|
|
||
"Монголын нууц товчоо" (хойшид "Нууц товчоо" гэнэ) Монгол үндэстний эртний түүхийн гурван их тулгуур бичгийн нэг, Монголын уран зохиолын гурван оргилын нэг юм. Нууц товчоонд Монгол үндэстний үүсэл гарлаас эхлээд Их Монгол улс мандах үе хүртэлх түүхийн ул мөрийг тэмдэглэсэн байдаг, хосгүй үнэт судар юм.
"Нууц товчоо"-г судлах, цуглуулах ажил дэлхийн хэмжээнд эрчтэй өрнөж буйг та бүгд мэднэ. Өдгөө Монгол, Япон, Америк, Герман, Хятад зэрэг 60 гаруй улс орон "Нууц товчоо" -ны олон бар хэвлэлийг цуглуулан хадгалж буй. Энэ тэмдэглэлд бид олон олон цуглуулагчийн нэгэн содон төлөөлөл болох хүнийг танилцуулна. Тэр бол Өвөр Монголын Архорчин нутгийн хүн, "Монголын нууц товчоо"-г цуглуулагч, судлаач Чонос Цогтнаран юм.
Өвөр Монголын эрдэмтэн судлаач, ялангуяа монгол ном цуглуулагчдаас "Чонос өв соёлын сан"-гийн Цогтнаранг танихгүй хүн цөөн. Өдгөө тус санд "Нууц товчоо", "Жангар", "Чингис хааны цадиг", "Эзэн сан" зэрэг 60 мянга гаруй ховор нандин монгол ном судар хадгалагдаж буй бөгөөд уншигчдад үнэ төлбөргүй үйлчилдэг тул номын хорхойтнуудад "олдошгүй орхоодой" болжээ. Цогтнаран "Нууц товчоо"-ны цуглуулгаа өргөтгөхийн тулд 78 улс орноор явж, 31 улсын 20 гаруй хэлээр 630 бар хэвлэлийн "Монголын нууц товчоо"-г цуглуулсан байна.
Чонос Цогтнарангийн цуглуулсан 630 бар хэвлэлээс хамгийн эртнийх нь 1866 оны хэвлэл юм. Үүний тухай тэрээр, "Миний цуглуулгын хувьд, 1866 оны Оросын хар лам Кафаровын Нууц товчооны хоёр дахь хэвлэл бий. Удаах нь 1907 оны Японы Такамичигийн хэвлэл юм. Мөн 1903 онд хятад хэлээр чулуун бараар хэвлэсэн Нууц товчоо бий. Монгол бичгээр хамгийн эртнийх нь 1947 оны бар хэвлэл юм. Монголчууд Нууц товчоог 1910-аад оноос эхэлж орчуулж судалсан. Гэхдээ тэр үеийн гар бичмэл буюу бар хэвлэл олдохгүй, харин цахим хувилбар нь олдсон. Тэгэхээр 1866 оны хэвлэл хамгийн анхны Нууц товчоо болж байна."
Чонос Цогтнаран 2014 оны 11-р сарын 16-нд Монгол улсын үндэсний бахархлын өдөр, тусгаар тогтнолын 90 жилийн ойд зориулсан "Монголын нууц товчоо"-ны үзэсгэлэнд урилгаар оролцсон бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж түүнд "Монголын нууц товчооны дэлхийн нэг номерын цуглуулагч" хэмээх хүндэт өргөмжлөл гардуулсан юм.
Нууц товчоог олон даяараа эрхэмлэн, түүний эрчмийг түгээн дэлгэрүүлэх үүднээс 2013 оны 12-р сарын 6-10-нд Өвөр Монголын Их Сургуульд олон улсын "Нууц товчоо"-ны үзэсгэлэн зохион явуулж, таван мянга гаруй уншигчдад номын хишиг хүртээсэн юм.
"Яагаад ийм юм хийж байгаа юм бэ? Номоо гайхуулах гэж байгаа юм биш. Хамгийн чухал нь монголчуудын өв соёл, хаан судрыг бид яаж судлах, яаж дэлгэрүүлэх вэ? Уран зохиолын хүрээнд ч, түүхийн судалгааны хүрээнд ч энэ их эд эрдэнэсийг бид яаж гаргаж авах, хэрэглэх вэ гэдгийг бодууштай. Түүнчлэн монголчуудын өв соёл, үүх түүх ийм агуу их гэдгийг дэлхий дахинд харуулах хэрэгтэй, залуу хойч үедээ ухааруулах, тэдэнд өв соёлоо хайрлан хамгаалж, уламжлан дэлгэрүүлэх ёстойг мэдүүлэх зорилгоор энэ үзэсгэлэнг гаргасан."
Үзэсгэлэнд олон төрлийн бар хэвлэлийн Нууц товчоо, модон дээр, чулуун дээр уран бичлэгээр сийлсэн Нууц товчоог дэлгэн үзүүлжээ.
Чонос Цогтнаран 2010 оноос эхлэн "Хаадын сан", "Танд ном өргөе" зэрэг соёлын олон арга хэмжээ зохион явуулж, амьдралын боломж муутай оюутнуудад эд материалын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ номын дээжээс бэлэглэж тэдэнд урам зориг хайрласан юм. Мөн тэрээр "Чулуун урлалын өргөө" байгуулж, ном хэвлэх ажлыг хариуцан хийж, түүний ашиг орлогоор цаашид олон олон ном цуглуулах, боломж муутай оюутнуудыг үргэлжлэн дэмжих буяны үйлсээ босгож явна.
Үндэстнийхээ ном судрыг эрхэмлэн дээдэлж, судлахын зэрэгцээ залуу үеийнхэнд номын цагаан буян дэлгэрүүлж, эрдэм номын хишгээр дэмжиж яваа Чонос Цогтнараны үйлсийн зам өргөн саруул байхыг ерөөж энэ тэмдэглэлийг өндөрлүүлье.
(Өвөр Монголын Радиогийн сэтгүүлч Амжилт мэдээлж, Хятадын ОУР-гийн Алтаннавч редакторлав)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |