|
|
||
20150218bntuun001.mp3
|
Та бүхэн сайн байцгаана уу ? сайхан битүүлцгээж байна уу ? он цаг улиран одож, дорнын зурхай буюу сарны тооллоор та бидэн 2015 оны хөхөгчин хонин жилийн сар шинэтэйгээ золгох боллоо. Эхлэлт бүхэн амжилтын хагас байдаг. Тэсвэр тэвчээр, боди үнэний бэлгэдэл болсон хондон цагаан хонин жилдээ та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошуунаас сар шинийн тусгай нэвтрүүлэгээрээ хүндэд сонсогч та бүхэнтэйгээ золгох болсондоо сэтгэл өег байна. Учир юун гэвэл, Үзэмчин баруун хошууны соёлын ордон, радио телевиз хороо хамтран "Цаст Алтайн бараа" хэмээх үзэмчин ардын уртын дууны цагаан сарын үдэшлэгийг эрхлэн хийсэн байна. Одоо та бүхэндээ уртын дууны энэхүү үдэшлэгээс сурвалжлан бэлтгэсэн "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн тусгай нэвтрүүлэгийг хүргэе.
Нутгаа санасан хүлэг шиг дүн өвлийн есийн хүйтнээр Өвөр Монголын Шилийн гол аймгийн Үзэмчин баруун хошууг зорьлоо. Энэ өвөл ихэнх нутгаар дулаахан, цас багатай гэж дуулдсан юм. Харин Бээжин хотод бүр ч өвөл гэхэд хэцүүхэн байлаа. Ажилдаа уягдаж, хотын утаа мананд төөрөлдсөн бид талын сувд хэмээгдсэн Шилийн хотод буухад, хүйтэн жавар хацар жимжигнүүлэн, хөдөө нутгийн өвөл жинтэй хэвээр байлаа. Гэсэн ч морины цулбуур, эмээлийн ханзага горзойтол хөлддөг байсан дээхэн үеийг бодвол, урин дулаан байна. Дэлхийн дулаарал болоод байна уу гэмээр санагдаж байсан юм. Бид суудлын хөнгөхөн машин авч, Үзэмчин баруун хошууны төв-Балгар голыг чиглэлээ. Машны цонхоор уул толгод ханаран үргэлжилж, армаг тармаг цас орсон байв. Бас энд тэнд буусан хэд гурван айл хот харагдаж, тэмээ, адуу, үхэр, хонин сүрэг тааралдана. Нутагтаа хөл тавьсан болохоор сэтгэл тэнийж, цэвэр агаар зүрх уужруулж байлаа. Өвөг дээдэс минь энэ дэлхийгээс Монголын өндөрлөг нутгаа шилж сонгон авч чадсан байна шүү.
Үзэмчинчүүд Алтай хангайн Үзэмийн цагаан уулнаас нүүдэлж ирсэн гэдэг. тэгэхдээ уртын дууны үдэшлэгээ "Цаст Алтайн бараа" хэмээн нэрийджээ. Уугал нутгаа санан мөрөөдсөн хэрэг буй за. Харин сониноос Үзэмчинчүүд Шинжянд байдаг уугал нутаг Алтай таван богдоо дуулан санаж байхад, сурвалжлагын аянд маань Шинжян Ховог Сайраар нутагтай хамт ажиллагч дүү Пүрэвжав маань дөрөө харшуулж явна. Элэг нэгтэй монголчууд гэж эртний ерөөл тавилантай байдаг ажээ. Шинжян нутагтай дүү Пүрэвжавт маань, Шилийн гол нутаг маш их таалагдаж, сэтгэл өндөр байлаа. Очсон оройгоо бидэнд "Жангарын магтаал" хайлж өгсөнд, Монголын эртний туульс "Жангар"-ын ид шид үү, эсвээс тэнгэр аавын сэтгэл уярсан уу, бүү мэд. Юу ч гэсэн маргааш нь цагаан цасан нэвсийтэл ороод хоножээ. Цас хаялсаар байв.
"Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны цэнгүүн маань Жийрийн Гол хэмээх нутгийн Загастайн гол гэдэг газарт болов. Загастайн гол бол "Үзэмчин аймгийн анхны суурин, Үзэмчний өвөг дээдэсийн ууган өлгий" гэдэг. үзэмчин ардын уртын дууны цэнгүүн маань энэ нутгийн Су.Хөгжилт хэмээх адуучин айлынд боллоо. Тэрээр хувиараа "Тулуй хаан" адуун соёлын жуулчлалын газар эрхлэж байгаа юм байна. Эднийх гэж хэдэн сайхан томоохон монгол гэртэй, гэрийн өмнөө ханхайсан сайхан сүлдэн уяа байх ба ганган эмээл, ногт чимэглэлтэй ижил зүсмийн хэдэн морь цан хүүрэг татуулан бөнжийн зогсож байв. Хэдэн гэрээр нь сонирхон орвол, нум сум, ширэн зодог, монгол шатар, алаг мэлхийн тоглоом, арьсан тулам, цайны домбо гээд монголчуудын уламжлалт эдлэл хэрэгсэл бүрэн ёсоор байв. Су.Хөгжилт гуай эдгээр бүхнээ үр хойчисдоо уламжлан сургадаг ажээ. Монгол ухаан гэж үнэхээр агуу юм даа.
Гадна шинэхэн орсон цас нэвсийж, наран гэрэлтсэн цэлмэг сайхан өдөр байв. Эргэн тойрон тал хөндий үргэлжилж, цасан цагаан нөмрөгтэй уулс дүнхийн харагдана. Хөдөө нутгийн дүн өвлийн хүйтэнд хацар улайж, хурууны өндөг жимжигнэн өвдөж байлаа. Үзэмчин ардын уртын дууны цэнгүүнд дөрвөн үеийн дуучид оролцоно гэсэн юм. Харин хамгийн отгон үеийн дуучид болох хүүхдүүд маань гурав есийн хүйтнийг ажрах ч сэхээгүйгээр үзэмчин өнгө дээл, булган малгайгаа өмсөөд цасан дундуур наадан тоглох нь юутай хөөрхөн, юутай жаргалтай вэ. Бага насандаа буцмаар санагдаж, тэдэнтэй уулзан хөөрөлдлөө.
Удалгүй голын том монгол гэрт "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн үдэшлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Үзэмчин өнгө дээл, үнэгэн малгай, булгаарь гутлаа өмсөж, хэт хутгаа бүснээсээ зүүсэн Үзэмчин баруун хошууны үе үеийн уртын дуучид, ардын урлагчид маань монгол гэрийн хоймор дүүргэн хүндтэйхэн саатжээ. Морин хуур, ятга, шударга, лимбээ барьсан ардын найрал хөгжмийнхэн байр байриа эзлэн суусан нь үнэхээр сүр бараатай харагдаж байлаа. ингээд Үзэмчин баруун хошууны ардын дуу бүжгийн чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларчээ. Гэр дотор тулгын гал бадамлан дүрэлзэж, тойруулж тавьсан ширээн дээр үзэмчин бүсгүйчүүдийн гараа гаргаж хийсэн хурууд, бяслага, өрөм, шар тос, цөцгий тэргүүтэн зэрэг цагаан идээгээр зассан том таваг байх ба үзэм жимс чихэр, боов боорцог зэрэг амттаныг өрсөн байв. Харин үндэстнийхээ дээл хувцасаар гоёж, үс гэзэг, царай зүсээ жимбийтэл янзалсан үзэмчин нутгийн хамгийн отгон үеийн уртын дуучид болох хүүхдүүд маань, хамгийн урьдуур домбойн сууцгаасан нь хөөрхөн дэгжин харагдаж байлаа. Үзэмчин ардын уртын дууны энэхүү цэнгүүнд оролцож байгаа дөрвөн үеийн дуучдын хамгийн өндөр настай нь 76-тай бол, хамгийн отгон нь дөнгөж 6 настай байлаа.
Хуур хөгжмийн хөг нийлж, үзэмчин ардын уртын дуу шуранхайллаа. "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн үдэшлэгийн салхийг хагалж, ардын дуучин Гэрлээ, Үзэмчин баруун хошууны алдарт дуучин Цэцэнгэрэл нараас "Их богд булган хангай" хэмээх үзэмчин ардын төрийн дуугаар ая барьлаа. 1600 гаруй жилийн өмнө үзэмчинчүүдийн дээдэс Алтай хангайгаас нүүж ирсэн юм, "Их богд булган хангай" гэдэг дуу нь яг энэ үед зохиогдсон учир тухайн үеийн нутаг байгаль, хүн ардын онцлог төрхийг тусгасан байдаг. Энэхүү уртын дуу нь үзэмчин нутагт уламжлагдан ирээд энэ нутгийн төрийн гурван дууны нэг болсон байна. одоогийн үзэмчин баруун хошуунд "Богд чингис", "Амгалант төрийн товчоо", "Их богд булган хангай" зэрэг гурван дууг төрийн гурван дуу гэдэг. Тийм учраас тус гурван дууг энгийн цагт дураар дуулдаггүй мөртөө эмэгтэй хүн дуулахыг хориглодог байжээ.
Монгол ардын уртын дууны шуранхай тэнгэр хангайгаар цууриатаж, өргөн тэнүүн нутагтай нүүдэлчин монголчуудын сэтгэл, уярал догдлолоор дүүрэн байна. Монгол ардын уртын дууг төрийн дуу, уртын дуу, бэсрэг уртын дуу хэмээн гурав ангиладаг билээ.
"Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны хөхөгчин хонин жилийн цагаан сарын үдэшлэг маань, "Их богд булган хангай", "Амгалант төрийн товчоо" хэмээх үзэмчин ардын төрийн дуугаар эхэлсэн бол Үзэмчин баруун хошууны алдартай уртын дуучин Цэцэнгэрлээс ая дуугаа өргөсөн юм. Тэрээр булган малгайгаа өмсөж, үзэмчин өнгө дээлээ хөөргөн бүсэлж, булгаарь гуталтай хэдэн гэрийн хооронд нааш цааш алхах нь Алтайн анчин гөрөөчин мэт сүр жавхаатай харагдаж байсан юм. өвөг дээдсийн удам залгана гэдэг энэ буюу.
Одоогийн Шилийн гол аймгийн Үзэмчин зүүн хошууны Улгай гол нутагт Сэеэлжийн гол гэж тунгалаг сайхан устай, домог түүх ихтэй нэгэн гол байдаг аж. Тус дуунд "Сэрмүүн сайхан Сэеэлж нь сэнсэн манан татна, Сэтгэлийн сайхан авгайдаа мордож хүрээд золгоно доо" гэж гардаг. Үзэмчин баруун хошууны алдарт уртын дуучин Цэцэнгэрлээс "Сэрмүүн сайхан сэеэлж" хэмээх нэгэн сайхан дуугаар ая барьсан юм.
Үзэмчин нутгийн үе үеийн уртын дуучдын уран нугалаа, түрлэгэ шуранхайд сэтгэл догдолж, нутаг ус, өв соёл, өвөг дээдэс, аав ээжээ уяран санаж, хамар шархирч, баяр хайрын нулмис мэлмэрэн байсныг нуух юүн. Тийм ээ, монголчууд бид ийм л агуу соёл түүх, нүүдэл амьдрал, газар усантай билээ. Уртын дуу, морин хуур нь монгол хүүний сэтгэлийн хоёр жигүүр буюу. Үзэмчин нутгийн алдартай ардын дуучин Шархүү гуай "Жороон жороо улаан" хэмээх уртын дуугаа дууллаа. Тэрээр энэ жил 76 настай, түүний дуулж буй хэв намба, уртын дууны уран нугалаа хугараа, эгшиглэн нь үнэхээр гоц сайхан бөлгөө. Ёстой л Өвөр Монголын алдарт дуучин Лхажав гуайг өөрийн эрхгүй санагдуулж байлаа.
Үзэмчин нутгийн ардын дуучин Шархүү гуайгаас "Жороон жороо улаан" хэмээх уртын дуугаар ая барьна гэхэд тойрж суусан олон нижигнэтэл алга ташиж байлаа. Тус дууг Үзэмчин баруун хошууны ван Сономравданы авга, том яруу найрагч Дүнхэр агь хэмээх хүн зохиожээ. Үлгэр түүхийг нь ярьвал, Үзэмчин баруун хошуунд долоон жил дараалан их зуд, хүн малын өвчин, үер усны гамшиг болжээ, уг гамшгийн талаар баруун газраас асуулагаж, мөн хошуу нутгаа даатгахаар Үзэмчин ван Сономравдан, авга болох Дүнхэр агиа явуулжээ. Ингээд Дүнхэр агь хөх бүрээстэй, алтан гандиртай хам тэргэндээ жороо улаан морь хөллөөд сүр дуулиантай явжээ, мөн тэрэгчнээ Манж чин улсын ноёд түшмэдийн тэрэг барьдаг хүнтэй адилхан тоорцог малгай, оодон хувцас, шар шаахай өмсүүлж, туушан бариулаад явжээ, үүний хамт бас хөсөг, арваад тэмээн ачаа, хэдэн арван цэрэг дагалдан явжээ, тэгээд баруун газрыг зориод явж байтал, нэг өдөр Дүнхэр агийн хөллөсөн морь натган үргэж хөглөжээ, ингэхэд тэрэгчин нь морио гуядаад улам ширүүн давхиулсанд оройн бууцандаа буух үед мөнөөх жороо улаан нь хүч тэнхээ муудаж сульджээ, тэгээд тэндээ хоноглоод аянчид бүгд унтсан байхад Дүнхэр агь майхандаа лаа асаагаад үзэг цаас нийлүүлэн удтал суужээ, маргааш өглөө аян жин хөдлөх үед, Дүнхэр агь морин тэргэндээ суугаад өчигдөр шөнийн бичсэн шүлгэндээ өөрөө цээжээр ая тааруулж, намуухан хоолойгоор ингэж дуулжээ, "жороогийн жороо улаанаа, жолоог нь татасхийгээд яваарай, зорьсон газар чинь хол шүү, зоригоо битгий мохоорой. Талын хөндий нь уужуу шүү, татаж тавьж яваарай, танихгүй хүн чинь хартай шүү, сэрэмжтэйхэн яваарай. Уулын хөндий нь уужим шүү, угчиж татаж яваарай, уулзсангүй хүн чинь хартай шүү, сэрэмжтэйхэн яваарай" хэмээн дуулжээ, дараа нь гэрээ ачаад аян жингээс хоцроод ирсэн хүн уг дуун дээр бас нэг хэдэн бадаг нэмээд ингэж дуулжээ, "гөмбөн гэдэг чинь хол шүү, гурван сарын газар шүү, гөмбөндөө мэнд л хүрэхийг гөмбөний чойжин өршөө, Андуй гэдэг чинь хол юм шүү, арван сарын газар шүү, Андуудаа мэнд л хүрэхийг Андуйгийн чойжин өршөө, зуу гэдэг чинь хол шүү, зургаан сарын газар шүү, зуудаа мэнд л хүрэхийг зуугийн чойжин өршөө" хэмээн дуулсан гэдэг.
Үзэмчин ардын уртын дуугаа өвлөн залгамжилж, тус нутгийн алдарт уртын дуучин Цагаанхүү гуайн гар шавь Оюунсоёл хэмээх ид залуу үеийн дуучин төрөн гарчээ. Тэрээр уртын дуундаа сэтгэл зүрхээ өгч, дуулах ур мэргэжил, биеэ авч явах байдал гээд өөрийн хэв намбаа бүрдүүлэхийг хичээхийн зэрэгцээ өсвөрийн хүүхдүүдэд үзэмчин ардын уртын дуугаа зааж, хошууныхаа улаанмөчир урлагийн багт уртын дуучнаар ажилладаг гэсэн.
Оюунсоёл уртын дууны цэнгүүндээ "Үүр сүүлт" хэмээх үзэмчин нутгийн домог түүхтэй дуугаар ая барьсан юм. тус дуунд "Үүр сүүлт үрээн морь нь үзэмчин гүүний унага юм аа, Үсээ тавьсан бүсгүй дүү минь үзэгдэж байх уулных нь хаагуурх нь байх уу даа" гэж дуулдаг. Дээхэн үед Үзэмчиний нэгэн хархүү Халхын баяныд зарцлагдаж байжээ, энэ үед үзэмчин хархүү Халх баяны үзэсгэлэнт охинд дурлаж, тэр хоёр хайр сэтгэлтэй болжээ. Халхын тэрхүү баян үзэмчин хархүүд ажлын хөлс хэмээн нэгэн даагьтай бор даага өгч, "энэ даагьтай бор дааганы сүүл нь борвондоо хүрсэн цагт чи эргээд хүрээд ир" гэжээ. Тэгээд мөнөөх үзэмчин хархүү нутаг буцаж, хэдэн жилийн дараа эргээд Халх баяныд ирэхэд сэтгэлийн хайртай бүсгүй нь өөр эрд гарах гээд хурим найр болж байжээ, ингээд үзэмчин хархүү хурим найрын ширээний баруун өмнө захад сууж, "Үүр сүүлт үрээн морь нь үзэмчин гүүний унага юм аа, Үсээ тавьсан бүсгүй дүү минь үзэгдэж байх уулных нь хаагуурх нь байх уу даа" гэж дуулаад сэтгэлийн хайртай бүсгүйгээ морин дээрээ сундлуулаад нутаг руугаа явсан гэдэг. Ийнхүү уугал нутгийн дөрвөн үеийн уртын дуучид оролцсон "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн үдэшлэг маань шуранхай хадааж, дэлхий баясган өндөрлөлөө. Монгол нутгийн уул тал, хангай хөндий цас манарган сэргэж, монгол хүний уужуу тайван сэтгэл уртын дуундаа уяран сэрлээ. Тэнгэрийн мандалд хуйларах цагаан адуу шиг үзэмчин шуранхай зүрхэнд дүрэлзэн асаж, нэгэн шүлэг тэрлэв. Үзэмчин нутаг, үзэмчин хүн зон үүрд амгалан байх болтугай.
Эрхэм сонсогчид оо, сая та бүхэнд "Цаст Алтайн бараа" үзэмчин ардын уртын дууны сар шинийн тусгай нэвтрүүлэгийг хүргэлээ. Анхаарал хандуулж, хүлээн авч сонссон та бүхэндээ баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Баяртай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |