• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ-ын Зууны манлай уяач Д.Даваахүү: Монгол хүн дэлхийд хамгийн хурдны салхийг анх үзсэн

CRI       (GMT+08:00) 2013-06-13 17:18:02

     Дэлхий дэлгэнэсэн дэлгэр зуны цаг Монгол оронд саатаж, бүтэн жил хүлээсэн наадмын сураг айсуй. Яг энэхэн мөчид Монгол улсын Зууны манлай уяач, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, судлаач, удам дамжсан Тод манлай уяач М.Данзаннямын Даваахүү гуайтай хуучилж суухад дотор уужран хурдан хүлэг уяан дээр тогтож ядан янцгаах мэт санагдана. "Морь таних, шинжих, уях гэдгийн цаана монгол хүний сэтгэхүйн маш том философи бий" хэмээн ярьж суух энэ эрхэм Монгол төрийн наадмаас хорь гаруй түрүү авчээ. Монгол төрийн наадамд гурван үеэрээ хурдан хүлгүүдээ хурдлуулсан айл бол эднийх. Түүний аав адууны толгой газар хүргэдэггүй хүн байсан гэдэг. Тэднийх мөн л гурван үеэрээ шагнагдсан малчид байгаа юм. Дээхэн үед тэдний адуу дөрвөн зууд хүрч, бас мянгат малчин байсан гэдэг ээ. "Халхын хурдны цөм нутаг яахын аргагүй Баянцагаан сум" хэмээн хуучлах зууны манлай уяач Д.Даваахүү гуай бол Монголын Хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны Баатар юм. Судлаач хүнийхээ хувьд тэрээр 1982 онд "Түмэн агтны магнай" ном, 1999 онд азарга уралдсны зуун жилийн онд зориусан "Хүлэгчийн нууц" ном, 2007 онд "Монгол улсын эрийн гурван наадмын хоёр зуун жилийн түүхэн товчоон" хэмээх томоохон бүтээл, мөн 2013 онд "Молор эрдэнийн алтан судар" зэрэг бүтээлээ их уяачид, хурдан морь сонирхогчид, уншигч түмнийхээ алган дээр тавьсан байна. Түүний гар шавь нар ч өнөө алдар хүндтэй сайн уяачид болсон байна. Одоо та бүхэнд Зууны манлай уяач Д.Даваахүү гуайн намтар түүхээс товчлон хүргэе.

     20-р зууны манлай уяач, Төрийн их уяач Д.Даваахүү аавынхаа мянгат малчин алдрыг угааж мэндэлсэн хүү нь юм. 1950 оны бар жилд М.Данзанням гуай мянгат малчин цолыг хүртсэн бөгөөд сар шинийн өмнөхөн ирээдүйн Тод манлай хүү нь мэндэлжээ. Ингээд Монгол наадмын хоймрыг эзэгнэн байгаа цагийг эзэлсэн их уяач Д.Даваахүү 1950 онд Монгол улсын анхны алдарт уяачдын нэг Мөнхийн Данзаннямын хүү болон Төв аймгийн Баянцагаан сумын нутагт мэндэлжээ. Уяач эцгийн ууган хүү таван настайгаасаа л хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах болж. 1955 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаараа даруулсан бяцхан бор хүү гарааны зурхай хөдөлсөн нь Д.Даваахүү байлаа. Анхны наадамдаа их насны морь гуравт давхиулан айрагдуулж, "шаггүй эр юм" хэмээн хөгшчүүдэд өхөөрдүүлж байснаа тэрээр одоо ч дурсан ярих дуртай. Нэгэн үе М.Данзанням гуайн адуу 400-д хүрч хүн бүл дутагдах болсон тул хүүгээ дөрөвдүгээр ангиас нь сургуулиас гаргаж, цэрэгт явтал нь туслахаар дагуулжээ. Хүний сурсан эрдэм хаана ч хэрэг нь гардаг хойно. Цэрэгт байхдаа морь уяж бас ч үгүй дөрөвт давхиулан айрагдуулж байсан гэдэг.

     1977 оны зун айлчилсан зочид, анагаахад орохоор санаархаж байсан Д.Даваахүүгийн амьдралыг өөрчилж нэг мөсөн морьтой холбож орхисон юм. Өөрөөр хэлбэл М.Данзанням гуай өөрт нь ирсэн "морин тойруулгын уяачаар ажиллана уу" гэсэн хүсэлтээс татгалзаж, оронд нь хүүгээ явуулахаар болжээ. Ингэж 20-р зууны Манлай уяачийн зам шулуудсан юм. 1977 оны намар ажлаа авсан Д.Даваахүү дараа жилийнх нь улсын баяр наадамд зургаан насны 12 хүлэг сойж, нэг түрүү хоёр айраг хүртэх нь тэр. Түүний уясан Зандан хүрэн морь нь түрүүлж, хээр морь соёолон хоёр нь аман хүзүүнд хурдалж өөр бусад дөрвөн адуу 10-ын дотор давхижээ. Өөрөөр хэлбэл уясан хүлгэдийнх нь 50-иас дээш хувь нь амжилт үзүүлэв. Ийнхүү амжилтаар дүүрэн эхэлсэн гараа нь 1980 оны наадмаар оргилдоо хүрсэн бөгөөд тэр жил Д.Даваахүү дээд гурван насыг түрүүлгэж Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон юм. Түүнээс хойш Д.Даваахүү уяачийн нэр дээр цоллогдсон хурдан хүлгэдийн тоо санаанаас хальж, олон олон шинэ амжилт түүнд харъяалагдах болсон.

     Сүүлийн 30 гаруй жил хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа Д.Даваахүү МУ-ын Тод манлай уяач, Гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар гээд уяачийн авч болох бүх л шагналын эзэн болж 20-р зууны Манлай уяачаар нэрлэгдсэн билээ. Түүний алтан туурт хүлгүүдээс дурдвал, манлай түмний эх Баянцагаан угшлын Цолмон халтар азарга, Дархан түмний эх Жаргалант угшлын Солонго цавьдар халзан гээд Монгол хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ёстой л тэнгэрийн хүлэг гэмээр олон ажнай бий. "Цолмон" халтар нь Тод манлай уяач Д.Даваахүүгийн аав Алдарт уяач Мөнхийн Данзаннямын "Ажнай хүрэн" азарганы төл бөгөөд Манлай түмний эх цолыг анх хүртсэн хүлэг юм. Энэ их ажнай улсын наадамд 1994 онд түрүүлж, 1993 онд аман хүзүүдсэн ба Их хурд-II наадамд хүүхэдгүй түрүүлж наадамчин олны самсааг шархируулсан билээ. Мөн "Цолмон" халтар 1997 оны улсын их баяр наадамд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Ц.Сандагдоржийн хурдан хар азаргыг ид хурдан байхад нь барьж уралдан, "Өндөр зул" хонгор азаргаа түрүүлэхэд нь ихээхэн жийрэг болсон юм. Түүнийг багад нь хүнд бэлэглээд дараа нь буцаан худалдан авсан гэж зарим ном зохиолд дурьдсан байдаг. Дархан түмний эх Солонго цавьдар халзан азарга нь Морин тойруулгын хурдан хүлгүүд дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн адуу. Цавьдар халзан азарга нь бага наснаасаа эхлэн өндөр амжилт үзүүлж, улсын их баяр наадамд гурав түрүүлж, дөрөв айрагджээ. Цавьдар халзан азарга нь нэгдүгээр үеийн эрлийз азарга болох "Их салхи"-ны төл бөгөөд хоёрдугаар үеийн эрлийз азарга юм. Цавьдар халзан азарганы төлүүд өдгөө амжилттай хурдалж байгаагаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Д.Даваахүү тод манлайгийн улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн "Өндөр зул" хэмээх хонгор азарга билээ. Мөн Тогоруу халтар, Толин хул, Жинст хонгор, Зандан хүрэн, Цэмцгэр шарга, Согоо хээр, Манлай саарал, Манхан зээрд, Харцага бор, Хилэн хар, Алтай зээрд, Алтан гадас гэх мэт шүлэг шиг нэртэй хүлгүүд нь улс, бүсийн наадмын айраг, түрүүг түүж, уяач эзнийхээ энэ их амжилтыг зузаатгаж иржээ. Д.Даваахүү уяач Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны галыг зохион байгуулж, өнөөг хүртэл тэргүүлж байна. Өдгөө тэрбээр эрдэнэт хүлгүүдээ уяж, хурдлуулахын зэрэгцээ хурдан морины уяа сойлгын талаар ном бичиж, олон залуу уяачыг дагуулан сургаж буй юм. Мөн Монгол морины гайхамшгийг дэлхий дахинд сурталчлах талаар ажиллаж байна.

      Тод манлайг шаггүй бөх байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Багаасаа адуу малтай ноцолдож бие нь задарсан бор хүү 1968 онд цэрэгт татагдаж, Монгол улсын байлдааны гавьяаны улаан тугийн одонт барилгын цэргийн 030 дугаар ангид алба хаах болжээ. Удалгүй шинэ цэргийн крантины барилдаанд 700 цэргээс үзүүрлэж наадмаар ангиа төлөөлөн зодоглох эрхтэй болов. Тэр наадамдаа шөвгөрч, улмаар "Алдар" нийгэмлэгт шилжин ирж нэгэн цагт Монгол наадмын торгон дэвжээг эзэгнэж, ард түний хүндлэл хүлээж явсан Хадаа аваргын тасгийн дарга нь болжээ. Аварга бөхийн холбогдолтой мэддэг чаддаг мэхээ даргадаа зааж, харин тасгийн дарга нь түүнд анхны зодог шуудаг, өмсгөлийг нь урласан гэдэг. Хадаа аваргаас гадна улсын заан Амартүвшин, улсын начин Цэрэнчимэд болон Сумъяа, Нансал, Пүрэвсүрэн, Нанжид, Тогоо нарын аймгийн арслангууд, МУГТ О.Энхтайван /чөлөөт бөхийн/ гэх мэт бөхчүүдтэй ана мана үзэлцэж, цэргийн заан цолтойгор халагджээ. Түүнээс хойш аймгийнхаа спартакиадад гурван удаа түрүүлж, 1973 онд аймгийн арслан цолыг хүртсэн байна. Улсын цолны болзол угтсан залуухан арслан амжилттай сайхан барилдаж 1972 оны нэгдүгээр сард Хөдөлмөр нийгэмлэгт болсон нэг барилдаан дээр ёстой шуугиулж билээ хэмээн тэр үеийн бөхчүүд ярьдаг. Шөвгийн дөрөвт улсын арслан Мөнгөн, улсын начин Сэрээтэр, Шижээ, аймгийн арслан Д.Даваахүү нар үлдэж шатарчилж барилдсаар Тод манлай түрүүлсэн удаатай. Хоршоололд болсон бас нэг томоохон барилдаанд Цэрэндаш начинтай үзүүр түрүүнд үлдэж байсан хэмээдэг. Улсын наадамд ганц удаа зодоглосон бөгөөд АХ-ын 55 жилийн ойн их баяр наадмын гурвын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Баатаржавтай барилдаж, багагүй будлиантсаны эцэст Баатаржавын талд шийдэгдсэн. Энэхүү барилдааны талаар одоо хэр нь "уг нь Даваахүү давсан юм шүү дээ"гэх яриа хөвөрч байдаг. Түүнээс гадна энэ цагийн Тод манлай Д.Даваахүү Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит барилдааны Дундговь,Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Дарханы аваргаар тодорч, Төв аймагт болсон барилдаанд Ж.Мөнхбат аваргатай хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдсэн удаатай. Ийнхүү их аваргатай үзүүр түрүүнд үлдэж явсан түүнийг үеийнхэн нь улсын начны энтэй бөх хэмээдэг байсан гэдэг.

      Сайн бөхөөс гадна тэрээр бас шаггүй харваач байсан гэдэг. Нэг хэсэг шагайн харваагаар хичээллэж халхын цуут харваачидтай цэц булаалдаж явсан нь Тод манлайн сайхан дурсамжуудын нэг.

      Цагийг эзэлсэн их уяачын буян хишиг ард олондоо шингэж, цадиг түүхийн улбаа алтан тууртын тоосоор бичигдэж, эрхэм уншигчид, уяачдын маань унага бүхэн нь босоо төрж, уясан хүлэг бүхэн нь түрүү магнай болох болтугай. \ярилцсан Ч.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе