• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зургийн дундуур түүхийн мөрийг хайсан аялал

CRI       (GMT+08:00) 2011-07-22 16:06:04

     "Хятадын хилийн нутгаар аялах нь " томоохон арга хэмжээний умард хил дэх нэгдсэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, 21-ний өдөр бид Хөлөн Буйрын Хайлаараас мордон, Хятад Оросын хилийн зааг болох Эргүүнэ гол болон Шивээ боомтыг зорьлоо. Өглөө эрт мордсон бид машинаар зургаан цаг давхиулсаар сая зорьсон газартаа хүрсэн юм. Аяны алжаалыг умартан,сэтгүүлчид бид Өвөр Монголын өргөн уудмыг гайхан биширч, тэнэгэр тал, цэлмэг тэнгэр, өнгийн цэцэг, өвч ойг бахдан шагширч явлаа. Том хотод ажиллаж амьдарч байгаа тэд байтугай талд төрж өссөн би ч гэсэн зураг шиг байгальд согтуурч, байгаль орчноо бохирдуулалгүй хамгаалж байгаад малчдаараа бахархан суусан юм. Түүнчлэн эртний монголын минь түүх соёлын өлгий болсон Эргүүнэ гол болон Шивээд хүрч, үлгэр домог дах хүн байгалийн гайхамшгийг биеэрээ мэдрэх гэж илүү яарч байсан юм.

     Сүүлийн жилүүдэд би тал нутгийн үүлийг ажиглаж, янз бүрийн дүр төрхийг таамаглан, үлгэр домог шиг холбон боддог болсон. "Үүл нүүхийг харж болохгүй. Мартамхай болно" гэж үр хүүхдээ цээж сэргэлэн байлгахыг хүсдэг ээж минь захидаг байсан. Тэр дороо л барьсан тавьснаа мартдаг болсон минь үнэхээр ээжийнхээ захиаг сонсоогүйгээс болсон ч юм бил үү, бүү мэд. Гэхдээ үүл үнэхээр гиюүрэл бодлогоширлыг мартуулдаг увидастай бол бас ч сайхан даа.

     Хэсэг бараан, мөн нэгээхэн хэсэг нь хөвөн мэт цагаан үүл нутгийн хүүхэд л уншиж чаддаг домог яриад байх шиг санагдах юм. Тэнгэрийг байн байн ширтэж явахдаа өнөөдөр үүлний доогуур нисэж байгаа бүргэдийг олж харлаа. Үүнийгээ би их олзуурхон бодож, тэр дороо л Тайваний алдарт яруу найрагч Ши Мөрөнд ярьж өгмөөр санагдсан юм. 7-р сарын 10-ны өдөр Бээжинд ирсэн түүнээс ярилцлага авах үед нүүдэлч малчдын соёл, байгаль орчны хамгаалалт зэрэгт санаа болж байгаа тэрээр тал нутагт мань бүргэд харагдахгүй боллоо гэж харамсан, төмөр тор татсан нь амьтны замыг хашсанаас боллоо гэж өөрийн бодлоо ярьж байсан юм.
Талын минь тэнгэр бүргэдийн чимэг, үүлний домогтойгоо мөнхрөх болтугай гэж нойрсох цагаа ч үл харамнан элдвийг бодож явлаа. \Сэтгүүлч Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе