• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бавуугийн Лхагвасүрэн: Миний амьдрал Монголын соёл урлагт зориулагдсан

CRI       (GMT+08:00) 2013-05-24 16:24:08

     Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэж буй цуврал ярилцлагынхаа хоймортоо Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор, эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт, Монголын Соёл урлагийн газрын дарга, Ардын аман зохиолч, зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайг урьлаа. Яргуй дэлгэрч, өвс ногоо сугаран ургах зуны эхэн сараар, Улаанбаатар хотоос холгүйхэн байрлах Хандгайтын зусланд нь очиж буурал яруу найрагчтай ийнхүү хөөрөлдсөн юм. Тэрээр сүүлийн үед хоёр кино, нэг бүжгэн жүжиг тууривиж, бас БНСУ-ад "Шилдэг түүвэр" хэмээх яруу найргийн номоо солонгос хэлээр хэвлүүлжээ. БНСУ-ад хэвлэгдсэн уг яруу найргийн номд түүний 80-аад оны гар бичмэлийг оруулсныг харахад үнэхээр сэтгэл зүтгэл шингэсэн гайхалтай сайхан бүтээл болжээ. Ер нь түүний яруу найраг дэлхийн олон оронд хэвлэгдсэн юм. Найрагчийн маань "Талын домог" дуулалт жүжиг Бээжин хотноо нээлтээ хийж байсан удаатай. Дашрамд сонирхуулахад 2013 онд түүний яруу найргийн шинэ ном хорвоод мэндлэх юм байна. Буурал найрагч маань ярилцлагын явцад "Энэ хорвоод би удмаар байна" хэмээх цоо шинэхэн шүлгээ сонсогч түмэндээ өргөн барьсан юм. Та бүхэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн түүх намтартай танилцна уу.

     Б.Лхагвасүрэн 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны киноны найруулагчийн мэргэжлээр суралцсан. МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллажээ. Басхүү Улсын их хурлын гишүүний албыг ч хашиж байжээ. Яруу найргийн анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ. Түүнээс хойш "Цагаан тэнхлэг", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг таван шүлгийн ном хэвлүүлж, дөрвөн мянган мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно" зэрэг гучин долоон жүжиг, "Талын домог" зэрэг зургаан дуулалт жүжиг, долоон бүжгэн жүжиг тууривиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг таван кино зохиол бичсэн байна. "Зүүдний говь", "Ээжийнхээ ачийг яалаа даа", "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ. "Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна. 1991 онд АНУ-ын Аризони мужийн "Дэлхийн их сургуулийн утга зохиолын салбарын доктор" цол хүртжээ. Жил бүр үзэгч уншигчдын дунд зохиогддог "Болор цом" яруу найргын наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч, "Уянгын тойрог", "Цагаан тэнхлэг" яруу найргийн номоороо 1990 онд "Төрийн шагнал", 1998 онд "Соёлын Гавъяат Зүтгэлтэн", 2003 онд "Ардын уран зохиолч" цол хүртжээ.\ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе