• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад судлаач, эрдэмтэн Кубота Сутис Драгана

CRI       (GMT+08:00) 2009-06-01 14:59:59

     Бээжингийн нэгэн сэтгүүлийн газар ажиллаж байгаа Кубота Сутис Драгана бол Сербийн хятад судлаач, эрдэмтэн хүн. 1978 оны намар тэрээр анх удаа оюутны тэтгэлгээр Хятадад сурахаар ирж байжээ. Сургуулиа төгссөнөөс хойш ажил явдлаар хэд хэдэн удаа Хятадад ирэхдээ Хятад улс нээлттэй бодлого хэрэгжүүлж, баярламаар сайхан өөрчлөлт шинэчлэлт хийж буйг нүдээр үзэж танилцжээ. Ингээд эцэст нь Хятадад үлдэж ажиллах сонголт хийсэн гэдэг.

     Драганаг анх Бээжинд ирж байхад Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогыг дөнгөж хэрэгжүүлж эхэлж байжээ. Хятадын удирдагчид Югослав, Унгар зэрэг зүүн Европын олон улс оронд айлчилж, тэдгээр орны удирдагчдын туршлагаас хичээнгүйлэн сурч байсан нь түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм. "Тэр үед нисэх онгоцны буудал хүрэх замын хажуу дахь нэгэн зар сурталчилгааны самбар дээр "Югославаас суралцъя " гэсэн уриа бичсэн байсан нь надад их сайхан санагддаг байсан" гэж тэр дурсан ярив.

     Хятадад анх ирсэн гадаадын хүмүүсийн нэгэн адил Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь Драганад Бээжинг харах анхны цонх болж байв. "Тэр үед нисэх онгоцны буудал ердөө үйлчилгээний нэг л давхар байшинтай, ганц хөөргөх замтай байсан. Гэтэл өнөөдөр гурван хөөргөх зам бүхий дэлхийн хамгийн том үйлчилгээний цогцолбор болжээ" гэж Драгана хэлсэн юм.

     Драгана цааш нь ярихдаа: "Өнгөрсөн 30 жилд нисэх онгоцны буудлаар зогсохгүй зам харилцааны талд ч асар их өөрчлөлт гарсан байна. Өмнө нь унадаг дугуй иргэдийн зам харилцааны гол хэрэгсэл болж байсан. Хотын төвд нийтийн үйлчилгээний автобуснаас гадна бусад машин тэрэг их цөөн байсан. Такси ч цөөн. Онгоцны буудал юм уу, хаа нэгэн газар очих гэвэл урьдаар захиалга өгдөг байсан. Гэтэл өнөөдөр хувийн машин, нийтийн үйлчилгээний автобус, такси, жуулчдын автобус, метро, хурдны зам гээд зам харилцааны иж бүрэн хэрэгсэл бий болж, хүмүүст түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.

     "30 жилийн өмнө Хятадад эд барааны хангамж их муу байснаас хэчнээн мөнгөтэй байлаа гээд хэрэгтэй бараагаа авч чадахгүй байсан. Өргөн хэрэглээний барааг картаар хангаж, айл өрхийн хүн амын тоогоор нь будаа, мах, өндөг, хүнсний тосны тасалбар, даавууны тасалбар, унадаг дугуйны тасалбар гэж өгдөг байв. Хэрэв тасалбар байхгүй бол юу ч авч чадахгүй. Тэр үеийн оюутны тэтгэлгийн нэг хэсэг нь бас л төрөл бүрийн тасалбар байсан" гэж Драгана дурсан ярьсан юм.

     Драганаг Хятадад сурч байх үед Бээжингийн найрамдал дэлгүүр нь түүний үргэлж очдог нэг газар байв. Эндээс бусад дэлгүүрт байхгүй арьсан шаахай, гадаадын архи, унадаг дугуй зэргийг худалдаж авдаг байв. Гэтэл Өнөөдөр "Найрамдал" дэлгүүрийн эргэн тойронд орчин үеийн маш олон худалдааны төв, супермаркет болон том том дэлгүүр бий болж, харин өнөө "Найрамдал" дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг эдгээр дэлгүүртэй харьцуулбал элбэг биш болжээ" гэж тэр хэлэв.

     Өнөөдөр Бээжинд төрийн өмчийн том том дэлгүүр олон байдаг төдийгүй гадаадын хөрөнгө нийлүүлсэн том том сүлжээний дэлгүүр ажиллаж, бараа бүтээгдэхүүн элбэг дэлбэг болжээ. Тиймээс өмнө нь мөнгөтэй байгаад ч хэрэгцээтэй юмаа олж авч чадахгүйн зовлон байсан бол өнөөдөр тэр элбэг баялаг бараа бүтээгдэхүүн дундаас сонгож авах нь харин амаргүй болжээ" гэж тэрээр сонирхуулж ярив.

     "30 жилийн дотор Хятадын нийгмийн амьдрал элбэг дэлбэг болсон төдийгүй соёлын амьдралд ч асар их өөрчлөлт гарсан байна. 1978 онд Драгана Бээжинд сурч байхдаа хичээлээс гадуур чөлөөт цагаараа зөвхөн сургууль дээрээ л байдаг байв. Хаа нэг кино үзэх төдий л өнгөрүүлдэг байжээ. Тэр үед баар, клуб гээд цэнгүүний газар байхгүй. Бүрэн бус судалгаанаас үзвэл, өнөөдөр Бээжинд 400—500 баар ажиллаж, бас төрөл бүрийн клуб, бие тамирын дасгал хийх төв, кофе баар зэрэг цэнгүүний газар олон болжээ. Бээжин нэн хурдтай өргөжин тэлж, өндөр өндөр том байшин сүндэрлэж, таван одтой зочид буудал тоогүй олон нэмэгдэж, орчин үеийн гоёмсог орон сууцны хороолол бий болж, ард иргэд тав тухтай амьдарч байна. Бээжин хот олон улсын жишиг том хот болон хөгжжээ" гэж тэрээр хэллээ.

     30 жилийн өмнө Драганад ар гэрээс нь илгээсэн захидал замдаа хагас сар болж байж ирдэг байв. Гэтэл өнөөдөр компьютероо нээгээд л нутагтаа байгаа гэрийнхэнтэйгээ уулзчихна. Би Хятадад ажиллаж амьдрах дуртай, Хятадын өнөөгийн хөгжил, соёл урлаг, амьдралын хэв маяг надад маш их таалагддаг" гэж тэрээр сэтгэл хангалуун хэлж байна. \ Урангоо орчуулж бэлтгэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе