• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Белги улс эдгэшгүй өвчтэй насанд хүрээгүйчүүдэд тайван нойрсох эрхийг нь олгох эсэх талаар хэлэлцэнэ

CRI       (GMT+08:00) 2013-12-06 10:13:55

      Белги улсын Сенатын Хуульзүйн хороо эдгэшгүй өвчтэй насанд хүрээгүй хүүхдүүдэд эцэг эхийнх нь зөвшөөрлийг үндэслэж эмнэлгийн аргаар тайван нойрсох эрхийг хуулиар олгох эсэхийг удахгүй хэлэлцэнэ гэж Английн "Өдрийн шуудан" сонин саяхан мэдээллээ. Хэрэв уг төсөл батлагдах юм бол Белги улс эмнэлгийн аргаар тайван нойрсох эрхийг эдлэх өвчтний насны хязгаарыг цуцалсан дэлхийн хамгийн анхны улс болох юм.

      Белги улсын Парлиаментийн дээд танхимын Хуулзүйн хороо нь хэдийгээр хууль батлах чадамжгүй байгууллага ч гэсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжих юм бол хууль тогтоох дээд байгууллага уг төслийг батлах хуулийн чухал үндэслэл болдог юм. Фламандс Эрх чөлөөт намын гишүүн Жан Жакүэс Дэ Гүхт энэ талаар сэтгүүлчдэд ярихдаа, "Бид чөлөөт сонголтыг хүндэтгэх ёстой, насанд хүрээгүй хүүхэд ч гэсэн өөртөө шийдвэр гаргах эрх эдлэх ёстой" гэж хэлсэн юм.

      Уг хуулийн төслийн дэмжигчдийн хувьд бол энэхүү хуулийн төсөл нь эдгэх найдваргүй өвчинд нэрвэгдсэн бага, өсвөр насны хүүхдэд энэрэнгүй аргаар тайван нойрсох эрх олгож, улмаар урьд нь нууц байдлаар хийгддэг байсан үйлдлүүдийг хуулийн хүрээнд ил тод болгож байгаа нь ач холбогдолтой гэж мэдэгдэж байгаа бол эсэргүүцэгчдийн хувьд энэ бол "Хүүхдийн амь насыг хөнөөх" бусармаг үйлдэл бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн бие сэтгэцийн хөгжил нь өөрийнхөө амьдралд шийдвэр гаргах түвшинд бүрэн боловсроогүй байдаг гэдгийг онцолж байгаа юм. Шашны байгууллагууд ч энэ хуулийн төслийг эрс эсэргүүцэж байна.

      Өнөөдрийн байдлаар нэгэнт эмчилгээгүй болсон өвчтнийг эмнэлгийн аргаар тайван нойрсуулах эрхийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн улс орон маш цөөн юм. Белги улсын хөрш зэргэлдээ орших Голланд улсад 12 наснаас дээш настай хүүхдүүдэд эмнэлгийн аргаар тайван нойрсох эрхийг нь хуульчлан баталсан байдаг ба хүүхэд хэрэв 16-аас доош настай бол заавал эцэг эхийнхээ зөвшөөршлийн дагуу энэ эрхээ эдэлдэг байна. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе