|
|
||
Эрхэм сонсогчдоо, сайн байцгаана уу? Одоо та бүхэн ХОУР болон Жянши мужийн Аялал жуулчлалын газрын хамтран зохион явуулж буй "Үзэсгэлэнт Жянши нутаг" аялал жуулчлалын мэдлэгийн уралдаант тусгай нэвтрүүлгийн дөрөвдүгээрийг хүлээн авч сонсоно уу?
Ардын хууч үгэнд "Таван хайрханд гарсан бол өөр ууланд авираад хэрэггүй, Ү юаньд очсон бол өөр тосгон үзээд хэрэггүй!" гэсэн яриа байдаг. Энэ бол олон нэрт хүмүүс Жяншигийн Ү юань тосгонд очсоны дараах сүүрс алдалт юм.
Нэвтрүүлгийн эхэнд та бүхэнд хоёр асуулт үлдээж байна.
Нэг. Ү юаний үзэсгэлэн юундаа байдаг вэ?
Хоёр. Жянваний эртний тосгоны барилгууд ямар соёлын хэв төрхтэй вэ?
Та бүхэн хариултаа өнөөдрийг нэвтрүүлгээс хүлээн аваарай. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.
Ү юань гэж Хятадын газрын зураг дээрээс эрж олоход бэрх энэ жижигхэн газрыг чухам яагаад Хятадын хамгийн сайхан газар гэж нэрлэсэн юм бол? Энэ талаар тухайн сяний намын хорооны дарга Линь Шянь жюн хэрхэн танилцуулахыг одоо сонсъё.
"Ү юань нь Аньхүй, Жэжян, Жянши гурван мужийн уулзвар газар оршдог, экологийн орчин туйлын үзэсгэлэнтэй бүс юм. Түүнчлэн тухайн нутгийн иргэдийн зан заншил маш өвөрмөц бөгөөд соёлын амьдрал баялаг тансаг байдаг. Энэ шяньд эртний тосгод, хуучин барилга, эртний гүүр тун олон байдаг төдийгүй бараг бүх шяний 3000 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийн экологи туйлын сайн, мөн өнө эртний соёл иргэншилтэй гэж хэлж болох юм. Ү юаний гоо үзэмж экологи болон соёлын зохицолдоо, хүн байгалийн эвсэг зохицонгуй харилцаанд байдаг. Үүнийг мөн орчлон хорвоо болон хүн зоны нэгдэл гэж хэлж болох юм"
Ү юаньд хавар рапс буюу шилэмдгийн цэцэг дэлгэрэх нь туйлын үзэсгэлэнтэй байдаг. Харин 3, 4-р сар нь Ү юаний аялал жуулчлалын алтан улирал болдог юм. Ү юаний цаг агаар урин дулаан, чийглэг сайхан, 4 улирал мэдэгдэхүйц бөгөөд улирал бүрийн үзэмж маш өвөрмөц, үзэж сонирхох, аялж зугаалах зүйл арвинтай. Энэ талаар нутгийн иргэн Гэ Жяний танилцуулахыг сонсъё:
"Манай Ү юаний жилийн 4 улиралд аялж жуулчлах агуулга ихтэй, жишээлбэл олны мэддэгээр хавар цагт рапс буюу шилэмдгийн цэцэг сонирхоно. Ү юаний хаврын үзэмж нь үнэхээр уран зураг шиг гоё сайхан юм. Алтан шаргал шилэмдгийн цэцэг, сүүн цагаан лийрийн цэцэг, ягаахан тоорын цэцэг, хурц улаан цэцэг, номин цэнхэр долгион хаялах болор тунгалаг мөрний урсгал, вааран дээвэр тоосгон хана бүхий эртний байшин барилгууд, өргөн навчтай ой модод зэрэг нь хаврын улиралд урмыг татан сэтгэлийг согтоох амьд байгалийн зураг болдог юм" .
Гэ Жянь хэлэхдээ, дэлгэр зуны орой тосгоны хашаанд сэвүүр барин бяцхан сандал дээр суугаад, хараа бэлчээн цэлмэг огторгуйн оддыг тоолон, мэлхийн дууг чагнан суухад хотын шуугианд дарагдсан биеийн алжаал чилээ тайлагдах шиг болдог .
Намар цаг бол Ү юаний арвин ургацын улирал юм. Тариачид ургацаа байшингийн орой дээрээ хатаадаг заншилтай. Ү юаний Хүй загварын барилга бүр өндөр хашаатай. Айл болгон хашааныхаа дээгүүр тэгнэн халуун ногоо хатаадаг бөгөөд үр тариагаа түүний дээд талд хатаадаг. Гал улаан чинжүү, алтан шаргал буурцаг, хар вааран дээвэр зэргийг өндөр дээрээс харахад өнгө ялгаран тун ч сайхан харагддаг. Ү юаний ургамлын бүрхэц баялаг, модны төрөл олон болохоор намар болж салхи хөдлөхөөр модны навч шар, улаан, ягаан гээд өнгө өнгөөр алаглан, ёстой л уран зураачийн бүтээсэн усан будгийн зураг шиг гайхамшигтай сайхан харагддаг билээ.
Өвлийн цагт, эртний тосгодыг хараад өнө удаан түүх соёлыг бишрэн, хүний амьдралын утга учрыг ойлгодог. Энэ үед тариачид энэ жилийн ажил төрлөө үндсэнд нь дуусгаад, нутгийн дуугаа дуулцгаан, ший янгуу тоглож, мах утаж, зүнзи боож, ма ци боовны гурил нухаж, цагаалах бэлтгэлээ хийдэг бөгөөд бас хотынхон олноороо Ү юаньд ирж тариачдын хамт цагаалдаг юм.
Ү юаний шяний хотоос зүүн тийш 20 километрийн зайд Хүйжөүгийн барилгын соёлын онцлог бүхий эртний тосгон болох Жян вань тосгон байрлана. Жянваний барилгын тогтолцоо маш өвөрмөц бөгөөд нэг гудамжинд 6 орцтой, шинэ хуучингүй хөндлөн гулд эгнэн байрлаж, мянга гаруй жилийн түүхэн явцад энэ янзаараа эмх цэгцтэй оршсоор иржээ. Түүнчлэн орц бүр өөрийн онцлогтой, эртний, эгэл жирийн,яруу хээнцэр байдгаараа онцлогтой юм. Жян ваний хуучин гудамжнууд нь өнөөг хүртэл Мин Чин улсын үеийн хэв төрхөө хадгалдаг ба гудамнууд нь маш нарийн хэвээр, хэдэн хуучин пүүс байгаагийн хаалга цонх нь мөн л хэд хэдэн банзаар хаадаг. Пүүсийн лангуу нь ч мөн хуучин хэвээрээ, хана нь галаас сэргийлсэн эртний хана байдаг. Энд хуучин хэвээр хадгалагдсаар байгаа хуучин барилга их олон байгаа бөгөөд мөн олон эртний худаг, тагт, гүүр зэргээс ч эртний Хүй жөүгийн соёлын ул мөр харагдаж байдаг юм.
Жян ваний нэлээд эртний нэгэн гудамжийг Бэй мэнь жие гэдэг. Энд нэлээд олон эртний барилгууд төвлөрсөн байдаг. Жишээлбэл Сань шэн тан-г Чин улсын дунд үеийн соён гэгээрүүлэгч, буддын шашин судлаач Жян Чяний дээдэс байгуулсан бөгөөд эдүгээ 200 гаруй жилийн түүхтэй. Өнөө энд мөн хүмүүс аж төрөн амьдарсаар байна.
Жянваний хүмүүсийн хамгийн их сэтгэл бахархаж явдаг нь Хөүлүн шань уул юм. Тэд өөрсдийн өөдлөн дэгжих, ухаан самбаатай идэрхэг хүчирхэг байдаг нь Хөүлүн шань уулны луу түшсэнээс болсон гэж үздэг. Уул усыг шүтэн биширдэг энэхүү үзэл ойлголтыг итгэхийн аргагүй. Гэвч Жян-ваний хүмүүс энэхүү үзэл ойлголт доор, уулаа битүүлэн ойжуулж, экологийн байдлыг хамгаалахын үлгэр дуурайл болсон юм. Хөүлүн шань ууланд очвол, эртний ой тайгатай газар хүрсэн мэт санагдаж, уул хайрхан дүүрэн битүү ой тайгатай газрыг харах болно. Энэ нь уул түшин амьдардаг Жян-ваний эртний тосгонд гайхамшигтай ид хүч нэмсэн байна.
Бусад нутгийн хүмүүсийн хувьд эндхийн эртний өнгө үзэмж нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг юм.
"Эндэх газар танд таалагдаж байна уу? Хэрэв таалагдаж байвал, эртний түүх соёлын дурсгалт зүйлс, эртний соёлыг бид сонирхож болно. Бид гэр бүлээрээ ирсэн, бид И-чүньд түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил эрхэлж байсан, эндхийн эртний соёл бүрэн хамгаалагдаж, эртний барилгууд огт эвдэгдсэнгүй, маш сайхан системтэй хадгалагджээ" гэж тэрээр өгүүлж байна.
Бид сурвалжлага хийх явцад гэнэт "Хятадын төлөө цохилох зүрх" гэсэн танил аялгууг сонслоо.
Энэ хөгжмийн аялгууг эрж хайсаар ороход хөгжмийн зэмсэг нь ваарны шаврыг шатааж хийсэн үлээвэр хөгжим байсан юм. Тухайн нутагт үүнийг вааран лимбэ гэдэг. Их өвөрмөц хийцтэй бөгөөд их багын ялгаатай аж. Хүмүүсийн ярьж буйгаар жижиг нь дууны өнгө тунгалаг, их нь хүнгэнэсэн дуутай, сурахад их амархан ажээ.
Хятад улсын хамгийн үзэсгэлэнт тосгон Ү-юаний сайхан нь түүний энгийн,эгэл, зохистой зэрэгт байдаг. Эндээс хүмүүс хөдөө тосгоны соёлын дүр төрх,байгалийн чимээ хүмүүсийн сэтгэлд анир чимээгүй өөрийгөө ч мартам нам гүмхэн орчныг мэдрүүлдэг юм.
Нэвтрүүлгийн сүүлд бид хоёр асуултаа дахин давтан хэлье.
Нэг. Ү юаний үзэсгэлэн юундаа байдаг вэ?
Хоёр. Жянваний эртний тосгоны барилгууд ямар соёлын хэв төрхтэй вэ? Та бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |