|
|
||
Саяхан Хятад, Монгол, Орос гурван орны төлөөлөгчид Хятадын Хэбэй мужийн Жан Бэй сяньд орших Зөвлөлт-Монголын дайчдад зориулсан дурсгалын цогцолборт хуран цугларч, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын төлөө алтан амиа өргөсөн баатар дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн билээ. Арга хэмжээний үеэр манай радиогийн сэтгүүлч Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатарыг сурвалжилсан юм.
20150827caifangdashi002.mp3
|
Сур: Энэ онд Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн Фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилий ой тохиож байна. Ойд зориулан Хятад, Монгол, Орос болон дэлхийн бусад олон оронд тэмдэглэх үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион явуулж байна. Элчин сайд та Монгол улс энэхүү түүхт ойг хэрхэн тэмдэглэж байгааг танилцуулна уу.
Ц.Сүхбаатар: Өнөөдөр дэлхийн шударга хүн төрөлхтөн нийтээрээ дэлхийн хамгийн аймшигт дайн болон Дэлхийн Хоёрдугаар дайн төгссөний, энэ дайнд ялалт байгуулсны баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол улс энэ дайнд өөрийн чадах бүхнээрээ оролцож, шударга хүн төрөлхтний талд байж, тэдэнд тусламж дэмжлэгээ үзүүлж байлаа. Мөн Дэлхийн Хоёрдугаар дайны төгсгөлөөр Ази-Номхон далайд байгаа дайны голомтыг устгах, Японы түрэмгийлэгчдийг Хятадын нутаг дэвсгэрээс хөөн зайлуулах, Ази-номхон далайд энх тайван тогтоох үйл хэрэгт манай улсын зэвсэгт хүчин идэвхтэй оролцсон. Үүний гэгээн дурсгал нь өнөөдөр Жанчхүү хотын Жанбэй сяньд байна. Ялалтын 70 жилийн түүхт ойг дэлхий даяараа өргөн тэмдэглэж буйг бид бүхэн мэдэж байгаа. Манай хоёр орны ард түмэн хүнд хэцүү үед бие биедээ тусалж дэмжиж, шилдэг залуу хөвгүүд нь бие биенийхээ эрх чөлөөний төлөө, сайн сайхан амьдралын төлөө амь хайргүй тэмцэж байсны нотолгоо, манай хоёр орны харилцааны олон жилийн найрсаг харилцааны гэрч нь энэ юм. Манай улсын төр засгаас өндөр ач холбогдол өгч, энэ ойг Монгол улс даяар өргөн тэмдэглэж байна. БНХАУ-ын засгийн газраас энэ ойд зориулж зохион байгуулж буй томоохон арга хэмжээнд МУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм. Мөн манай цэргийн зэвсэгт хүчний төлөөлөл мөн энэ баярын арга хэмжээнд оролцоно. Манай ЭСЯ Жанчхүүгийн даваан дахь Зөвлөлт-Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөхөөс гадна ЭСЯ-д уран зургийн болон фото зургийн үзэсгэлэн гаргаж байгаа.
Сур: Хятад улс дэлхийн фашизмын эсрэг дайнд Азийн дайны гол талбар байсан. Дайны ялалтад Хятад улсын байгуулсан гавьяа, гүйцэтгэсэн үүргийг та хэрхэн үнэлдэг вэ?
Ц.Сүхбаатар: Ази, Европт дайны гол тулаанууд болж, хамгийн хүнд хохирол амссан, хамгийн олон хүний амь үрэгдсэн ширүүн тулалдаанууд болж байсан. Азийн дайны талбарт мэдээж Хятад улс гол цохилтыг хүлээж авсан. Маш олон энгийн болон цэргийн хүмүүс амь үрэгдсэн хатуу ширүүн дайны талбар болж байсан. Хятадын ард түмэн олон жилийн турш өөрийнхөө улсын тусгаар байдлын төлөө, энэ цус урсгасан дайныг хийж, Японы милитаризмын гол цохилтыг өөртөө хүлээж авч байсан. Үүнийг дэлхийн даяар зүй ёсоор үнэлж байгаа. 1945 онд дэлхийн холбоотон гүрнүүд хамтаар Японы милитаризмыг дарж, энэ дайнд Хятадын ард түмэн ялалт байгуулж өөрийн эх орноо чөлөөлж, энхийн сайхан амьдралыг бий болгосон түүхтэй. Үүнийг бид зүй ёсоор үнэлж, энэ гавьяаг бахархан хүндэлж байх ёстой. Энэ бол хоёр ард түмний найрамдлын нэг чухал сэжүүр нь болдог юм.
Сур: Энэ өдөр Хятад, Монгол, Орос гурван орны төлөөлөгчид Жанчхүүгийн даваан дахь Зөвлөлт- Монголын дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. 9-р сарын 3-ны өдөр Тянь Ань Мэний талбайд цэргийн томоохон парад болно. Эдгээр арга хэмжээг зохион байгуулж буйн ач холбогдлыг та хэрхэн ойлгож байна вэ?
Ц.Сүхбаатар: 70 жилийн ойг тэмдэглэж байгаагийн цаад утга учир хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай, хамгийн их хохирол учруулсан, хамгийн их олон хүний амийг авч одсон аймшигт дайн дахин давтагдахгүй байхын төлөө, хойч үе мань ахмад үеийнхээ байгуулсан энэ их гавьяаг ойлгож хүндэтгэж, ирээдүйд гэгээн дурсгалыг нь хамгаалж явахыг хойч үедээ ойлгуулахын тулд, ер нь дэлхийн улс түмний хооронд найрамдал хамтын ажиллагаа, харилцан ойлголцол үргэлж бэхжиж байхын тулд энэ ойг хамтран тэмдэглэж байгаа юм. Энэ ойг тэмдэглэснээрээ бид зөвхөн өөрийн ард түмэн бус энэ бүс нутаг, цаашилбал дэлхийн нийтэд энэ дайнд орсон ард түмний гавьяаг ойлгуулах, цаашид ийм дайнаас зайлсхийхийн тулд үргэлж хамтран ажиллаж байх, харилцан ойлголцож байх, санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудыг энх тайвны замаар шийдэж байх, ард түмнийхээ төлөө эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн бүх салбарт ойр дотно хамтран ажиллахыг уриалж байгаагаараа ойн арга хэмжээний ач холбогдол нь оршиж байна гэж үзэж байна.
Сур: Дэлхийн улс орнууд тусгаар тогтнолынхоо төлөө харийн түрэмгийлэгчид, фашистуудтай эрэлхэгээр тэмцсэн түүхтэй. Гэхдээ өдгөө зарим орон, ялангуяа Японы барууны хүчнийхэн үнэн бодит түүхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Азийн өнөөдрийн амар амгалан, энх тайван байдлыг баталгаажуулахад хэн ямар хувь нэмэр оруулах ёстой гэж та үзэж байна вэ?
Ц.Сүхбаатар: Ялалтын 70 жилийг тэмдэглэж байгаагийн бас нэгэн ач холбогдол нь өнгөрсөн дайны үр дүнг өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг бид эсэргүүцэж байна. Энэ дайны үр дүн тогтсон дэлхийн дэг журмыг бид сахих ёстой, ингэж байж бид ирээдүйд энх тайвныг хамгаалах ёстой. Ийм учраас ойн арга хэмжээ хүн төрөлхтөнд, ялангуяа манай бүс нутагт энэ дайны учруулсан хохирлыг, энэ аймшигт сургамжийг дахин сануулж, ирээдүйд дахин давтахгүйн тулд харилцан ойлголцож хамтран ажиллах нь хамгийн тэргүүний зорилт гэдгийг ойлгуулахад нэн чухал юм. Манай Ази тив тэр тусмаа маш их хүнтэй, олон соёл иргэншил зэрэгцэн оршдог тив. Харилцан ойлголцол, бие биенийгээ хүндэтгэх, ойлгох, аливаа асуудлыг эв зүйгээр нь зохицуулдаг байх журам бидэнд зайлшгүй хэрэгтэй. Энэ үүднээс бид энэ ойг тохиолдуулан, бусад орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэхийн төлөө бүх арга хэмжээг зохиож байгаа гэж үзэж байгаа. Ойг тэмдэглэхэд цэргийн жагсаал хийж, сүр хүчийг үзүүлж байгаадаа биш энэ ойг хамтдаа тэмдэглэх, хойшид үүнийг дахин давтахгүйн тулд одооноос харилцан ойлгож, хамтдаа байя гэсэн үүднээс ийм арга хэмжээ хийж байгаа гэж ойлгож байгаа юм. /Сурвалжлагч Урьхан, Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |