• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Урьд цагийн уламжлалаа хадгалсаар байгаа нийтийн зуслан--- Булингар

CRI       (GMT+08:00) 2015-09-25 10:36:13


Тосой настан бидэнд ярилцлага өгч байгаа нь

"Нүүдлийн соёлын мөрөөр" томилолтоор Дээд Монголд хийсэн сурвалжилгын 4 дэхь буюу 8-р сарын 25-нд бид Хөхнуур мужийн Хайши Монгол Түвд өөртөө засах жөүгийн (аймаг) Улаан шяний(хошуу) Хөхөд сумны Булингарын зусланд зусаж буй Найрамдалынхыг зорилоо.


Тосой настан бидэнд ярилцлага өгч байгаа нь

Үд дундаар бид зорьсон газраа хүрэхэд танан цагаан монгол гэр бөмбийж, тарган сүрэг тархан налайсан зурган дээрхи байгаль шиг тэнүүн тансаг нутаг байлаа. Холоос сэтгүүлч ирэх сургаар хажуу саахалтаараа цугларан, хөгшин залуугүй хөл хөгжөөн болсон ажээ. Хөгшид буурлууд хоймор дүүргэн хуучлан суухад хүүхнүүд нь цай ус, идээ будаа гэж бужигналдан байна. Хүүхдүүд хотоос ирсэн биднийг шохоорхон тормолзоно. Энэ бүхний дундаас наян тавыг зооглож яваа Тосой эмээ онцын халуухан санагдлаа. Айл гэрт настай буурал байхаар тайван амгалан, халуу төөнөөд явчих юм билээ. Ингээд бид Тосой настантай ярилцан суухдаа, хар багадаа баян айлд зарцлагдаж, эл хал амсаж байсан ба өнгөрсөн зууны дөчөөд онд ханийн заяа түшин, долоон хүү нэг охинтой өнөр өтгөн айл болж, жажин үсээ цайтал хамтдаа амьдрал буцалгаж байсан нөхөр Жанлан нь дөрвөн жилийн өмнө наян долоотойдоо ертөнцийн мөнгө бусыг үзүүлсэн, Жалзан агсан залуу халуун насандаа сум бригадынхнаа удирдах ажилтан байсан, бас Вангийн ордны дууч байсан ахынхаа тухай гээд олон сонирхолтой хууч дэлгэж билээ.


 Тосой настан ба Жалзан агсаны хуримласан 60 жилийн ойн дурсгалын зураг

Тосой настан бидэнд дээд Монголчуудын ардын дууны гурван том анги болох төрийн гурван дуу, шажны гурван дуу, найрын гурван дууны тухай танилцуулахын зэрэгцээ дуулсан гурвын гурван дуунаас "Баян найрын эхэн" гэх найрын дууг хүргэе. Энэ дуунд,

"Ум баян найрдын л эхнээс
Бахран гарагч л бахтай л
Бага л цагийн л ноёд л
Ширээн дээрээ л залраа" гэж дуулж байна.


Тод бидэнд ярилцлага өгч байгаа нь

Бид Тосой настнаас урьд цагийн сонирхолтой хууч сонссоныхоо дараа Булингар тосгоны намын нарийн бичгийн дарга Тод энэ нутгийг яагаад Булингар гэдэг тухай ярихдаа: Манай нутаг бут сухай их ургадаг, хөрс сул газар тул гол нуурын ус нь шар өнгөтэй, булингартай байдгаас ингэж нэрийдсэн гэжээ. Тэрээр мөн нутгийн малчдын аж амьдралын байдал, цаг агаар, байгаль орчин, нийгмийн амьдрал өөрчлөгдсөөр байгаа өнөө хүртэл Булингар тосгон нь нийтийн зуслангаа торлож таслалгүй тэнүүн сайхнаар нь байлган, нийтээрээ өдөр судар үзэн байж зусландаа гардаг уламжлалаа хадгалсаар байгаа талаар танилцуулсан ярилцлага ба Дээд Монголчуудын цагаан идээний тухай танилцуулсан видео зэргийг хүргэж байна.


Төв радиогоос малчдад радио бэлэглэж байгаа нь


 Буурал түүхтэй Булингарын зуслан


 Буурал түүхтэй Булингарын зуслан

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе