|
|
||
Баян хан уулын балар битүү ой дотор олон зүйлийн араатан амьтан амгалан тайван амьдарч, үд алдын үеэр бүр хадны мохор дээр харзан тунгалаг усанд ундлахаар ирж уулзан золгодог байсан гэнэ.
Хулжин үнэг хуйхар чоно хоёр сүлбээлэн нийлээд бага буурай амьтанг барьж идэх башир муу арга заль бясалгаж, араатны хаан арслангийн нэрийг зээлэн, харзан тунгалаг усны хөвөөнд хамаг амьтанг цугларах ташрамд, ийм нэгэн зарлиг нийтэлжээ.
"Араатны хаан арсланы зарлигийг та олонд уламжилсугай, олны дотор үхэшгүй мөнхийн шидийг олох эмийн жор уламжлагдан тарж байна гэж арслан хаан сонсоод энэ жороо эзэн хаанд өргөн барь гэж бид хоёрт тушаалаа. Үнэг намайг байцаагч түшмэлээр томилж, чоно авгайг яргачнаар тохоон томилсон" гэж үнэг хэлжээ.
Хуйхар чоно үнэгийн үгийг өлгөж аваад, "та нар тэр нууц жороо түргэн авчирч өгөх хэрэгтэй. Тийм биш бол хааны зарлиг хатуу шуу. Багалзуурыг чинь тасалж, бор зүрхийг чинь сугална" гэжээ.
Тэгээд удтал хүлээсэн боловч, олны дотроос нууц жор өргөн барьсан амьтан нэг ч байсангүй. Чоно авгай шүдээ арзайн архирч, "Шоо буга чи ойн дотор олон жил амьдарч, билэгт далдыг чи ганцаар идсэн гэж сонслоо. Эмийн жорд ордог цусан эвэр ч ганцхан чамд бий. Чи лав үхэшгүй мөнхийн шидийг олох эмийн жорыг мэднэ байх аа. Түргэн авчирч өргөгтүн." гэжээ.
Энэ дэлхийн ийм жор ерөөс байгаагүй тул, үгүй юмыг өнөөх буга хаанаас хэрхэн олох билээ дээ, хөөрхий энэ шоо бугын хоолойг хөнөөлт чоно тас хазаж орхиод, үнэгтэй хоёул үдийн зоогоо болгосон гэнэ.
Дараа өдөр нь заарын хүдрийг дуудаж, "хүдэр чи эмэнд орох үнэрт заартай билээ. Нууц жороо надад авчирч өгөхгүй юм бол бугатай адил багалзуураа таслуулна." гэж сүрдүүлэн хэлжээ.
Хүдэр ч мөн хөөрхий байжээ. Багатай адил багалзуураа тас хазуулаад үнэг чоно хоёрын идэш болсон гэнэ. Борогчин шаргачин ч багалзуураа таслуулахаас мултарч чадсангүй.
Энэ үед, ойн доторх байдал маш бачим түгшүүртэй болж, олон зуун араатан амьтан яахаа олохгүй хэлмэгдэн сандарч, таг чимээгүй болсон гэнэ.
Яг энэ үед, цасан цагаан чандага цээж түрэн гарч ирээд үнэг, чоно хоёрын өмнө очиж, огт айн сүрдэхгүйгээр, "үхэшгүй мөнхийн шидийг олох эмийн нууц жорыг би мэднэ" гэжээ.
Үнэг чоно хоёр нүдээ бүлтийн мэлрэн харж, удтал хэлэх үг олж ядан, чоно уурлаад шүдээ тачигнатал хавирна. Үхэшгүй мөнхрөх эмийн жор байхгүй гэдгийг мэдэж байгаа тул хулжин үнэг нүд эрийж, "чандага чи шал дэмий чалчих чинь юун вэ?" гэж зэмлэн загнасан гэнэ.
"Та хоёр нууц жор авна гэсэн биш уу? Би мэднэ." Гэж цэцэн цагаан чандага айж сандралгүй зоригтой хариулжээ.
"Тэгвэл хэлээч дээ" гэж чоно хэлсэнд, "нууц жор ийм байна. Чонын зүрх, үнэгний уушгийг арслан хаан амьд халуунаар нь идвэл үхэшгүй мөнхийн шидийг олж чадна" гэж хамаг амьтанд хандаж, "олноороо түргэн хөдөлцгөө. Үнэг чоно хоёрын зүрх уушгийг сугалан авч, халуунаар нь хаанд хүргэж өгсүгэй." гэж уриалан дууджээ.
Олноороо уриалсан дуунд нь уухайлж, бар ирвэс тэргүүлэн, баавгай, бутан, угалз аргал, хирис, хандгай хоморголж ирээд, үнэг чоно хоёр уруу зүг бүрээс нь дайран орж, бар авгай багалзуурдан дарж, баавгай бөгснөөс нь зууж, хирис хоёр талаас нь бавиргыг нь цоо мөргөж, тад бүргэд толгойг нь базлан тархийг нь сорж, шилүүс авгай сүүлээс нь зуурч, хүргэ солонго хүртэл төлөөс нь татан сарьсан борвийг нь тастаж, хорон санаат хулжин үнэг, ховдог сэтгэлт хуйхар чоно хоёрыг хоромхон зууг хог тас арилгаж, хотлоо олноороо эв найртай амар амгалан амьдарч эхлсэн гэнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |