|
|
||
Бээжин хотын иргэн Сүн Чао гэдэг хүн 30 секундэд 171 ширхэг мөнгөн дэвсгэрт тоолж, дэлхийд хамгийн хурдан мөнгө тоологч хэмээгдэн Гинесийн амжилт тогтоожээ. Одоо та бүхэнд энэ сонирхолтой хүний тухай танилцуулъя.
Сүн Чао 1976 онд Хятадын Шаньдүн мужийн тэнгисийн эргийн хот Вэй Хайд төржээ. Эх орныхоо өвөрт жаргалтай өсөж хүмүүжсэн мянга мянган эгэл хүүхэд багачуудын нэгэн адил Сүн Чао-гийн хүүхэд нас жаргалтай сайхан өнгөрчээ. Гэхдээ нэгэн өдөр дэлхийн амжилт тогтоох юм гэж түүний ухаан санаанд яахан орох билээ.
Сүн Чао 19 нас хүрсэн тэр жил нь сургууль дээр нь сампингийн уралдаан болж, тэрээр онцгой амжилт гаргасан гэдэг. Дараа нь Сүн Чаог нэг банк ажилд урьснаар тэр мөнгөн дэвсгэрт тоологч болжээ.
Ажилд орсон анхны жилдээ Сүн Чао Вэй Хай хотын банкны системийн ур чадварын дамжаанд бэлтгэл хүчнээр оролцсон юм. Энэ бэлтгэл дамжаанд оролцсон 30 гаруй хүнээс бүх мужийн уралдаанд 2 хүн сонгон шалгаруулахад нь Сүн Чао үлдэж, улмаар мужийн ур чадварын уралдаанд тэргүүн байранд оржээ.
2003 онд тэрээр Шаньдүн мужийн өмнөөс бүх Хятадын банкны системийн ур чадварын уралдаанд оролцов. Ур чадвар өндөртэй олон өрсөлдөгчтэй улсын хэмжээний уралдаанд анх удаа оролцох болсон тул тэрээр ихэд сүрдэж, өдөр бүр мөнгөн дэвсгэрт тоолох, баглах дасгалыг тасралтгүй хийдэг байв. Ингэж байхдаа мөнгөн дэвсгэртийн хурц ирэнд хуруугаа эсгэх нь бүр энүүхэнд. "Тэр үед би амжилт тогтооё гэсэн бодолтой байсангүй. Харин сүүлдэж хоцрох вий гэхээс л эмээж байсан. Тиймээс тэсвэр хатуужилтай дасгал хийдэг байсан" гэж Сүн Чао хэлж билээ.
Энэ л тэсвэр хатуужлынхаа үр дүнд Сүн Чао бүх Хятадын банкны системийн ур чадварын уралдаанд аварга болж чадсан юм.
Өөрт заяасан онцгой ур чадвараараа тэр амьдралын шинэ гараагаа эхэлж, 2005 онд Бээжингийн "Минь Шэн" банканд ажиллажээ. Тэр жил Сүн Чао "Минь Шэн" банкны өмнөөс Төв телевизээс зохион явуулсан ур чадварын уралдаанд оролцож, аварга болсон байна. Энэ нэвтрүүлэг түүний мөнгөн дэвсгэрт тоолох ур чадварыг орон даяар танилцуулжээ. Тэрээр энэ амжилтдаа сэтгэл ханасангүйгээр барахгүй 30 секундэд 100 гаруйхан ширхэг тоолж байна гэж өөрийгөө чамладаг байв. Чухам энэ чамлалт л түүнийг Гинесийн амжилтын төлөө өрсөлдөхөд хүргэсэн юм.
Ингээд 2007 онд Сүн Чао Гинесийн амжилтын төлөө өрсөлдөх болов. Тухайн үед нэг Америк хүний тогтоосон амжилт нь 30 секундэд 109 ширхэг мөнгөн дэвсгэрт тоолсон байв. Би 30 секундэд 140 ширхэг тоолж түүний амжилтыг эвдсэн гэж Сүн Чао хэллээ. Газар дээр нь шүүгч болоод бичлэг хийх зэрэг хүчин зүйлийн нөлөөнөөс болж Сүн Чао энэ амжилтдаа бас л сэтгэл ханамжтай биш байв. Гэсэн хэдий ч Сүн Чао дэлхийн хамгийн хурдан мөнгөн дэвсгэрт тоологч болсон юм.
2008 онд Сүн Чао-тай олон хүн өрсөлдөхөө зарлах болов. Гинесийн талаас ч түүнтэй утсаар ярьж, тэдний саналыг хүлээн авах уу гэж асуужээ. Сүн Чао тэрхүү өрсөлдөөнийг баяртай хүлээн авч,
30 секундэд 171 ширхэг мөнгөн дэвсгэрт тоолж, 2008 оны 11-р сард Гинесийн шинэ амжилт тогтоосон байна.
Энэ амжилт ямар их үнэ, хүч хөдөлмөрөөр ирдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. Тэрээр мөнгөн дэвсгэртийг дарж тоолдог болохоор эрхий хуруу нь шүргэсээр байгаад хээ нь харагдахгүй болж, улмаар хумс нь барагдаж, бүр цус гарч, мөнгөн дэвсгэрт барихаар л хорсож өвддөг болсон гэнэ.
\Урангоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |