|
|
||
130708sumyabazar03.mp3
|
Бүтэн жил хүлээсэн Монгол наадам ойртсоор л байна. Монгол улсаас бэлтгэж байгаа ярилцлагынхаа хүндэт хойморт Монгол улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг урьлаа. Тэрээр 1974 онд Улаанбаатар хотод төржээ. Д.Сумъяабазар аваргыг ихэнх нь "жинхэнэ таримал бөх" гэж тодорхойлдог. Ямарч байсан тэр бөх болохгүй байхын аргагүй хувь заяанд төрсөн хүн. Нагац өвөөгийнх нь төрсөн ах "гандангийн улаан хүзүүт" Г.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. Өөрийнх нь өвөө аймгийн заан Донров, аав нь улсын заан Долгорсүрэн, төрсөн дүү нь улсын начин Сэржбүдээ, мөн Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Дагвадорж гээд түүний гэр бүл тэр чигээрээ бөхчүүд. Ийм сайхан бөхийн бүлд төрж өссөн отгон аварга маань өдгөө 39 настай. Тэр дөнгөж 2-хон настай байхдаа "дэвж байна" гээд тун эвлэгхэн паацганадаг байсан бөгөөд "уурлаарай" гэхээр мөн л хөмсгөө зангидаж байгаад дэлдэг байсан тухай ээж нь дурссан байдаг. Нэг ах, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Дэрсхэн өссөн хөвгүүд болсон хойно гэрээ ёстой л нэг буулгаж өгнө. Нэг удаа дүүтэйгээ барилдаж байна гэж дүүгүүрдэж байгаад шинэхэн авсан сервантаа хэмхэлчихээд ааваасаа нэлээд чанга алганы амт үзэж байжээ. Аварга зурагтын дэнжид эмээтэйгээ өссөн бөгөөд 1982 онд паркын хүүхдийн барилдаанд анх барилдаж ахтайгаа үлдэн түрүүлээд 3 төгрөгөөр шагнуулжээ. Тэр мөнгөө эмээдээ авчирч өгөхөд бурхан дээрээ залан сүйд болж. Энэ бол түүний анхны амжилт, анхны түрүү байлаа.
Түүний барилдааны амжилтыг тоймловол 1985 онд АХ-ын 64 жилийн ойн баяр наадмаар өсвөрийн 67 бөхөөс түрүүлж "шонхор" цол хүртэж, 1989,1990 оны өсвөрийн УАШТ- нд түрүүлж, 1991 онд үзүүрлэж, Улсын баяр наадамд 1991 онд анх зодоглон нэг даваад, улсын заан Р.Даваанямд өвдөглөсөн Д.Сумъяабазар 1994 онд 3-ын даваанд аймгийн арслан Б.Шаравдорж, улсын заан Д.Цэнд-Аюуш, дархан аварга Д.Цэрэнтогтох нарыг өвдөглүүлж улсын начин, 1996 онд 3-ийн даваанд улсын начин Ц.Баянмөнх, залуу бөх Г.Элбэг, аймгийн арслан Б.Адъяахүү, шинээр улсын начны болзол хангасан Б.Бадрал, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг орхин улсын заан цол хүртсэн юм. Төрийнхөө наадамд дөрөв үзүүрлээд улсын арслан цол хүртээгүй бөх түүнээс өөр байхгүй. Тэрээр 1998 онд 3-ын даваанд аймгийн арслан Г.Ганхуяг, Г.Ганзориг, улсын начин Ц.Бэгзсүрэн, Д.Бумбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Ц.Цэрэнпунцаг нарыг давж, үзүүр түрүүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 1999 онд 3-ын даваанд аймгийн арслан У.Эрдэнэбаяр, Б.Шаравдорж, Б.Одхүү, улсын заан А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр нарыг орхисон ч дархан аварга Б.Бат-Эрдэнэд хоёр дахиа өвдөг шороодсон бол 2003 оны наадмын долоогийн даваанд улсын заан Ц.Цэрэнпунцагийг, их шөвөгт цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийг давсан боловч үзүүр түрүүнд дотны найз улсын арслан Г.Өсөхбаяртаа унаснаар гурав дахиа үзүүрлэж, улсын гарьд хэмээх шинэ цолыг хүртсэн анхны хүчтэн болсон билээ. 2004 онд 8- ын даваанд Гантогтоход өвдөг шороодсон бол 2005 онд Гантогтох, Мягмарсүрэн нарыг өвдөг шороодуулж үзүүр түрүүнд Өсөхбаяр аваргатай хүч үзэн өвдөг шороодсоноор дөрөв дахиа үзүүрэлжээ. Харин 2006 оны наадам Сумъяабазар гарьдын наадам байлаа. Тэрээр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор зодоглосон 1024 бөхөөс олон хүчтэй өрсөлдөгчидөө ээлж дараалан өвдөг шороодуулж үзүүр түрүүнд улсын начин Азжаргалтай шалгаран үлдэж өвдөг шороодуулсанаар аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Түүнээс хойш 2007, 2008 онуудад тус тус 6 давсан билээ. Сумъяабазар аварга хөл авах, хутгах, тахимдах мэхнүүдтэй. Тэр дундаа хонгодох тахимдах мэх нь тун даацтаи. Сумъяа аваргыг бөхийн хүрээнийхэн аль аль талаараа их тэнцүү, бас шийдэмгий барилдаантай, тэнцвэр сайтай, унаа холтой, хоёр талтай, тун барьцгүй бөх гэж тодорхойлдог. Даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар хар багын дотно найзууд. Төрийн наадмын торгон дэвжээнд олон удаа таарч үнэн хүчийг үзэн барилдахдаа тэд "найз минь" гэж, бие биендээ найр тавьж үзээгүй. Харин ч бие биенээ ирлэн хурцалж, эн тэнцүүхэн өрсөлдөж явсан он жилүүд нь тэдний нөхөрлөлийг бат бөх, халуун дулаан оршин байхын үндэс болдог байх. Энэхэн өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрт "Дэнж хотойтол нааддаг Монгол наадам" эхлэх дөхлөө. Билэгт сайн өдрүүдтэй давхцуулан энэ цагийн энгүй хүчит аваргын тухай сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна. \ярилцсан Ч.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |