|
|
||
Хэрлэн мөрний хойд хөвөөнд бэлчиж байгаа мэт дүрс хэлбэртэй мал сүрэг чулуунууд байдаг юм. эдгээр сонирхолтой сайхан чулуунуудын тухай маш олон сонин сайхан домог ам дамжин уламжлагдаж байдаг юм.
Урт урьд цагт тэнгэрийн айлуудын ойр хавийн бэлчээрт баян сүрэг талыг бүрхэн бэлчиж байсан гэнэ. Тэгж байтал мал сүрэг дэндүү олширсноос болж тэр хавийн бэлчээр халцгайрч эхэлсэн гэнэ. Тийм болохоор эрхбиш их хол газар очиж малаа хариулах хэрэгтэй болж л дээ. Ингэсэн чинь мал хариулах хүүхэд үүрийн хяраанаар хонио тууж гараад шар бүрий болоход гэрийн бараа хардаг байжээ. Жилийн жил өдөр сар энэ мэт ээлжилсээр байв.
Нэг өдөр хоньчин хүү гашуун нойрондоо дарагдаад нар их дээр гартал унтачихсан байлаа. тэгээд тооноор нар шараад байхаар нь гэнэт сандран сэрээд хонио санд мэнд хөөгөөд бэлчээртээ гарчээ. Гэвч Түүний хоньчин найзууд бараа сураггүй байсан гэнэ. Тэр найзуудаа гүйцлээ ч гэсэн сайн бэлчээр олоход бэрх болсон байхаа гэж бодоод, хөгшид өвгөдийн үргэлж ярьдаг тэнгэрт байгаа бэлчээр газарт бас байна гэдэг хууч яриа санаад нь ороод, би харин газар доор бууж үзвэл үнэхээр сайхан бэлчээр олдож магадгүй шүү гэж боджээ. Тэгээд тэр хоньчин хүү үүл хүлээлгэн хонио тууж явсаар доод замбуутивд буужээ. Эх газарт ойртож ирэхэд түүний хараанд хөвөө хязгааргүй далай тэнгис харагджээ. Бас цаашаа явбал ногоон тал номин хөвч, галт уул, цаст хайрахад, шар шоройт өндөрлөг гэх мэтээр өнгө алагласан дэлхийн бөмбөрцөг харагджээ. хоньчин хүү өнгө өнгөөр солонгорсон алаг дэлхийг хараад уулга алдан баярлаж, дэвхрэн хөөрч байлаа.
Тэгж байтал аль алинаас нь ч сайхан үзэмж түүний нүдэнд харагджээ. Тэр нь үзэсгэлэнт сайхан Хөлөн буйрын тал нутгийн баян баргын нутаг байжээ. Тэр ниссээр газар буухдаа нэгэн монгол гэрийн хаяанд буужээ. Монгол гэрээс нэг өвгөн гарч ирээд түүнийг гэртээ оруулж, өтгөн шаргал сүүтэй цайгаар дайлан, түүнээс тэнгэрийн орны сонин сайхныг сонсон суужээ. хоньчин хүү уул нь тэнгэр дээд тэнгэрийн хааны хонь хариулдаг байжээ.
Нэг өдөр хонио туусаар яваад газар доор буугаад ирсэн нь тэр байлаа. хоньчин хүү барга өвгөний гэрт сууж, тэдний саранхуар, наранхуар гэдэг хоёр охинтой тоглож баяр хөөртэй амьдарч байлаа.
Гэтэл нэг өдөр тэнгэрийн хаан хоньчноо үгүйлээд түшмэдээ томилон эрж сурагласаар байгаад Хөлөн буйрын тал нутагт байгааг нь мэдээ буцааж аваачиж гэнэ. Гэтэл хоньд нь яавч тэнгэртээ буцах дургүй байсан гэнэ. Үүнийг тэнгэрийн хаан сонсоод уурсан хоньдыг бүгдийг нь чулуу болгон хувьруулсан гэнэ. Чулуун сүрэг гэдэг ийм ирэлттэй юм гэж нутгийн хүмүүс ярьцгаасаар байна.
Чулуун сүрэг нь өнөө аялал жуулчлалын үзэмжит газар болж, улсын дотоод гадаадын жуулчид зуны дэлгэр сардаа тэнд очиж аялан жуулчлах болж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |