• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олимпын сэдэвт уралдаанаар би Бээжингийн олимптой танилцлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-17 15:51:21

     "Солонго" нэвтрүүлгийн "захидал задлах цаг" булангаар ХОУР-гоос зохион явуулсан "Бээжин-2008 олимп дээр уулзацгаая" асуулт хариултын уралдаанд нэгдүгээр байранд шалгарсан Улаанбаатар хотын сонсогч Б. Ононтой бид утсаар холбогдсон юм. Тэрээр Улаанбаатар хотод Багшийн Их Сургууль, Шанхай хотод Гадаад Хэлний Их Сургуульд тус тус суралцаж төгссөн. Одоо Улаанбаатар хотод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллаж байна. Олимпын наадмын уламжлал ёсоор Грекийн олимпиадаас асаасан гал бамбараа 2008 оны 3-р сарын 31-ний өдөр Хятадад угтаж авсан өдөр Онон зузаан гэгч нэг ном- өөрөө редакторлан бичсэн уралдааны хариултаа хэвлүүлсэн юм. Тэрээр энэхүү уралдаанд оролцсон тухай сэтгэгдлээ ингэж ярилаа:

     "Би юуны өмнө энэ радиог сонсох дуртай бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. ХОУР-гийн 2007 оны 11-р сард зарласан "Бээжин-2008 олимп дээр уулзацгаая" асуулт хариултын уралдаанд оролцоод нэгдүгээр байр эзэлсэндээ би маш их баяртай байна. Энэ уралдаанд ороход манай аав маань надад их тусалсан, олимпийн наадмын түүхэн цаг хугацаа, олимпийн наадамд түрүүлсэн тамирчдын байдал гэх зэрэг материалыг цуглуулахад их дэмжлэг үзүүлсэн. Би энэ уралдаанд орохдоо маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан, яагаад гэвэл Бээжингийн олимпийн тухай материал их дутагдаж байсан, тэгээд Бээжинд олимп зарлана гэж мэдэгдсэн цаг хугацаанаас хойших материалуудыг сонин сэтгүүл, ном бичиг дээрээс хайж үзсэний дүнд зөндөө олон материалтай болоод ирэхээрээ энэ уралдаанд заавал орно гэж шийдэж байгаад хариултаа чин сэтгэлээсээ хийсэн."

     Ононы бидэнд илгээсэн уралдааны хариултыг дэлгээд үзэхэд нэг захидал бидний хараанд маш илхэн буусан, тэр нь ОУОХ-ны гишүүн ноён Ш. Магваны бидэнд хандан бичсэн захидал байсан юм. Энэхүү захиаг давхар аваад бид их баярласан юм.

     Тэрээр захидалдаа: "Хятадын Олон Улсын Радио нь радио сонсогч болон сүлжээ ашиглагчдынхаа дунд 38 төрлийн гадаад хэл, Хятад хэлний төв аялга болон орон нутгийн 4 аялгаар "Бээжин-2008 олимп дээр уулзацгаая" асуулт хариултын уралдаан зарлаж байгаад Олон Улсын Олимпын Хорооны гишүүний хувьд их баяртай байна.

     ХОУР-ийн Монгол хэлний редакцын хамт олноос өдөр бүр монгол хэлээр нэвтрүүлэг бэлтгэн явуулдгийг тогтмол сонсдог.

     "Бээжин-2008 олимп дээр уулзацгаая" уралдаанд Монгол улсын олон мянган сонсогч оролцож байгаагийн дотор миний эртний анд Самданмөнхийн ач охин Онон нь оролцож, өөрийн номондоо миний сэтгэгдлийг оруулсанд баяртай байна." гэж бичсэн байна.

     Онон энэхүү уралдаанд оролцохын тулд олон ном сэтгүүл болон бусад материал үзэж судалж хариултаа хийсэн болохоор Бээжингийн олимпийн наадмын тухай маш их зүйл мэдэж авсан юм байна. Тэр хэлэхдээ: "Энэ уралдаанд орохоосоо өмнө, олимпийн тухай ойлголт их гүйхэн байсан, харин уралдаанд орно гээд өөрийнхөө гараар бэлтгэж байгаа үедээ маш их юмыг мэдсэн, олимпийн тухай түүх, одоох байдалд нь хүртэл судалж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм."

     Бээжингийн олимпийн бэлтгэл ажлын хувьд юу нь хамгийн илүү таалагдсан бэ гэж асуухад Онон, олимпийн нээлт хаалтын ёслол явагдах "Шувууны үүр" стадиун талбай хамгийн их таалагдсан гэж хэлж байсан. Тэрээр өөрөө уралдаанд оролцохынхоо зэрэгцээ бас Бээжингийн олимпийн наадмын тухай нэн олон хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор номондоо нэмэлт материалууд оруулж, өөрийнхөө таньдаг найз нөхөд, найзынх нь найз гэхчлэн зөндөө олон хүмүүст хэвлэж тархаасан аж. Ононы хариултыг аваад найз нар нь бүгдээрээ сэтгэгдэл их өндөр байсан ба Монгол оронтой ойрхон Бээжин хотноо болох олимпыг очоод үзчих юм сан гэж их хүсч байсан гэж Онон ярьж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе