• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Удам угсаа нэгтэй Юньнань монголчууд

CRI       (GMT+08:00) 2011-12-22 16:49:19

     Хятад улсын 2000 оны хүн амын 5 дахь удаагийн тооллогын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Юньнань мужийн монголчууд 28,110 байгаа бөгөөд, уг мужийн 42,360,000 хүн амын 0.066%-ийг эзэлдэг байна. Мөн Юньнаний 25 үндэстний цөөнхийн дотор, тэд хүн амын тоогоороо 19-рт жагсаж, үндэстний цөөнхийн нийт 14,150,000 гаруй хүн амын 2%-ийг эзэлсэн байна.

Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Чингис хааны хөрөг

     Юньнань мужийн үндэстний цөөнхүүдийн доторхи цөөнхийн цөөнх болсон Юньнань монголчууд тархай бутархай байдлаар оршин сууж, 16 газар, жөү, хотын харьяа 128 хот, шяньд тус тус оршин амьдарч байгаа боловч, голцуу Юньнань мужийн төв-- Күньмин хот болон Чюй-жин, Юй-ши, Вэнь-шань, Хун-хэ, Жао-түн, Сы-мао зэрэг газар, жөү, хотод оршин сууж байна. Тэдний угсаа гарлын хувьд, умар зүгийн тал нутгийн монголчуудаас үүдэлтэй нь зонхилж байдаг.

Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Чингис хааны хөрөг

     Юньнань монголчуудын өвөг дээдсийн Юньнаньд ирсэн цаг үеийг их төлөв 4 ангилан өгүүлж болно. Тухайлбал: Анх удаа нь: Манай тооллын 1253 онд Их Монгол улсын хаан Мөнхийн зарлигаар Хубилай их цэрэг дайчлан баруун өмнөш Юньнанийг дайлсан үе ба Их Юань улс байгуулагдсаны дараа, Юньнаньд үлдэж хамгаалалтын алба хашиж байсан монгол цэргүүд болон ноёд түшмэд. Хоёрдугаарт: Мин улсын Хун-үгийн 14-р он тухайлбал манай тооллын 1381 онд Мин улсын цэргийг дагалдан Юньнань орсон цэргийн болон засгийн алба хашиж байсан монголчууд. Гуравдугаарт : 20-р зууны 40-ээд оны үеийн Японыг эсэргүүцсэн дайны үед дайны хөл үймээнээс зайлан Күньмин хот орсон монголчууд. Дөрөвдүгээрт: Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, цэрэг ангийг дагалдан өмнө зүгийн нутагт очсон цэргийн болон засгийн алба хааж байсан монголчууд ба эдийн засгийн байгуулалтын үед Юньнаньд хүрч ажилласан хүмүүс болно.

Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордонд тахиж байгаа Хубилай хааны хөрөг

     Ялангуяа өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээс хойш, нийгэм хөгжиж зам харилцаа хөгжихийн хэрээр, орчин үеийн мэдээлэл холбоо, бараа таваарын логистикийн ажил төрөл өрнүүн хөгжиж, хүн амын шилжилт түргэсч, умар зүгийн тал нутгийн монголчууд олноор Юньнаньд очиж ажиллаж амьдрах болсон билээ.

Юньнань монголчууд "Гурван богд"\Чингис, Мөнх, Хубилай\-д тахил өргөж байгаа нь

     Эдгээр монголчууд болон тэдний үр ач нар нь Юньнань монголчуудын нийт цогцыг бүрдүүлсэн юм. Үүнээс гадна, түүхийн учир шалтгааны улмаас монголчуудын үр ач нарын зохих хэсэг нь бусад үндэстэнтэй нийлж ууссан ажээ. Эрдэмтдийн хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, Юньнаньд монгол удамтай 50,000—60,000 хүн өөрсдийгөө монголын үр ач нар, монгол угсаатан гэж үздэг байна. Тэд бол үндэстнээрээ бахархаж үндэстнээ хайрладаг монгол сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм.

     Юньнань монголчууд бол Хятадын 56 үндэстний доторхи Монгол үндэстний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хятадын 30 муж, хот, өөртөө засах районы 5,814,000 монголчуудын дотор, Юньнань монголчууд хүн амын тоогоор 11-р байранд жагсаж, монголчуудын нийт хүн амын 0.48%-ийг эзэлж, Гүйжөү, Сычуанийхаас бага байдаг. Гэвч баруун өмнөд нутгийн Юньнань, Гүйжөү, Сычуань, Чүнчин зэрэг 4 муж, хотын нийт 125,800 монголчуудын дотор, Юньнань монголчууд 22.34%-ийг эзэлдэг байна.

     Тэдний тархан сууршиж байгаа газар нутаг нь их төлөв 700 гаруй жилийн өмнөх Их Юань улсын үед байгуулсан Юньнань мужийн харьяа газар нутгийг хамарч, баруун өмнөд нутгийн монголчуудын тархан сууршсан түүхэн байдал ба тэдний нүүдэл шилжилт, хүн амын өсөлтийн үндсэн байдлыг харуулсан байдаг.

     Күньмин хот: Уг хотод одоогийн байдлаар 4000 гаруй монголчууд оршин амьдарч байна. Күньмин хот нь Юньнань мужийн улс төр, эдийн засаг, соёл, зам харилцаа, мэдээллийн төв болсны хувьд, олон салбар чиглэлийн мэргэжил эзэмшсэн Монгол үндэстний зохих тооны чадварлаг хүмүүс тухайн муж, хот, шянь, дүүргийн нам засаг, соёл, боловсролын байгууллагууд, үйлдвэр худалдааны салбарууд, аж ахуй нэгжүүд, олон нийтийн байгууллагуудад тус тус ажиллаж, орон нутгийн эдийн засаг, худалдаа, соёл, урлагийн үйлсийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Юньнаний монгол бүсгүйүүд

     Монголчууд Их Юань улсын жи-юаний 11-р он тухайлбал манай тооллын 1274 онд Юньнаньд муж байгуулснаас эхлэн, Юньнань нь мужийн нэрээр Хятадын түүхэнд анх тэмдэглэгдсэн юм. Жи-юаний 13-р он тухайлбал манай тооллын 1276 онд мужийн төвийг Да-лигээс Жүнчин\Одоогийн Күньмин\-д шилжүүлснээс хойш, Күньмин нь албан ёсоор Юньнань мужийн төв болж эдүгээд хүрсэн аж.

Юньнаний монголчууд

     Их Юань улсын Шизу Хубилай цэцэн хаан Юньнань мужийг байгуулсны дараа, олон мэргэжлийн эрдэмтэн чадвартан нар болон хэсэг монгол ноёд язгууртнууд, зохих тооны цэрэг ангийг тэнд илгээн, Сүн-хуа хашлага, Жиньши гол зэргийг хамарсан Күньмингийн Дяньчи нуурын ус ашиглалтын барилга байгуулалт хийсэн төдийгүй бас сүм хийд, хөшөө дурсгал зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг их олноор байгуулж үлдээсэн билээ.

Дяньчи нуурын үзэмж

     Дяньчи нуурын ус ашиглалтын барилга байгууламж нь Күньмин Юньнань мужийн төв болсны дараа хийгдсэн анхны том барилга байгууламж байсан юм. Пин жан жэн ши хэмээх төрийн хэргийг тэгшлэн засагч том түшмэл Сай-ид Ажалл Шамс ал-Дин нарын зэрэг хүмүүс уг барилгын ажлыг удирдан хийж гүйцэтгэсэн байна.

Юньнаний монгол бүсгүй

     Хубилай цэцэн хааны үед монгол нутагт ирж жуулчилсан Италийн нэрт жуулчин Марко Поло өөрийн замын тэмдэглэлдээ, Юньнань болон Күньмингээр аялахдаа өөрийн үзсэн сонссон зүйлсийн тухай сонирхолтой тэмдэглэлүүдийг бичиж үлдээсэн байдаг билээ. Күньмингийн баруун уулны үзэмжит бүс болон Хуа-тинсы хийд, Тай-хуасы хийд, Сань Чин-гэ харшийг их хааны усгааны Лян вангийн зуслан, зуны орд болгож байгуулсан байв. Жү-жүсы хийдэд түүх соёлын үндэсний хамгаалалтад орсон "Үн нам ун ганжуур номыг дэлгүүлэхийн хөшөөний бичиг" болон дөрвөлжин үсгийн сийлмэл дурсгалт зүйлс бий. Дяньчи нуурын хажуу дахь уулын хамгийн өндөр оргил болох "Лян ван-шань" хэмээх нэгэн уул бий. 1381 онд Мин улсын хаан Жү Юаньжан 300,000 их цэргээр Юньнанийг довтолж, их хааны угсааны Лян ван Базарвармийн 100,000 цэргийг дайрав. 1384 онд Лян ван Мин улсын их цэрэгтэй байлдан дарагдаж, Дяньчи нуурт үсэрч амиа юүтгэсэн үйл явдлыг дурсгаж тэр уулыг ийнхүү нэрлэсэн аж.

Юньнаний Шинмэн шянгийн Монгол үндэстний 2011 оны наадмын талбай

     Ши-линь шяний Зы Юйшань ууланд Их Юань улсын Шунлибө Булухайя\хятадаар Шуань ли бө пу лу хай я гэдэг\ хэмээх нэгэн жанжны бунхан хадгалагдсаар ирсэн ба түүний үр ач нар хожим нь "Я" гэсэн үгтэй ойролцоо авиа болох "Ян"-гаар овоглох болжээ. Жи-юань, Жи-дагийн онуудад Юньнань мужийн лянь-фан-фү-ши, лянь-фан-ши хэмээх түшмэлээр ажиллаж байсан Дорж гэх нэг том ноён Күньминд 60 насандаа бие барсны дараа, түүний үр ач нар нь Күньмин болон Юньнань мужийн олон нутагт тархан сууршижээ.

Наадам сонирхогчид

     Ань-нин хотын Янь-та-ли-и тосгон бол мөн Монгол үндэстний оршин суугаа газар юм. Ечибух\хятадаар Е Чи Бү Хуа\ жанжны бунхны хөшөө тэнд бий. Ечибухын хөвгүүн Масухухутуг\хятадаар Ма Сү Хү Гү Дү гэжээ\ болон түүний үр ач нар нь "Ма"-гаар өөрсдийн овгоо болгосноор, тэд "Ма" овогтой монголчууд болжээ.

Наадмын ёслолын жагсаалд оролцогч Юаньнань монгол залуу

     Тай овогтны Тайжя тосгоны иргэд бол Лян вангийн үр ач нар болох бөгөөд тэд Тай овог соёрхогдсон болохоор, Тай овгоор өөрсдийн овог болгосон байв. Ваньжя тосгоны иргэд бол Лян вангийн баруун гарын чинсан Өлзийт\хятадаар Вань Зэ-дү гэжээ\-ийн үр ач нар болох бөгөөд Мин улсаас хойш "Вань" овгоор овоглох болсон аж. Тэд бол Күньминд оршин суугаа монголчуудын зонхилох хэсгийн өвөг дээдэс нь болно. Үүнээс гадна бас бусад үндэстэнд уусан шингэсэн хэдэн мянган монголчууд бий.

Наадмын талбайд орж байгаа Юньнань монгол бөхчүүд

     Юй-ши хот: Уг хотод одоогийн байдлаар нийт 7000 гаруй монгол хүн оршин сууж байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 25%-ийг эзэлж, монголчуудын хүн амын тоогоор уг мужийн 16 газар, жөү, хотын дотор нэгдүгээр байранд ордог байна. Түүнд 86.7% нь Тун-хай шяньд төвлөрөн суудаг бөгөөд тэнд мөн Юньнань мужийн Монгол үндэстний цорын ганц шян\сум\--Шинмэн\монголоор Монголоо мандуулах гэсэн утгатай\ шян байдаг юм.

Наадмын талбайд орж байгаа сурчид

     Их Юань улсын үед Линь-ань цөлгөө\хятадаар Лү гэдэг\-ний Шуаньвэйсы хэмээх дэлгэрэнгүй тохинуулах хэлтсийн Дү Юаньшуай\монголоор бүгдийг захирагч маршал гэсэн үг\-н ордыг Чюйтүө хэмээх Юньнаний төв хэсгийн өртөөний зам дайран өнгөрдөг цэрэг дайны чухал газарт байгуулжээ. Тухайн үед Монгол, Өнгөт нүдтэн\баруун хязгаарын хүмүүсийг тухайн үед ингэж нэрлэж байжээ\, Хань зэрэг олон үндэстнээс бүрдсэн цэрэг засгийн их олон хүн тэнд засаглан дарангуйлж сууж байсан ба Жи-юаний 13-р он тухайлбал 1276 онд тэндэхийг цэрэг дайны чухал түшиц газар болгон өргөтгөн байгуулсан байна. Одоог хүртэл хадгалагдаж ирсэн Да-зы-ин, Нажя-ин, Хүө-жя-ин, Шуай-фү-ган зэрэг газруудын нэр нь тэдгээрээс улбаатай аж. Хятадаар "Ин" гэж цэргийн хуаранг хэлдэг юм. Юй-ши хот нь Юньнаний Монгол үндэстний түүх соёлын дурсгалт зүйл нэлээд олон хадгалагдаж байгаа хот юм. Уг хотын Шинмэн шянд 5600 гаруй монголчууд оршин амьдарч байгаа бөгөөд уг шянгийн иргэдийн 98% нь Монгол үндэстэн юм. Их Юань улсын үед Дү Юаньшуай түшмэл агсан Ал-төмөр, Зандан болон тэдний харьяа цэргийн үр ач нар бол Шинмэн шянгийн монголчуудын өвөг дээдэс нь болно. Тэндэх нь Юньнаний монголчуудын оршин суугаа гол газар нутаг болох бөгөөд Юньнаний Монгол үндэстний соёлыг харуулдаг төв нутаг нь болдог байна.

Хундаган бүжиг бүжиглэж байгаа Юньнань монгол бүсгүйчүүд

     Их Монгол улс, Их Юань улсын үед Монголчууд өөрийн үг хэл, үсэг бичигтэй байсан боловч, Шинмэн шянгийн монголчууд өөрийн эх нутгаасаа алслагдаж, олон зуун жилийн ороо бусгаа түүхэн замналыг туулж ирсэн болохоор, тэдний үг хэл, үсэг бичигт нь асар их өөрчлөлт гарчээ. Тэд одоо ханьзы үсэг бичиг хэрэглэж байгаа бөгөөд үг хэл нь ч бие даасан нэг зүйлийн "Юньнаний монгол хэл" болж хувирсан байлаа. Тэдний хэлэлцдэг "Монгол хэл"-ийг нь бид ойлгодоггүй, манай хэлдэг монгол үгийг тэд мөн мэдэхгүй. Хэл шинжлэлийн эрдэмтэн нарын хийсэн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, Шинмэн шянгийн монголчуудын хэл нь Ли Сү, Хани, И, Хань, Монгол зэрэг 5 үндэстний хэлний нэг зүйлийн "холимог хэл" болох бөгөөд тэдний үгсийн сангийн 10% нь монгол хэлнийхтэй ойролцоо төсөөтэй үгнүүд байдаг аж. Тэд өөрийн хэлж буй "монгол хэл"-ээ "Кажүө хэл" гэдэг.

Шинмэн шянгийн дарга Гуань Шюечин\Монгол үндэстэн\ наадмын нээлтийн ёслол дээр үг хэлж байгаа нь

     Сүүлийн жилүүдэд Шинмэн шянгийнхан хүмүүсээ хэдэн удаа Өвөр Монголд илгээн монгол хэл суралцуулсан боловч, уугуул монгол хэлээ дэлгэрүүлэн хэрэглэж чадаагүй, зөвхөн онцгой тохиолдолд тухайлбал зар сурталчилгаа, уриа лоозон зэрэгт хятад бичигтэй зэргээр хэрэглэж байна. Тэд хятад хэлний Тун-хай аялуугаар ярьдаг бөгөөд бас хятад хэлний төв аялууг ч сайн ойлгодог тул, бид зөвхөн хятад хэлээр тэдэнтэй хэл амаа ололцох боломжтой байдаг.

Савхан бүжиг бүжиглэж байгаа Шинмэн шянгийн монголчууд

     Түүхэн учир шалтгааны улмаас Шинмэн шянгийн монголчууд хэдийгээр үг хэл, үсэг бичиг, хувьцас өмсгөл зэрэг монгол соёлынхоо зонхилох өв уламжлалыг алдсан боловч, өөрийн үндэс угсаагаа мардаагүй бат цээжилж, Чингис хаан, Мөнх хаан, Хубилай хааныг "Гурван богд" хэмээн хүндэтгэн дээдэлж, үеийн үед тасалдуулалгүйгээр өөрсдийн өвөрмөц зан журмаар тахил өргөц өргөн мөргөл үйлдэж, уламжлалт зан зуршил болгон өвлөн залгамжилсаар ирсэн билээ. Энэ тахилын арга хэмжээ нь жил болгоны билгийн улирлын 6-р срын 20-нд болдог байна.

Зочдод ая дуу өргөж байгаа Юньнаний монгол охид

     Чюйжин хот: Уг хотод 5000 гаруй монголчууд оршин сууж байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 18%-ийг эзэлж байдаг. Их Юань улсын үед тэнд Чюйжин цөлгөө\хятадаар Лү гэх үг. Энэ нь одоогийн Фү-юань, Шуаньвэй, Хүй-зэ зэрэг газрууд болно\-ний дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс\хятадаар Шуаньвэйсы гэдэг\, Үса-үмэн\хятадаар Ү са ү мэн гэдэг\-гийн дэлгэрэнгүй тохинуулах хэлтсийг байгуулжээ. Лян ван Базарварми Мин улсын цэрэгт ялагдаж амиа хорлосны дараа, Юньнаньд байрлаж байсан монгол цэргүүд бутран сарниж, овог нэрээ нууж хувцас өмсгөлөө халж зан заншлаа өөрчлөн амьдарсан ба яваандаа бусад үндэстэнд уусч шингэсэн байна. Үүнд зөвхөн Чюйтүө боомтыг сахин хамгаалж байсан хэсэг монгол цэргүүд дайны дараа Чи-лү нуурын баруун эргийн дэнжинд хуран цугларч аж төрсөөр эдүгээд хүрч иржээ. Тэд бол Шинмэн шянгийн монголчуудын өвөг дээдэс юм. Ялангуяа Юань улсын сүүлчийн үед Юаньнаньд руу ухран тэндэхийг сахиж суусан чинсан Төмөржин\хятадаар Тэ-мү-жянь гэдэг\-гийн үр ач нар нь Юньнань, Гүйжөү, Сычуань 3 мужийн уулзвар нутгаар оршин амьдарч, хожим нь "Юй" овгийг өөрийн овгоо болгосон байна.

Шинмэн шянгийн монгол бүсгүй

     Вэньшань жөү: Уг жөүд 6400 гаруй монголчууд оршин амьдарч байгаа бөгөөд тэд Юньнань мужийн нийт монголчуудын 23%-ийг эзэлдэг байна. Тэндэхийн монголчуудын доторхи Зань, Хүө, Шянь овогтой иргэд бол бүхнээрээ Ал-төмөр, Зандан, Худаг-төмөр\хятадаар Хү дү тэ мү эр гэдэг\ жанжин, төмөржин чинсан нарын үр ач нар байгаа юм. Тэдний удам угсааны бичигт өвөг дээдсээ "Умард нутгийн иргэд булай, говийн араас ирсэн бөлгөө" хэмээн тэмдэглэсэн байдаг.

Шинмэн шянгийн монгол эмээ

     Хун-хэ жөү: Уг жөүд 1200 гаруй монголчууд аж төрж байгаа бөгөөд тэд Юньнаний нийт монголчуудын 4.3%-ийг эзэлж байдаг. Тэд голцуу Мэн-зы, Кай-юань зэрэг хэдэн хотод оршин сууж байна. Үүнд Кай-юань хотын "Ү" овогтой монголчууд бол Шуан-дэ\монголоор дэлгэрэнгүй ёст хэмээх үг \ вангийн үр ач нар юм.
Эдгээрээс гадна, Баошань хотын Тэнчүн шянь, Лижян хот, Чүшюн жөүд бас цөөн тооны монголчууд оршин амьдарч байна. Баошань дахь "Ли" овгийнхан Мин улсын эхний үед Юньнаньд сууж байсан том түшмэл Ли-хэй-си-бөгийн нэрийн эхний "Ли"-гээр, Лянжин хот дахь "Юань" овгийнхан Юань улсын "Юань"-ар, Чүшюн дэх "Дай" овгийнхан Их Юань улсын үеийн Дотоод Бичгийн Яам\хятадаар Жүн-шү-шэн гэдэг\-ны баруун гарын чинсан Удай\хятадаар Ү Дай гэдэг\-н нэрийн энхний "У"-гаар тус тус өөрсдийхөө овог болгож ирсэн түүхтэй билээ.

Зочин угтаж байгаа Шинмэн шянгийн монгол охид хөвгүүд

     Юньнаний монголчууд уугуул нутгаасаа алс зайдуу оршин амьдарч, мандалт—бууралт—хөгжлийн олон зуун жилийн түүхэн замналыг туулах явцдаа, бусад үндэстнүүдтэй эв найртай зэрэгцэн оршиж харилцан суралцаж өөрийгөө хөгжүүлэн, өвөрмөц соёл уламжлалыг бүрдүүлсэн төдийгүй, бас Юньнаний үндэстний цөөнхүүд тэрчлэн Хятадын үндэстнүүдийн дэвшил, соёлын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. \Мэдээ, гэрэл зургийг сурвалжлагч О.Дарамбазар, Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе