|
|
||
Б. Бүрэнбэх
Саруул сайхан тал байна
Санаагаараа довтол доо тэрэг минь.
Салаад удсан нутагтай минь
Саадгүй түргэн учруул даа.
Холын холын тосгод
Давхиад давхиад ирж байна.
Хоршооны үргэлжилсэн тарианууд
Нисээд нисээд өнгөрч байна.
Суусан тэрэг минь зөөлөн байтлаа
Суугаад яасан суурьгүй юм?
Хонон өнжин явсан байтлаа
Унтаад яасан нойргүй юм?
Хоршооны малчин боллоо гээд
Аав минь яажч баярлаж байх бол?
Хонгор хүүдээ хэлье гээд
Ээж минь яажч сандарч байх бол?
Мөнгөн цагаан элсэнд минь
Шинэ зам засагдсан байхаа.
Мөлгөр улаан хаданд минь
Шинжилгээний тэмдэг боссон байхаа.
Сэрүүн сайхан дэнжинд минь
Хоршооны зуслан байрласан байхаа.
Сэтгэл тэнийм талд минь
Хамтын сүрэг дүүрсэн байхаа.
Барилдаж байсан нөхдөөс минь
Жишээч хэчнээн гарсан бол?
Балчир байсан дүү нараас минь
Хошууч хэчнээн шалгарсан бол?
Өвгөн болсон аавын минь
Магнайн атираа нь тэнийсэн байхаа.
Өтлөө болсон ээжийн минь
Yсийнх нь буурал нь гарсан байхаа.
Хөхрөн харагдах уулууд аа
Хүзүүгээ багахан бөхийгээч!
Хөөрхөн шинэ нутгийг минь
Хөндөлсөж битгий халхлаач.
Жирвэлзэн үзэгдэх зэргэлгээнүүд ээ
Жигүүрээ багахан хумиач
Зүрхэний хайрт нутгийн минь
Зүсийг нь бүү балруулаач.
Алаг үхрээ хөллөчихөөд
Аралт тэргэндээ суучихаад
Ардын цэрэгт орох гээд
Алхуулж байсан замаар минь.
Гал тэрэг давхиж
Газрын холыг товчлон
Төрсөн уул устай минь
Төдхөн зуур учруулах гэж байна.
Эцгийн минь тавагласан шүүсийг
Царцахаас нь өмнө хүрнэ байхаа.
Ээжийн минь тагшилсан цайг
Хөрөхөөс нь өмнө очно байхаа.
Жороо хулаа унасан ч
Ийм зөөлөн байнуу даа.
Зодортой атаа тэшүүлсэн ч
Ийм хурдан болонуу даа.
Саруул сайхан тал байна
Санаагаараа довтол доо тэрэг минь.
Салаад удсан нутагтай минь
Саадгүй түргэн учруул даа.
Зохиогчийн танилцуулга: Б. Бүрэнбэх бол одоо үеийн алдарт шүлэгч, эрдэмтэн. 1928 онд Өвөр Монголын Зоон уд аймгийн байран баруун хошууны ядуу малчны гэрт төржээ. Шүлэг бичихдээ шүлгийн уран санаа, үндэстний онцлогийг анхааран чухалчилдгаас шүлэг найраг нь ил тод айзам цохилготой бөгөөд тал нутгийн үнэр амттай байдаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |