|
|
||
Цэцэрлэгт хүрээнд, цана, мандарваа хоёр цэцэг хөрш зэргэлдээ суудаг гэнэ. Хаврын нарны гэрэл энэ дэлхийг гийгүүлэн, урин дулаан амьсгал цэцэг ногоог таалан үнэсч, цэцэрлэгчийн услалт тэдний хатан цангаж байсан үндэс сахлыг нь удаалан шимтгэсэнд энэ хүрээлэнгийн олон цэцэг навч сэргэн сэрвэлзэж, цоморлогоо дэлгэн өнгө булаалдан дэлгэрсэн гэнэ.
Олон цэцгийн дотроос цана, мандарваа хоёр хамгаас оройлж, гоё сайхнаараа олны магтаал сайшаалыг олж ихээр таалагдсан байжээ.
Цана, мандарваа хоёрын дэргэд эрвээхий эргэж, балт зөгий нисэн, уран зурагчин хажууд нь суугаад, өдөржин зурж, цэвэрхэн хүүхнүүд цэцгийг таалан бахархаж, зугаацагчид захаар нь гарахдаа хоргодон зогсоод салж ядан, "хорвоод хосгүй хурц сайхан өнгөтэй. Ертөнцөд ховор яруу сайхан өнгөтэй яасан сайхан цэцэг вэ?" гэж шагшин магтдаг байлаа.
Анх эхэндээ цана, мандарваа хоёр бусдын магтаал сайшаалыг сонсох үе дотор эвгүйхэн санагдаж, царай нь улайн ширвээдэж, доош хараад, "бид тийм сайхан биш ээ. Надаас гоё нь бас бий шуу" гэж хэлдэг байжээ.
Хожим хойно нь хүмүүсийн магтаал сайшаалыг сонссоор байж, аажмаар дадал зуршил болж, сайшаалын үгийг сонсвол сэнхэлзэн баярлах болжээ.
Нэгэн өдөр, зугаалан ирсэн хүмүүс цана, мандарваа хоёрын дэргэд хүрч ирээд магтсанд, тэр хоёр олны дотроос өндийн босч, бие биеэ харан инээгээд, "энэ хүрээлэн дотор бид хоёроос гоё цэцэг өөр байхгүй. Энд ийм хөгжилтэй үзэсгэлэнтэй байгаа нь бүр бид хоёрын гавьяа юм" гэж омгорхолон хэлсэн гэнэ.
Түүнээс хойш тэр хоёр бусад цэцэг навчийг нүдэндээ тоохгүй болж, сэхүүн зан орсон байжээ.
Тэгэх мөртөө бас хүмүүс цана цэцгийг сайшаах үед, мандарваа цэцэг эгдүү хүрч, мандарваа цэцгийг магтах үед цана цэцэг дургүйцдэг болсон гэнэ.
Тэгсээр байж, энэ хоёр эгч дүү хоёр гоё цэцэг бие биеэ таашаахгүй аатаа зүтээ өвөрлөн, хэрүүл маргаан хийж эхэлжээ.
Нэгэн өдөр, олны магтаал сайшаалын дунд тэд хоёр их дуунаар маргалдаж, "энэ цэцэрлэгт хүрээнд би хамгийн гоё." гэж цана цэцэг хашхиран хэлсэнд, мандарваа цэцэг ч ам авталгүй их дуугаар орилж, "энэ цэцэрлэгт хүрээлэнд надаас сайхан цэцэг байхгүй" гэлээ.
Тэгээд тэр хоёр өдөр туш хэрүүл маргаан хийгээд зогсдоггүй болсон гэнэ.
Хажууд нь дув дуугүй байсан хөгшин нарс тэднийг ятгаж, "маргасны хэрэг алга. Миний үзэхээр та хоёрын аль нь ч гавьяа зүтгэл гэж яримаар зүйл алга." гэжээ.
Энэ үгийг сонсоод цана, мандарваа хоёр цээж дэлбэрэм уурлаж, "хөгшин нарс чиний чих чинь дүлийрээд хүмүүсийн тийм олон магтаал сайшаалыг өчүүхэн ч олж сонсоогүй юм уу?" гэжээ.
"Хүмүүс зөвхөн та хоёрыг л магтсан биш юм. Та хоёрын сайхан цэцэг дэлгэрснээ бусдын гавьяа зүтгэл биш гэж санаж байгаа уу?" гэж хөгшин нарс хэлжээ.
Цана, мандарваа хоёр учрыг нь олж ядан, их гайхаж, "хөгшин нарс та солиорч байгаа биз? Бид хоёрын сайхан цэцэг дэлгэрсэн нь танай гавьяа гэж санаж байна уу?" гэж асуужээ.
Хөгшин нарс хөхрөн инээгээд, "би та нартай гавьяа тэмцэхгүй. Хэрэв нарны гэрэл, агаар амьсгал, хур ус, ажилч хөдөлмөрч цэцэрлэгч байгаагүй юм бол, та хоёр яаж ийм сайхан цэцэг дэлгэрч чадах вэ?" гэжээ.
"Энэ яг зөв үг байна" гэж дуугүй байсан торог сарнай, хажууд нь байсан хайтан цэцэг, ард нь байсан эрхэм цахирмаа, өвс ногоо ч дуу нэгтэй зөвшөөрч, "хэрэв гэрэл, агаар, ус байгаагүй, ажилч шаргуу цэцэрлэгч байгаагүй юм бол та хоёр байхгүйгээр үл барам энэ цэцэрлэгт хүрээлэн ч байж чадахгүй юм. Гавьяа зүтгэл гэвэл цэцэрлэгчийнх шуу даа" гэцгээв.
Эдгээр үгийг сонсоод цана, мандарваа хоёр маш их ичин гутарч, дахин хэрүүл маргаан хийсэнгүй гэнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |