• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэвтрүүлэгч С.Чимгээ: Амьдралынхаа жижиг сажиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрж яваарай

CRI       (GMT+08:00) 2013-05-31 14:39:05

     Зуны эхэн сарын тэр нэгэн налгар сайхан өдөр, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа ээлжит дугаарт нэгэн алдар хүндтэй, эрхэмсэг мисс хатагтайг урихаар МҮОНРТ-ийг чиглэлээ. Энэхүү зочин маань Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг нэвтрүүлэгч хөтлөгч С.Чимгээ байсан юм. Анх түүнтэй утсаар ярихад урилгыг маань шулуухан хүүлээж авахад жинхэнэ соёл боловсрол, бас сайхан сэтгэлтэй агуу хүн гэдэг ийм л энгийн мөртөө цаанаа л содон юм гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд бууж билээ. Маш сайхан хоолой, нээлттэй мөртөө зөв сэтгэл энергитэй тэрээр "би дуучин болоогүйдээ харамсдаггүй" хэмээн өгүүлэх нь түүний өөрийн үзэл бодолдоо үнэнч, дайчин чанарыг харуулна.

     Айлын ууган охин тэрээр аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-ад очиж суралцсан бөгөөд дахин СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх.

     Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй хоёр бүсгүй тайз дэлгэцийн урлагийн салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Тэд хоёр бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо хоёр. Ихэр мэт төстэй, бие хаа, царай зүсээрээ ойролцоо энэ хоёр хатагтай шиг бүх талаараа төгс диктор одоохондоо Монголд төрөөгүй байгаа нь үнэн юм. Тиймдээ ч Монголын дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүд хэмээн энэ хоёр бүсгүйг онцолдог. Амьдрал, хувь заяа нь ч ойролцоо байдаг нь тэднийг ижилсүүлдэг. Тухайн үед сургуулиа төгсчихөөд жүжигчин мэргэжлээрээ яваагүй, харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр орон 20 шахам жил МҮОНРТ-ийн нүүр царай болж явсан энэхүү дэгжин хатагтайг нэвтрүүлэгч, хөтлөгч хэмээх мэргэжлийн стандарт, өндөр босго, цензур тогтоож өгсөн чадварлаг нэвтрүүлэгч хэмээн салбарынхан нь үнэлдэг. Монголын хамгийн үнэ хүндтэй, өндөр ханштай хөтлөгчдийн нэг тэрээр унаган орос хэл, цэвэр англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүс энэ эрхэмсэг хатагтайд цогцолж чаджээ. Хатагтай С.Чимгээ "Уучлаарай, аливаа юм заавал хөдөлмөр, хөлс хүч шаардаж байж, ямарваа нэгэн золиос шаардаж байж үр дүн гарна шүү дээ" гэж хэлж өнгөрсөн юм. Тиймдээ ч тэрээр хэл яриа хазгай, сонсголгүй дуу хоолойтой, зохицоогүй хувцаслалт, өнгө зүс дорой нэвтрүүлэгчдийг хараад эмзэглэж явдаг нь ч аргагүй юм. Цаанаа л ихэмсэг, ялдам хэрнээ язгууртанлаг чанар нуугддаг түүнийг Тайваньд гурван жил болоод ирэхэд нь тайз дэлгэц, үзэгч түмэн нь санасан сэтгэлээр угтсан юм даа.

     Нэвтрүүлэгч С.Чимгээ МҮОНТ-ийн 45 жилийн ойгоор, урлагийн мэргэжилтэй, урлагийн тодорхой боловсролтой найз нөхөдтэйгээ хамтарч, "Нэг л дотно" хэмээх дуу яруу найргийн цомог гаргаж, нээлтэд нь зориулж, нэгэн сайхан урлагийн үдэшлэгийг үзэгч түмэндээ өргөн барьсан юм. Тэрээр "Алтан гадас" одонтой. Гэхдээ энэ шагналаа тэр наадам хөтлөхдөө л хааяа зүүдэг гэнэ лай. Цаг наргүй ажиллаж, байнга урагш ахиж явдаг тэрээр гурван охиноо бие даах чадвартай, урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж. Ингээд эрхэмсэг хатагтай С.Чимгээгийн эгэл хэрнээ нээлттэй ертөнцөөр хамтдаа аялцгаая. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе