|
|
||
Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн баруун өмнөд хэсгийн хил орчим нутагт оршдог Ши-шуан-бань-нагийн Дай үндэстний өөртөө засах жөүгийн Жин-хун хот бол Хятадын аялал жуулчлалын гол хотуудын нэг, халуун бүсийн ширэнгэн ойн байгалийн гайхамшигт өнгө үзэмж бүрдсэн, үндэстний цөөнхийн өвөрмөц зан заншлаараа алдаршсан газар юм. Ши-шуан-бань-на гэх үгийг эртний Дай хэлэнд "Мэн-ба-ла-на-ши" гэдэг байсан бөгөөд тэр нь "Баясгалант диваажин" гэсэн утгатай үг аж.
Ши-шуан-бань-нагийн халуун бүсийн ширэнгэн ой
Ши-шуан-бань-нагийн байгалийн дархан цаазат бүсэд халуун бүсийн олон төрлийн мод ургамал ургаж байдаг ба тэнд Кхму хүн\Khmus\ аймаг бүлгээрээ оршин амьдарч байна. Кхму хүн хятадаар ярьдаггүй, тэд өөрийн хэлтэй боловч үсэг бичиггүй, тэдний хэл нь Мон-Кхмер төрөл хэлэнд багтдаг хэл болно. Кхмучууд өөрийн өвөрмөц соёл, түүхийн уламжлал, зан заншилтай. Кхмучууд жигүүртэн шувуу шиг модон дээр амьдардаг болохоор, тухайн нутгийн хүмүүс тэднийг бас "шувуун хүн" гэж нэрлэдэг байна.
Ши-шуан-бань-нагийн халуун бүсийн ширэнгэн ой
Одоогийн байдлаар, кхмучуудын нийт хүн ам нь 2000 гаруйхан л байгаа болохоор, үндэстнээр батлах жишиг тооны баримжаанаас хол бага аж. Иймээс хүмүүс тэднийг Кхму хүн гэж нэрлэдэг байна. Кхмучууд урт хугацааны турш эргэн тойрны бусад үндэстнүүдтэй алс зайдуу саланги байдалд оршин амьдарч ирсэн болохоор, гаднын хүмүүс тэдний тухай ойлголт маш бага байдаг билээ.
Ши-шуан-бань-нагийн халуун бүсийн ширэнгэн ой
Чөлөөлөгдөхөөс өмнө, кхмучууд баларлаг нийгмийн сүүлчийн үе шатанд амьдарч, үйлдвэрлэх хүчний түвшин нь маш доор байсан тул, амьдрал ахуй нь тун хүндрэлтэй байдалд байжээ. Чөлөөлөгдсөний дараа, кхмучууд хулсан байшинд амьдрах болж, үр тариа, хүнсний ногоо, банана, гуа жимс зэрэг ажил төрөл эрхлэн, өөрийн хөдөлмөрөөрөө амьдралынхаа хэрэгцээг хангах болсон байна.
Ши-шуан-бань-нагийн халуун бүсийн ширэнгэн ой
Тухайн орон нутгийн засгийн газраас кхмучуудын аймаг бүлгийн ахлагч нартай хэдэн жил хэлэлцээ хийсний дүнд, кхмучууд сая уулнаас бууж амьдрахыг зөвшөөрсөн гэдэг. Халуун бүсийн ширэнгэн ойн цэцэрлэгт бүсэд Кхмучууд өдөртөө жуулчид хүлээн авах үйлчигээний ажил хийж, мөнгө төгрөг олж, шөнөдөө ууландаа буцаж модон дээр хоноглодог. Тэд модны салаан дээр модон гэр барьж, гадагш явахдаа өндөр модноос уясан дээснээс хүн сармагчин шиг дүүжлэгдэн энэ модон дээрх байшингаас тэр модон дээрх байшинд хүрдэг байна.
Жуулчид кхмучуудын хороололд орж байгаа нь
Жуулчин кхмучуудын гэр хороолод очих зам зуур, өндөр модон дээр барьж зохиосон постоос харуулын кхму хүн олж харангуутаа жуулчид руу хандан "Хү ха" гэж хашгирахад, жуулчид мөн хариуд нь "Хү ха" гэж хашгирдаг. Жуулчлалын хөтөчийн танилцуулснаар, энэ нь манайхны уулзахдаа хэлдэг "Сайн байна уу" гэсэнтэй адилхан мэндчилгээний үг байжээ. Харин "Ха хү" гэж андууран сольж хэлж болохгүйг хөтөч онцлон сануулдаг, учир нь тэгэж ярихад хүрвэл, тэр нь кхму хүнтэй дайн зарлах гэсэн санаатай үг болж өөрчлөгдөнө гэдэг. Харуулын кхму хүн жуулчидтай мэндчилсний дараа, гэр хороолол руугаа хандан хашгирч, зочин ирж явааг мэдэгддэг. Тэдний гэр хороололд нэвтрэх уулын цорын зам дахь анхны "боомт"-оор өнгөрөхөд, тэндэхийн "сахиул" кхму хүн жуулчдын нүүрэн дээр нь ямар ургамлын тосоор хийсэн нь үл мэдэгдэх нэг зүйлийн шаргал өнгөтэй будгаар нарийн зураас татан будаж өгдөг бөгөөд түүнийг "Алаг царайтай болгох" гэдэг байна. Тэгж будгаар будуулж алаг царайтай болох нь хүмүүст нэг зүйлийн сонин хачин сэтгэгдэл төрүүлдэг байна. Ингэж "боомт"-ын "шалгалт"-ыг туулж, уулын зөрөг замаар дээш авирвал, явах тусам бартаа ихтэй, өндөр өндөр ой тайга, ягч сахлаг өвс ургамалтай ууланд хүрдэг юм.
Кхмучуудын модон дээрх харуулын пост
Кхмучуудын гэр хороололд ойртож хүрэхэд, ой дотор өндөр модон дээр байсан харуулын пост дахь кхму хүн гэнэт модноос дээсээр дүүжлэгдэн, жуулчдын толгой дэгүүр шүүрч алдам нисэн өнгөрч, нөгөө талын харуулын постод хүрдэг байна. Жуулчлалын хөтөч үүнийг урьдаас жуулчдад хэлж сануулдаг болохоор, айж цочирдох зүйлгүй байдаг юм.
Кхму охин
Кхмучуудын гэр хорооллын үүдний гадна, кхму хөвгүүд охид жуулчдыг хүлээж байдаг. Тэд жуулчдын гараас хөтлөн дотогш залж оруулдаг ба тэр үед кхмучууд хэнгэрэг дэлдэн мод цохиж, зочин угтдаг өөрийн өвөрмөц зан зуршлаар хүлээж авдаг байна. Кхму хөвгүүд охид жуулчдыг дагуулан, модон хийцтэй дөрвөлжин хашаатай хороололд орж, энэ хороооллын төв дэх үхрийн толгойн яс өлгөсөн сүлд модыг тойрон бүжиглэдэг. Жуулчид кхмучуудтай гэрэл зураг авахыг хүсвэл, тэд дуртай хамт зураг авхуулдаг бөгөөд тэд бол ер нь хэзээд маш баяр баясгалантай явдаг хүмүүс юм.
Жуулчдыг дагуулан бүжиглэж байгаа кхму охид хөвгүүд
Кхмучууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй их төлөв 1 метр 50 см орчмын намхан нуруутай, нэлээд махлагдуу, боровтор царайтай, эелдэг сайхан зан араншинтай хүмүүс байдаг. Кхмучууд ялангуяа бүсгүйчууд нь махлаг тарган байхыг гоё гэж үздэг байна. Кхмучуудын гэр хорооллын хашааны ханан дээр нь үхрийн толгойн яс зэргийг их олон өлгөсөн байдаг. Кхмучууд үхрийн тотемтой учраас үхрийг дээдлэн шүтдэг байжээ. Кхмучуудын гэр хорооллоос салж явахдаа, тэдэнтэй "Вэйби" гэж хэлнэ. Энэ нь манайхны хэлдэг "Баяртай" гэсэнтэй адил утгатай үг гэдэг.
Кхму эмээ
Жуулчлалын хөтөч тэндээс жуулчдыг дагуулан дараагийн модон саравчинд хүрнэ. Тэр нь кхмучуудын татдаг өвөрмөц маягийн "тамхи"-г татаж сонирхдог газар байжээ. Тэр тамхи нь янжуур тамхи шиг нарийн хийцтэй биш, цаасанд боож татдаг навчин тамхи ч биш, харин нэрийг нь савхны үзүүр шиг нарийхан мөртлөө нэр нь үл мэдэгдэх нэг зүйлийн модны ширхлэг байжээ. Тэнд нэг кхму эмээ тэр "тамхи"-г яаж татахыг жуулчдад тусгайлан зааж өгч байдаг. Жуулчид тэр настныг дууриан асааж татаж үзвэл, тэр нь "тамхи" шиг сороход утаа гардаг мөртөө бас тамхины сэрүүвтэр үнэр амттай сонин эд байгааг мэдэрдэг байна.
Кхмучуудын хорооллын хананд өлгөсөн үхрийн яс
Кхмучууд нэг зүйлийн ургамалаас гаралтай хар өнгөтэй будгаар шүдээ буддаг бөгөөд тэгэж будвал нэн гоё болно гэж үздэг байна. Үүнээс гадна, тэгэж будсанаар шүд нь бэхжиж нас ахисан ч унахгүй хэвээр байдаг гэдэг.
Кхмучуудын хулс өвсөөр барьсан байшин
Кхмучууд дуу бүжигт авьяалаг хүмүүс байлаа. Гэхдээ, тэдний дуу бүжгийн тоглолт сонирхохоор тоглолтынн талбайд хүрэхэд, хулсыг дээсээр бэхлэж уясан 3 дүүжин гүүрээр заавал өнгөрөх шаардлагатай байдаг. Тэр дүүжин гүүр дэгүүр явахад маш их савлан хөдөлдөг болохоор маш аймшигтай санагддаг юм.
Кхму бүсгүйчүүдийн бие угаах газар
Кхмучууд нүцгэн хөлөөр шилний хагархай дээр алхах, хутган шатаар дээш авирах, амаар гал үмхэж үлээх зэрэг рид шидтэй тоглолт үзүүлдэг. Тэнд хүрсэн жуулчид кхмучуудын тэр тоглолтуудыг маш их сонирхон үздэг байна.
Дээсээр бэхлэж уясан дүүжин гүүр
Кхмучууд хүүхэд төрвөл хойтохыг нь хулсан саванд хийж, модон дээр өлгөж тавьдаг заншилтай байдаг. Түүнд хөх давуугаар боосон нь хөвгүүтэй болсныг, улаан давуугаар боосон нь охинтой болсныг, хар давуугаар боосон нь хүүхэд нь эндсэнийг илтгэдэг байна.
Кхму залуучууд бүжиглэж байгаа нь
Төв засгийн газрын дэмжлэг туслалцаан дор, Ши-шуан-бань-нагийн халуун бүсийн ширэнгэн ойд амьдарч байгаа кхмучууд ядуу тарчиг амьдралаас үндсэндээ ангижирч, үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдал нь тодорхой хэмжээгээр сайжран, оюун санааны дүр төрхөд нь ихээхэн өөрчлөлт гарч, үе шатны чанартай дэвшил хөгжилд хүрсэн байна. Тэд хэдийгээр баларлаг амьдралын орчиндоо дадсан хэдий ч, тэдний үр хүүхдүүд нь Жин-хун зэрэг хот орж бичиг соёл сурч байгаа аж.
Кхмучуудын хулсан шатны хаалга
Кхмучуудын гадаад орчинтой харилцах цар хүрээ өргөжиж, үсэг бичигт тайлагдан, соёл боловсрол хүртэж, орчин үеийн дэвшилт технологи, мэдээллийг ойлгож мэдрэхийн хэрээр, шат бүрийн засгийн газрын дорвитой дэмжлэг туслалцаатайгаар тэдний үйлдвэрлэл амьдрал нь нэн их дэвшил хөгжилд хүрнэ гэдэгт итгэж байна. \Мэдээ, зургийг сурвалжлагч О.Дарамбазар, Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |