• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цаасан хайчилбарын сургалтад оролцов

CRI       (GMT+08:00) 2013-12-18 16:33:51

      Монгол улсын мэргэжилтэн цаасан хайчилбарын сургалтанд урилгаар оролцлоо

      Бээжин хотын олон улсын найрамдлын нийгэмлэгээс 12 сарын 13-нд Бээжин хотод сурч ажиллаж буй гадаадын оюутан, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан хятадын уламжлалт цаасан хайчилбарын сургалтыг зохион байгууллаа. Нийт 50 гаруй хүн хамрагдсан энэхүү арга хэмжээнд Хятадын Олон улсын радиогоос 15 хүний бүрэлдэхүүнтэй гадаадын мэргэжилтэн, сэтгүүлчийн баг оролцсон юм.

      Сургалтыг Хятадын ардын урлаг соёлын нийгэмлэгийн хүндэт гишүн, Хятадын биет бус соёлын өв болох Баотоү цаасан хайлчилбарын соёлыг уламжлан дэлгэрүүлэгч, Хятадын цаасан хайчилбарын нэрт мастер Сүнь Арлин хөтлөн явуулсан юм. 2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг үзэхээр ирсэн дэлхийн улс орны төрийн тэргүүн, нэр хүндтэй зочдод Сүнь Арлин мастерийн урласан "Энхтайван, эв найрамдал" хэмээх цаасан хайчилбарын бүтээлийг дурсгал болгож байсан билээ.

      Сургалтын эхэнд мастер багш Сүнь хятадын цаасан хайчилбарын түүхэн уламжлал хийгээд хийх арга технологи зэргийг товч танилцуулж, дараа нь суралцагсдыг удирдан хос хараацай, цасан ширхэг, бүжиглэж буй охид тэргүүтэй цаасан хайчилбарыг хамтдаа урласан юм.

      Монгол улсын мэргэжилтэн Э.Эрдэнэсувд Хятадын Олон улсын радиогийн монгол хэлний редакц төдийгүй Азийн хэлний нэвтрүүлгийн хэлтсийг төлөөлөн энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд түүний хайчилбарыг Сүнь мастер "Шилдэг" хэмээн үнэлсэн нь бахархал төрүүлж байлаа.

      Сүнь мастер түүнийг цаасан хайчилбарыг хаана ингэж чадварлаг урлаж сурсныг асуухад Эрдэнэсувд "2009 онд Шанхай хотод сурч байхдаа цаасан хайчилбарын урлагт бие даан суралцаж, чөлөөт цагаараа монгол онцлог бүхий зураг сэлтээс санаа авч цаас сийлэх аргаар цаасан хайчилбар хийдэг байсан. Гэхдээ Сүнь багшийн хичээлээр өнөөдөр анх удаа хайч ашиглан олон сонирхолтой дүрс хайчилж чадсандаа сэтгэгдэл маш өндөр байна" гэж хэлсэн юм.

      Цаасан хайчилбарын чухам юунд тэгтлээ татагдсан бэ гэхэд, "Цаасан хайчилбар хийж байх үед анхаарал төвлөрч, ядаргаа бас тайлагддаг. Ялангуяа их ажлын дундуур түр чөлөө гарган цаасан хайчилбар хийхэд амсхийх шиг болдог. Мэдээж уран гоё дүрс гарган хайчлах нь бас сайхан мэдрэмж төрүүлдэг" гэж Эрдэнэсувд хариулсан юм.

      Хятадын цаасан хайчилбар нь 1300 гаруй жилийн түүхтэй эртний гар урлалын үнэт соёл юм. Хайчлах, сийлэх, гараар урах, хүжээр түлэх гэсэн үндсэн дөрвөн аргаар цаасан хайчилбарыг урладаг. Эрт цагт цаасан хайчилбар нь охид эмэгтэйчүүдийн хэр уран гартай, ухаантай сэргэлэн болохыг мэдэх чухал шалгуур байсан гэдэг. Цаасан хайлчилбарыг хятад хүмүүс өөрсдийн чөлөөт уран сэтгэмж, ирээдүйн сайн сайхны төлөөх ерөөл бэлгэдлээ шингээн янз бүрийн өлзийт үсэг, хээ хуар оруулан бүтээдэг юм. \ Бэлтгэсэн: Б.Мөнхгэрэл \



Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе