|
|
||
Чимэдидорж
Цагаан үүлэнд шургасан сэжүүр нэгэн оргил
Цасан далайд умбаж мөнгөн өнгөөр цайлзана.
Цагираг болон горхилсон хорлойгийн ариун булгууд
Цайруу татан гялалзаж өвлийн шинжийг илрүүлнэ.
Өнгө ногоон нарснууд зүсээ түүнд хосолж
Өтгөн ой, балар шугуй сүрээ түүнд нэмэрлэж
Өгьеө эрсэн араатан өвөр суганд нь Шургалдаг
Өндөр Хянганд үзүүрлэсэн хүүхэн оргилын өрчинд бий.
Өвөг дээдсээс биширсэн энэ Хянганы оргилд
Ээлтэй нар мандахын хамт хүний дуу цуурайлдав.
Энэ хэний дуу болохыг лавлаж шинжиж үзвэл:
Yүрсэн багажаа эзэмшсэн үзэсгэлэн хүүхнүүд байлаа
Тэнгэрээс буусан дагина гэж тэднийг яаж хэлэх вэ!
Тэртээ уулын савдаг гэж тэднийг яаж бодох вэ!
Түүхийн нууцыг задалж яваа ажилтан гэж таньсандаа
Дөрөөнд нь сүүгээ өргөж ерөөмөөр л санагдаж байна.
Түмэн оны боолчиллын түүх тэдний үед эцэслэсэн,
Төмөр ширмэн феодалын гинж тэдний үед хайлсан,
Төвөг бэрхшээл учирлууд тэдний тэмцэлд ялагдаж,
Төлөвлөгөөт манай байгуулалт тэдний гарт босгогдсон.
Эх орны зүрх болсон үзэмжит нийслэл Бээжингээс
Эрдэнийн авдар модон далай Хянган уулын оргилд
Энэ сангийн оньсыг нээхээр тэмцэж яваа тэдний
Энхрий залуу хайр хүсэл нь цэцэг болон дэлгэрч байна.
Эгшигт хонгор дуугаараа эх орноо магтахдаа
Эрдэм ухаан хөдөлмөрөө тэр дуундаа зориулж
Эрэлхэг ардын минь сайн хүүхдүүд өдрөөс өдөр гавшгайлж
Өмнөө чинь тулгарсан бэрхшээлүүдийг даван туулан яваарай!
Өлгий болсон орон чинь үр чамайгаа энэрч байна,
Yй түмэн ард чинь ариун хөдөлмөрийг чинь дэмжиж байна,
Өөрийн хүнд үүргээ амжилттай биелүүлэхийг
Өнгөт талын дэнжийн дээрээс ерөөл болгон бичлээ би.
1955 оны 9-р сар Зохиогчийн танилцуулга: Чимэдидорж (1924. 8 — 1980 он) бол орчин үеийн шилдэг зохиолч, өвөр монголын орчин үеийн жүжгийн ууган зохиолч юм. чөлөөлөгдсөний дараах өвөр монголын утга зохиолын анх дахь монгол роман "шар мөрний долгион" –ны зохиогч болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |