|
|
||
Б. Осор
Өмнө энгэрт чинь алагласан
Өнгийн пансан хормойвч чинь
Өндөр тэнгэрийн солонгоноос
Өөлж авсан тасархай юу?
Өргөн мөрөнд чинь гялалзсан
Сэнж зодгийн товруу чинь
Үдшийн түмэн одноос
Шилж суулгасан шигтгээ юу?
Өвдгийг чинь дагаж мяралзсан
Торгон тохойн сийлбэр чинь
Өргөн дэнжийн цэцгээс
Тоож түүсэн дэлбээ юу?
Үдийн газраас гялалзсан
Цогт хоёр нүд чинь
Үүрийн өмнө дулалздаг
Гэрэлт алтан цолмон юу?
Цайлалзан дэгдээд гардаг
Цагаан арсланы бие гэж ээ,
Цамнан дэвээд ордог
Эрээн барсын хүч гэж ээ!
Хүрхрэн шуугиад буудаг
Хөх луугийн омог гэж ээ!
Хөвчлөн сунгаад ордог
Хүрэн гардийн зориг гэж ээ!
Найр бүхний аварга болж
Нандин одон зүүхэд чинь
Нар саран цацарсан
Ханагар талын салхи
Настай ээжийг чинь орлоод
Хайрлаж чамайгаа үнэснэ.
Зохиогчийн танилцуулга: Б. Осор бол орчин үеийн шүлэгчин, уран зохиолын сэтгүүлийн найруулагч. 1935 онд, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны ядуу малчны гэрт төрж өсжээ. "Хөдөөгийн сайхан", "Намрын сайхан" зэрэг шүлгийн түүвэртэй.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |