• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Даян аварга А.Сүхбат: Монгол бөхийг спорт урлагийн хэмжээнд байгаасай гэж боддог

CRI       (GMT+08:00) 2013-07-08 17:43:11

     Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос бэлтгэн хүргэдэг цуврал ярилцлагынхаа энэ удаагийн хүндэт зочноор уран хурц, хурдан шаламгай барилдаант нэгэн өндөр хүчтэн буюу Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбатыг урилаа. Монгол түмний хайртай аварга маань дуулиан шуугиантайхан зодог тайлаад долоон жил болсон ч олны анхаарлын төвд байсаар. Тэрээр хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг юм. Монгол улсын үндэсний баяр наадам удахгүй болох гэж байгаа тул хүчит бөхчүүд маань бэлтгэл сургуульдаа аль хэдийн гарсан байлаа, бид Монгол улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбаттай уулзахаар түүний гал дээр нь зорьж хүрсэн юм. Ингээд та бүхэн түүний амьдрал, амжилтыг өгүүлэх тус ярилцлагыг хүлээн авч сонсно уу.

     Агваансамдангийн Сүхбат 1971 оны төмөр гахай жил Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Монгол улсын 17 дахь аварга Тэрбээр нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг эзэгнэн явсан нутгийн алдарт аварга Ж.Мөнхбатын дараах өндөр хүчтэн юм. Үе удмаараа Богдхан уулын урд энгэр буюу Төрхурах, Шажинхурахын аманд нутаглаж, өсч торнин, бага насаа өнгөрүүлсэн юм. Бидний мэдэж дууддаг "жижиг" Сүхбатыг нутгийнхан нь арай өөрөөр дуудна. Багадаа час улаан царайтай, нэг л улаа бутарсан хүү байсан болохоор Улаанаа гэж өхөөрддөг байв. Одоо ч ялгаагүй. Улаанаа багадаа бөхөд тун дуртай хүүхэд байв. Хөдөлгөөнтэй, хурдан ч гэж жигтэйхэн. Үе тэнгийнхэнтэйгээ юм л болвол ноцолдох гээд л. Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн бөх бол "Жижиг" Сүхбат.

      Монгол бөхийн түүхнээ өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн, нэгэн үеийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, Монгол түмний хайртай бөх А.Сүхбатын барилдааны амжилтыг он оноор нь тоймлон өгүүлвэл: А.Сүхбат 1992 оны Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 1993 онд улсын баяр наадамд улсын начин Ш.Батхуягаар зургаа давж өсөх идэр чимэгтэй улсын начин, 1997 онд улсын аварга О.Балжиннямаар долоо давж улсын заан, 2000 онд улсын заан Б.Гантогтохоор ес давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн. 2001 онд Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэхэд нь далай аварга бус улсын аварга цол олгосон юм.

     2004 онд улсын гарьд Б.Гантогтохоор ес давж түрүүлэн далай аварга цол хүртсэн. Түүнийг зодог тайлсных нь дараа жил буюу 2007 онд, 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг нь үнэлж, даян аварга цолыг нь нөхөж олгосон билээ. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, "Гацуурт-Олимп" сургуулийн захирал А.Сүхбат тун завгүй нэгэн. Тэрээр нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчид болох Г.Өсөхбөяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат (шилдэг 6 заан гэгдэж байлаа...) нартай хамт Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавыг үзүүлэн барилдаж байсан. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах барилдаант бөх бол Сүхбат. Уран мэх, бяр хүч, ухааны илүүгээр онцгойрон шалгарч нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлэн Төрийн 9 хөлт цагаан тугаа есөнтөө тойрч, Монгол улсын арслан цолонд анхлан хүрсэн билээ. Ганц өөрөө барилдаад зогссонгүй. Олон сайхан бөхчүүдийг бэлтгэн гаргаж бөхийн хөгжилд ихээхэн хувь нэмрийг оруулж байна. Шавь нараас нь, Д.Амгаланбаатар, Л.Пүрэвжав, Б.Сэр-Од, Ж.Отгонбаяр, Ө.Даваабаатар гээд олныг дурдаж болно.

     Унаган авьяас, хичээнгүй хөдөлмөр, хор шартай зангийн нийлбэр болсон уран барилдаант аварга маань үндэсний бөхөөс гадна их спортод ч өндөр амжилт үзүүлсэн. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, ОУХМ, сонгомол барилдааны Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, сонирхогчдын сүмо бөхийн 1995, 1997 оны дэлхийн аварга тамирчин.

     Монгол улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат бөхийн барилдаанаа орхиж зодог тайлсан эл шийдвэрт одоог хүртэл олон хүн харамсаж, бас гайхсаар... Гэхдээ аварга маань тайлбарыг өгсөөн... Далай аваргын 10 даван түрүүлсэн амжилтыг харгалзан 2007 оны баяр наадмын босгон дээр МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаа буулгаж Монгол улсын "ДАЯН АВАРГА" цолыг хүртээсэн билээ. Эдүгээ даян аварга маань бизнесийн ертөнцөд хөл тавьж амжилттай ажиллаж байна. Гэвч бөхийн замналаа орхисонгүй ээ. Бөхийн "Олимп" сургууль, "Олимп" дэвжээг байгууллаа. Ирээдүйн бөхийн аварга, олимп, тив, дэлхийн аваргуудыг бэлтгэхээр зорьж яваа нь энэ ээ. Сайн үйлийн ерөөл бат оршиг. Энэхэн өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрт "Дэнж хотойтол нааддаг Монгол наадам" эхлэх дөхлөө. Билэгт сайн өдрүүдтэй давхцуулан энэ цагийн энгүй хүчит аваргын тухай сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна. Одоо та бүхэн Монгол улсын гавъяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбатын товч намтартай танилцна уу. \ярилцсан Ч.Гантөмөр\

     Монгол улсын гавъяат тамирчин Агваансамдангийн Сүхбат 1971 оны 06 сарын 30-ны өдөр мэндэлжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тэрээр үндэсний бөхийн даян аварга, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга бөх юм.
Үндэсний бөх:
• 1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг
• 1997 онд 7 давж улсын заан цол,
• 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
• 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
• 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
• 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
• 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
• 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
• 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
• 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
• 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
• Түүний 10 давж түрүүлсэн амжилтыг харгалзан 2007 онд даян аварга цол хүртээжээ.
Сонирхогчдын сүмо бөх:
• Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.
Чөлөөт бөх:
• 1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе