• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ баргачуудын мал нядлах ёсон

CRI       (GMT+08:00) 2015-03-18 09:50:57

Манай шинэ баргачууд малыг нядлахдаа "ална" гэдэггүй. "Алах" гэдэг үгийг цээрлэж, "Мал гаргах, муухай наашлах, цааш харуулах, төхөөрөх" зэргээр тойруулж хэлдэг заншилтай билээ. Урьд цагт, мал гаргахдаа бурхандаа мөргөж адис аваад дараа нь гаргадаг заншилтай байжээ.

Нэг. Бод малыг нядлахад нугаслах ба зүрхлэх гэж хоёр зүйл байдаг.

- Адуу, үхрийг зогсоогоор нь нугаслах

- Адуу, үхрийг сөгдүүлж унагаад зүрхлэх, эсвэл нугаслах

- Үхрийг унаган хүлж байгаад зүрхлэх (үүнийг бас оморголох гэдэг)

- Адууг чөдөрлөн башилдаж, нармайг нь нарийн хуйв, сураар чангалан татаж бүтээж унагаад зүрхлэх.

- Тэмээг хэвтүүлэн бохцолж, хүзүүг нь сунган гадаслаад нугасалах.

Хоёр. Бог малыг өрцийг нь цоолж байгаад голыг нь тасалж нядалдаг.

Өрцийг нь цоолохдоо тэнд нь өвс хөндлөн тавиад "чамайг нядлахгүй, өвс огтолж байна" гэж хэлээд өрцийг нь цоолдог .

Гурав. Мал нядлахдаа цусыг нь саванд тосон авч, бүлэгнэхээс нь өмнө хутгаж шингэрүүлдэг.

Тэгээд шингэн цусандаа давс, гурил, сонгино мэтийн амтлагч хийж, ходоод, чацархай, олгой, гэдсэнд нь цутган чанаж иддэг. Адууны цусыг өвөл хөлдөөн хадгалж, цаг хатуурч мал ядрах үед дорой малдаа устай хутгаж өгвөл сайн тэнхэрдэг. Адууны гэдсэнд цутгасан цусыг шавай гэдэг. Адууны цусыг иддэггүй. Малын цус буюу бүлэгнэсэн цусыг хоточ нохойн хоолонд хийж өгөхөөр хөлдөөж хадгалдаг билээ.

Дөрөв. Малын арьс өвчих ёс

Малын арьсыг өвчихдөө арьсыг исгэхээс болгоомжилно. Ихэнх хэсгийг нударч өвчих ба зайлшгүй газар нь хутга хэргэлэнэ. Бог малыг нядлахад өөр нэг хүн хойд хоёр хөлөөс нь татан тэлж өгдөг. Ингэвэл нударч өвчихөд амархан урагдаж тасардаггүй.

1. Бод бог малын арьсыг өвчихдөө дөрвөн мөчнөөс нь дэлгэж өвчдөг.

-Адууны арьсыг өвчиж аваад нарийн зүсэж сур хийдэг. Бас савъяа хийж хувцас хунар, цүнх, малгай зэргийн нарийн түүхий эд болгодог.
- Үхрийн арьсыг сайн элдээд давхар, дан суран хазаар, давхар, дан ногт, чөдөр тушаа, мушгиа, задгай татлага, мушгиа, задгай хуйв, суран жолоо зэргийг хийдэг. Бас маш нарийн сайн элдэж савъяа, дээл, өмд, малгай, цүнх, гутал ч хийдэг.

-Тэмээний арьсыг элдэлгүйгээр үдээр хийж, хана үдэж тооно холбоход хэргэлдэг. Бас элдэж сур болгох нь ч бий.

- Хонь ямааны арьсыг элдээд дээл, малгай, гутал, бээлий, цүнх, уут зэрэг элдэв зүйл хийдэг. Ямааны арьсаар нумын хөвч, хуйв хийдэг .

2. Хонь ямааны арьсыг туламлан өвчиж тулам сав хийдэг.

3. Хонины арьсыг хүйлрүүлэн өвчих гэж байдаг. Энэ нь цоройн дээр нь хүйсийг тойруулан өвчүүтэй хамт үлдээж өвчихийг хэлнэ. Тарган эр хонийг ингэж өвчөөд өвчүүтэй нь хамт хуйхалж идэхэд тун амттай болдог .

4. Тэмээг даллан өвчдөг. Учир нь тэмээг хэвтүүлж нядалдаг болохоор зоог нь дагуулан хоёр бөхнийх нь үзүүрээр ярж хоёр дал өөд нь даллан өвчдөг. Өвчиж дуусаад хоёр бөх, хоёр хомыг авсны дараа сая хажуугаар нь харуулж бусад ясыг нь эвдэх ба гэдэс дотрыг нь авдаг.

Тав.Үхэр адууны шөрмөсийг авах ёсон

Арьсыг нь өвчөөд дөрвөн мөчнийх нь шөрмөсийг мод юмаар гогдон сугалж авдаг. Авсан шөрмөсөө салхинд хатаагаад томож шөрмөсөн утас болгоод юм уяахад тун бөх байдаг .

Зургаа. Бог малын ясыг таваглах ба идэх ёс

Бог малын махыг шулах, гүймэг шулах, шулахгүй байх зэргээр эд болгоод чанаж гаргах үедээ таваглахад зөв тавих, идэх зэрэг бүгд ёс төртэй.

1. Дал. Далыг тогоон талаар хүн өөд харуулан тавьж, идэхдээ эхлээд мөгөөрсийг нь огтлон авч хүүхдэд өгдөг. Тэгээд тогоон талаас нь барин дагуулан огтолж иднэ. Далны махыг олон хүнтэй хувааж идэх ёстой. Далны битүү махыг хүүхдэд идүүлдэггүй. Мөлжиж дуусаад хутга буюу өөр юмаар далны хотыг сэтэлдэг. Энэ нь хотныхоо амыг улам нэн олон хонь хашихыг зөгнөж буй юм. Бас зарим хүн далны ясаар мэргэлдэг. Зээ хүү нагацынхаа дэргэд дал иддэггүй .

2. Атгаалж. Атгаалжийг нарийн талаар нь таваглаж хүн өөд хандуулан тэр талаас нь барьж иддэг. Идэж дуусаад мөлжсөний дараа хутга буюу бусад юмаар хуга ташиж чөмгийг нь иднэ. Гэвч хүүхдэд чөмөг идүүлдэггүй. Битүү ясны чөмгийг идвэл ой билиг муудна гэж үздэг.

3. Богтос. Богтосыг залгаагүй талаар нь хүн өөд хандуулан таваглаж тэр талаас нь барин дагуулан огтолж иддэг. Хөндлөн огтлохыг цээрлэн, тэгж огтолбол гэдсийг нь хагалж байна гэж үздэг. Хамгийн сүүлд нь залгааг нь идээд мөлждөг. Хол аяанд явж байвал эр хүний хань яс гэж хадгалж авч явдаг. Гэртээ бол нохой идэж чадахгүй тул шатаадаг. Зарим хүн богтосын тавнан ясыг засаж аваад шүдний чигчлүүр хийдэг. Бас богтосыг засаж аваад хэдэн шагайг утсаар холбон "Унага услах" хэмээх нэртэй оюуны тоглоом хийдэг байна .

4. Шагайт чөмөг. Шагайт чөмгийг зөв талаар нь хүн өөд харуулан таваглаж, тэр талаас нь иддэг. Эхлээд борви шагайг булгалж аван мөлжөөд дагуулан огтолж иддэг. Мөлжиж дуусаад сүх буюу бусад юмаар хага цохиж чөмгийг иддэг. Хүүхэд боривоор нь нохой гэж нааддаг .

5. Гуя. Гуяыг тойггүй талаар нь хүн өөд харуулан таваглаж, тэр талаас нь барьж тойгийг авч тавиад огтолж иднэ. Хүүхүүд тойгоор хүн гэж нааддаг. Мөлжиж дуусаад хутгаар хуга ташиж чөмгийг нь иднэ.

6. Сүүж. Сүүжийг нарийн талаар нь хүн өөд хандуулан дээш харуулан таваглаж тэр талаас нь барьж иддэг. Мөлжөөд нүхийг малтвал нохойд хаях буюу галд өргөнө. Идэж дуусаад нүхийг нь малтсан сүүжийг гэрт байлгадаггүй, нүхээр нь чөтгөр шагайна гэдэг. Гэртээ хонуулж бүр ч болохгүй. Нагац нь зээгийнхээ дэргэд сүүж мөлждөггүй, зээдээ өгдөг .

7. Хавирга. Хавиргыг толгойгоор нь өөд харуулан таваглаж, толгой талаас нь барьж иддэг. Хүүхэд дэргэд байвал хүүхдэд хавирга авч өгдөг. Энэ нь хүүхдийн нүд хараана гэх буюу хүүхэд идэхэд амархан болохоор авч өгч байгаа юм.

8. Нуруу, сээр. Нуруу, сээрийг сээрийг тавгалахдаа махгүй үе талыг хүн өөд хандуулан таваглаж, тэр талаас нь барьж үе үеэр нь булгалан мөлждөг. Хүүхдэд нугас идүүлдэггүй, нусгай болно гэдэг.

9. Өвчүү. Өвчүүг бүдэрхий талаар нь хүн өөд хандуулан таваглаж, бүдэрхий талаас нь барьж дагуулан огтолж иддэг. Идэж дуусаад үелэн мөлждөг. Дутуу мөлжиж болохгүй. Хүүхдэд өвчүүний аймхай өгдөггүй. Өвчүүний бүдэрхийг мөлжилгүй галд өргөдөг.

10. Ууц. Ууцны ястай талыг доош харуулж нурууны үе талыг хүн өөд хандуулан таваглаж, тэр талаас нь барьж дагуулан огтолж иддэг. Бас ууцыг сүвээний хавирага, хайдас, сүүлтэй нь бүхэл чанаж бурхан, уул овоо тахихад даллага болгодог. Ноёд дарга, ахмадаа хүндэтгэж ууц хайх гэж байдаг.

Долоо. Малын толгойг уул овоонд өргөх ба идэх ёс

- Адуу, тэмээний толгой шийрийг иддэггүй, өндөр уулын оройд дөрвөн шийрнийх нь улыг өөд харуулан зэрэгцүүлж тавиад дээр нь толгойг нь уул өөд харуулан тавьдаг. Адууны тархийг нугасны нүхээр нь малтан авч махтай хольж гэдсэнд нь хийж идвэл тун амттай болдог.

- Үхрийн толгой шийрийг иддэг. Толгойн арьс нь зузаан болохоор тун бөх байдаг. Өвчиж аваад модон тэрэгний мүхрийн амыг боодог. Толгойн ясыг нь голоор нь хоёр тал болгоод, нэг талыг нь чихний хэсэг, нүдний хэсэг, хамрын хэсэг гэж гурван хэсэг, хоёр талыг зургаан хэсэг болгодог. Тархийг нь авч иддэг.

- Хонь ямааны толгой шийрийг хуйхалж бүхлээр нь чанаж иддэг. Хонь ямааны тагнайг авч охин хүүхдэд "Хуниас сайн хуниж уран болоорой" хэмээн ерөөж өгдөг. Хонь ямааны гал магнайн хуйхыг иддэггүй. Баатар хуйх болохоор муу юмтай таарна гэж цээрлэдэг. Хүүхдэд "Өрөөсөн нүд бүү ид, өрөөсөн нүдтэй болно" гэнэ. Хонины шийр, тагалцагны ясны чөмгийг аваад сүм хийдийн хүрдний гол тосолдог. Хонины толгойг хүндэтгэлийн зоогт оруулж, бурхан, уул овооны даллагад хэрэглэнэ. Бас ноёд дарга, ахмадаа хүндлэхэд хэрэглэдэг. Харин ямааны толгойд ямбанд тавьдаггүй.

Найм. Малын гэдэс

Малын гэдэс дотрыг цэвэрлэж аваад олон янзын хоол хийдэг. Олгойн бууз, эрээлж гэх мэт амтат хоол хийнэ. Адуунд гүзээ байдаггүй, харин умс бий. Тэмээнд гүзээ байдаггүй, жаран сүнгэрээ гэж байдаг. Үхэр, хонь, ямаа гүзээтэй болохоор гүзээндээ яс мах нь бүгд багтдаг. Үхрийн гүзээнд толгой шийрээс нь бусдыг хийгээд үүц болгон хадгалдаг. Хонь ямааны ясыг гүзээнд нь бүгдийг багтааж хадгалдаг. Хавар үүц задлах үед гаргахад яг хэвээрээ шинэ гаргасан юм шиг байдаг. Ихэнх малчид малаа гүзээлдэг билээ.

Манай нутагт таван хошуу малаа нядалж, хэрхэн иддэг ёс учрын тухай өөрийн ойлголтоо товч танилцууллаа. Та бүхэн хянаж үзээд алдсан буюу орхигдуулсан гэм байвал залруулж өгөхийг хүсэж байна.

Таван хошуу малаас хаягдах хэрэгцээгүй зүйл гэж үгүй. Баас шээсийг нь ч газартаа шингээн бордоо болгож өвс ургамалыг дахин сэргээж ургуулдаг. Иймээс шинжлэх ухаанч аргаар таван хошуу малаа хамгаалан, малынхаа ашиг шимийг улам сайн ашиглан хүртэж явцгаая.

2013. 12. 22
Шинэ Барга баруун хошууны Мал аж ахуйн товчооны Хүйчиллэг А.Борхүү, кирилл бичигт хөрвүүлсэн Цэнгэл,
Дадлагын оюутан Го. Халиунаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе