|
|
||
130614jargalsaihan0518-02.mp3
|
МУГЖ, Монголын дуулаачдын холбооны ерөнхийлөгч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхантай ярилцлаа. "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан гэхээр хүмүүсийн сэтгэлд гандан буурашгүй гал хийморьтой түүний тэр л дүр өөрийн гэсэн ая дуутайгаа буудаг. Энэ цагийн рок попын амьд домог болсон түүнтэй урлаг соёлын ертөнцөд туулж өнгөрүүлсэн өөрийн замнал, мөн амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр олонх дууныхаа шүлэг, хөгжмийг өөрөө бичиж найруулан дуулдаг. "Чингис хаан" хамтлагийн "Чингис хаан" хэмээх дуулал, "Чингисийн баатрууд", "Бодлын дуу", "Бороон", "Хонгор минь", "Сэтгэлийн үг", "Харийн нутаг", "Би ямар", "Мөрөөдсөөр байх болно", "Зүрх хайсаар", "Чамаас өөр", "Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч", "Ээждээ яарсан сэтгэл", "Мэнгэ төөрсөн амраг", "Хань минь", "Нууцхан хайр","6.45", "Шувууд нутаг буцаагүй", "Тамирчны алдар" гэх зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан дуунууд бий. Эдгээр дуунууд хүнд ухаарал хайрлаж, амьдралын ямар нэгэн утга учирыг өгүүлдэг. Сүүлийн үед гэхэд тэрээр "Гүрэн Монгол чинь хүлээнэ" хэмээх нэгэн сайхан дууг дуулж амьлуулсан юм. Дуучин Д.Жаргалсайхан Монголд анхны рокын музей байгуулахаар байгаа ба Монголын рок поп урлагийн үүсэл хөгжил, хөгжмийн тухай "Монголын рок нууц товчоо" хэмээх номоо гаргахаар байгаа юм. Тэрээр бидэнд "Даалуу адуу", "Цэндийн хүрэн" хэмээх хоёр шинэ уран бүтээлээ гардуулсан юм.
XX зууны Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөгч Чингис овогт Дашзэвэгийн Жаргалсайхан нь Улаанбаатар хотноо 1959 онд мэндэлжээ. Нийслэлийн 10 жилийн 6-р сургууль / 1976/, ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл /1977/, улмаар Ленинград хотын Барилга, архитектурын дээд сургууль /1979/, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны дэргэдэх Дууны найруулгын курс /1987/-д тус тус суралцсан. 1979-1989 онд Улсын филармонийн "Баян Монгол" чуулга, "Соёл эрдэнэ" хамтлагт дуучин, хөгжимчин, гоцлол дуучин, 1983-1985 онд Монголын АА-ийн Улиастай дахь 016-р нэгтгэлд байлдагч, түрүүч, ахлах түрүүч, ахлагч цолтойгоор алба хаасан бэлтгэл дайчин. Үндэстний "Чингис хаан" хамтлагийн ахлагч тэрбээр Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгчийн албыг ч хашдаг. Монголын орчин үеийн эстрад, рок урлагийн "Загалмайлсан эцэг" гэгдэх эл уран бүтээлч хөрөг нийтлэлийн "Үл тасрах аялгуу" /1996/, яруу найргийн "Зүрхнээс зүрхэнд" /1999/ түүвэр болон уран бүтээлийн арав гаруй цомгийг олны хүртээл болгожээ. Түүний олон шүлэг сонин сэтгүүл, уран зохиолын эмхтгэлд багтсан байна. Орчин үеийн рок поп урлагт оруулсан жинтэй хувь нэмрийг нь төрөөс үнэлж Монгол улсын "Гавьяат жүжигчин" хэмээх эрхэм дээд цол /1998/-ыг хүртээжээ. Тэрбээр Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо /1994/ болон Монголын Урлагийн ажилтны холбооны дээд шагнал, Холливудын "Алтан од" шагнал, "Тамирчны алдар" дуугаараа МҮОХ-ны "Алтан очир" одон /2004/, Олон улсын "Азийн дуу хоолой" уралдааны 1990 оны III байрын шагнал, дэлхийн шилдэг хамтлаг шалгаруулах олон улсын уралдааны "Ямаха " пүүсийн нэрэмжит шагналыг тус тус хүртжээ. \ярилцсан Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |