг дөрвөн морин хуурчдын "Би монгол хүн" зэрэг дөрвөл хөгжмөөр наадам эхэлж, торгон ногоон зүлгэн дээр товруутай зодгоо гялалзуулан хүчит 32 бөх барилдав. Уг наадамд Өвөр Монголын Онгинууд хошуунд нутагтай, бөхийн клубийн зангиат бөх Нарантунгалаг түрүүлж, Монгол улсын аймгийн арслан Дамба үзүүрлэв. Энхтөвшин дээд дөрвөн бөхөд шагнал олгосны дараа тансаг идээ айраг сархад, чанасан хонины махаа ирсэн зочиддоо өргөн найраа үргэлжлүүлсэн бөгөөд Монгол улсын залуу сумочин жиүриу цолтой Амраа (Хошикакай) -гаас цуваа барилдааны дөрвөн тэргүүнд бай шагнал гардуулан наадамд чимэг найрт наргиан нэмсэн билээ.

    Энхтөвшин, "Монгол ахан дүүс минь урамшуулж дэмжсэнд үнэхээр их баярлалаа. Цаашид улам сайн барилдаж, Өвөр Монгол гэдэг нэрээ бадруулж явна." гэж монгол эрийн жавхаа төгс ярьжээ. Наадам өндөрлөж бүрий тасарсан байтал цэцэрлэгт залуус барилдсаар байлаа. \Эх бичгийг Японы Б. Болд хангаж, Алтаннавч редакторлов\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе