• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-ийн монгол хэлний хэлтсийнхэнтэй хамтран ажилласан он жилүүдээ дурсах нь

CRI       (GMT+08:00) 2014-12-04 14:53:19

Монголын радио сонсогчид 2000 онд Орос дуу хоолой радиогийн монгол хэлний хэлтсээс зарласан уралдаанд шалгарсан нөхөд шагналаа авахаар Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 2 давхрын тусгай өрөөнд цуглаж элдвийг хүүрнэж суутал Д.Ванчиндорж санаачилга гарган <<..хэдүүлээ сонсогчдын клуб байгуулбал яасан юм бэ>> гэхэд бидний хэсэг нөхөд уг саналыг дэмжиж 2001 оны 3-р сард Энх тайван найрамдлын ордны нэгэн өрөөнд 13-уулаа цуглан клуб байгуулах талаар ярилцан тохирч Д.Ванчиндорж маань бүх ажлыг гардан зохион байгуулж хийснээр гадаадын радио сонсогчдын клубийг 2002 оны 3-р сарын 15-нд анхны хурлаа хийн "НАЙРАМДАЛ" гэдэг нэр өгөн клубээ анх байгуулсан билээ. Найрамдал клубийн удирдах зөвлөлийн гишүүн 9, хяналтын комисс 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан удирдах зөвлөлийн даргаар Д.Ванчиндорж, гүйцэтгэх захирал Н.Ханджав нарыг сонгосон. Гүйцэтгэх захирал Н.Ханджавыг ажлын боломж муутайгаас уг албан тушаалаас чөлөөлж 2005 оны 1-р сарын 5-аас намайг томилон ажиллуулсан болно. Миний хувьд зарласан уралдаан тэмцээн, зохиогдсон ажилд идэвхтэй оролцдог хэмээн дарга, хамт олондоо үнэлэгдсэн хэрэг.

Ингээд дарга Д.Ванчиндорж радиог өрөө үлгэрлэн сонсож бидэнд зөвлөгөө өгч Оросын дуу хоолой радио, ХОУР-ийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлтсийнхэнтэй холбоо тогтоож сонссон зүйлийн талаар мэдээлэл өгч ажил төрлөө зөвлөлддөг болсны дүнд бид радиогийн нэвтрүүлгийн цагийг хүлээн байж сонсдог болсон бөгөөд асуулт хариултын болон мэдлэгийн уралдаанд өргөн олныг оролцуулах талаар тус клубийн идэвхтэн Дорнод аймгийн Н.Бар, Улаанбаатар хотын Ш.Цэнд, Баянчандмань, Д.Дашрэнчин, Эрдэнэтийн Ё.Магсаржалам нар бусдаас илүү зүтгэлтэй ажиллаж байлаа. Манай Курсийнхэн ХОУР-ийн монгол хэлний нэвтрүүлэг явуулсны 40 жилийн ойг угтаж 23-р сургууль дээр 2004 оны 10-р сарын 15-нд өдөрлөг зохион байгуулсан. Энэ өдөрлөгөөр БНХАУ-ын түүх соёл, хөгжил цэцэглэлтийг харуулсан 3-4 самбар үзүүлэн хийж уг үзүүлэнгээ миний бие тайлбарлаж байсан болно. Бас цаасан шувуу, бөмбөлөг хөөргөх тэмцээн явуулж дүнг нь Ч.Лхагваа гаргаж байсан санагдана.

ХОУР монгол хэл дээр нэвтрүүлэг явуулж эхэлсний 40 жилийн ойд зориулсан "CRI цом"-ын төлөө асуулт хариултын уралдаанд манай сонсогчид, сүлжээ ашиглагчид идэвхтэй оролцон бүгд л шалгарчих юмсан гэж чармайж байсан юм даг. Энэ уралдааны дүн гарч тусгай байранд Д.Ванчиндорж, 23-р сургуулийн багш Б.Оюунсүрэн нар ХОУР-ийн зардлаар Бээжин хотод 7 хоног аялан 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож "CRI цом "-оор шагнуулан маш өндөр сэтгэгдэлтэй ирж байсныг тодхон санаж байна. Д.Ванчиндорж аялсан тухайгаа ярихдаа:

- << Энэ монгол гутлынхаа мөрийг Цагаан хэрэм дээр гаргачихлаа, монгол дээлтэй явсан чинь гадаадынхан цуг зургаа авахуулъя гээд олон ч хүнтэй зургаа авахууллаа >> гээд маш хөгжилтэй ярьж байсан билээ. Тэр үеэс эхлэн ХОУР-ийн монгол хэлний нэвтрүүлгийн шилдэг нэвтрүүлэгч "хүндэт өргөмжлөл"-өөр Г.Баатар, Пэрлээмаа, Н.Номиннарс, Н.Урангоо, Л.Буянтогтох, М.Цэцэн, Г.Цогзолмаа, Баясгалан нарыг шагнаж ирсэн.

ХОУР болон монгол хэлний нэвтрүүлгийн хэлтсээс зарласан "Шанхай хотод уулзацгаая" , "ХОУР-г хэн сайн мэдэх вэ" , "Түвдийн сүм хийд" , "Үзэсгэлэнт Гуань-ши ", БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг угтаж " Чинээлэг амьдрал руу тэмүүлж буй Хятад орны ХАА-н 60 жилийн ололт амжилт" , "Хулсны баавгайн орон үзэсгэлэнт Сычуан" , "Хятадын эрдэнийн арал Тайвань" , " Үзэсгэлэнт Жан-ши" , " Бид хамтдаа" зэрэг уралдаануудад оролцон 1,2,3-р байрууд эзлэн шагнагдаж байлаа. Миний хувьд шагнал авахдаа гол нь биш уралдаанд өргөн олныг оролцуулах явдал чухал гэж үздэг. Уралдаанд оролцсоноороо нэлээдгүй мэдлэгтэй болохын зэрэгцээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд онцгой ач холбогдолтойгоос гадна Хятад орны түүх соёл, хөгжлийн талаар зохих ойлголттой болгож өгдөг. Эдгээр уралдаанууд нь өргөн хүрээтэй, утга агуулгын хувьд чамлахааргүй байсан гэж миний хувьд үздэг.

Энэ ялдамд дурдахгүй байхын аргагүй зүйл байна. Манай клубийн дарга агсан Д.Ванчиндорж нь чадамгай удирдан зохион байгуулагч, түүхч, сурган хүмүүжүүлэгч багш, уран илтгэгч байлаа. Мөн манай ахмад сонсогч, уран хатгамалч агсан Ш.Цэнд нь туйлын хөдөлмөрч уралдаанд үлгэр жишээ оролцдог байв. Би энэ 2 хүнийг байнга сэтгэлдээ дурсан санахын зэрэгцээ эдгээр хүмүүсээр дутагдаж байдгаа нуух юун. Ш.Цэндийнхээ уралдаанд оролцдог туршлагаар үзүүлэх-туршлагын сургууль хийнэ гэж өөртэй нь ярьсаар байгаад чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд нь одоо ч харамссаар явдаг юм.

Танай нэвтрүүлгийн талаар бичсэн тэмдэглэлээ эргэн уншихад маш сонин дурсамж үлджээ. 2011 оны 11-р сарын 30-ны тусгай нэвтрүүлгийн товч тэмдэглэлээс:

Эрдэмт гуай 1964 оны 12 сарын 1-нд монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэс 12 хүнтэй байгуулагдаж редактор, орчуулагч-редактор маш олон жил ажилласан, нэвтрүүлэгч Бурмаа гуай 1964 оноос 35 жил нэвтрүүлэгчээр ажилласан. 1966-1976 оны хооронд ихэнхдээ сөрөг суртал нэвтрүүлэг хийдэг байсан. 1991 оноос мэргэжилтэн солилцдог болсон тухай тэмдэглэжээ.

Энэ хугацаан дахь хамтын ажиллагааны тухай дурдатгалаа товч бичсэн

"НАЙРАМДАЛ" клуб С.Цэвэгмид

Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.

2014.11.13

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе