• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ириан Тян гэгээн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-28 18:11:34

       Эрт урьдын цагт лууван Ириан Тян гэгээн гэгч таван зуун шавьтайгаа нэгэн сүмд суудаг байсан гэнэ. Тэр сүмийн эзэн лам Ириан Тян гэгээн таалал төгсөөд хаа мэндэлснийг мэдэхгүй. Энэ чөлөөнд Түдэг Даян гэдэг нэгэн тэрсэлгүү лам ирж сүм хийдийг эзлэн таван зуун шавь нарыг нь эзэрхэн өдөр болгон ном хаялцах нэрээр нэг алдаа гаргавал нэгийг хоёр алдаа гаргавал хоёрыг тоймог хийн зайдлан унаж, алан доогуураа мөлхүүлэх, гадна гаргахгүй, гаднаас ч хүн ирүүлэхгүй, хоол унд өгөхгүй, жилийн жилд ноорхой хувцастай байлган дарлахын туйл болж байж гэнэ. Энэ сүмийн лам нар Гомбо гэдэг бурхан тахидаг байжээ.

       Нэгэн өдөр тэр бурхнаа тахиж хүж зул өргөх завсар: манай Ириан Тян гэгээн ирж биднийг аврах болбуу. Түдэг Даян гэдэг тэрсэлгүү лам манай хийдийг эзлэн, шавь нарыг дарлан тэсэхийн аргагүй боллоо. Түргэн ирж биднийг аврах болбуу гэж лам нар даатгаж, нэгэн хуудас бичиг бичин тэр Гомбо бурхны өмнө тавьж мөргөсөнд бурхны толгой дээр нэгэн хэрээ нисэн ирж тэр бичгийг зуугаад баруун хойд зүг нисэн одсон гэнэ.

       Тэр үед Төвдийн Гомбо тивийн гэгээн гэж ууланд сууж ном бясалгаж байхдаа өдөр болгон жалсаа уншин тахилын саван ус хийж, ус хийсэн газраас нь лянхуа цэцэг ургадаг байж гэнэ. Тэр гэгээн лянхуа цэцгийг тун хайрлан асарч цэцэглүүлсэнд цэцгийн дэлбээн дотроос лам хувцастай жаахан банди гарч ирсэн гэнэ.Гэгээнтэн тэр жаалыг өхөөрдөн алган даараа тоглуулан хожим нь жаахан том болсны хойно нь ном заадаг болж гэнэ. Нэг өдөр ном заагаад сууж байтал нь зүүн өмнө зүгээс нэгэн хэрээ нэгэн хуудас бичиг зууж ирээд үүднийхний хажууд хаяж гэнэ. Тэр бичгийг аваад үзвэл: Лууван Ириан Тян сүмд Түдэг Даян гэдэг буруу номтон ирж сүм хийдийг эзлэн шавь нарыг туйлын хэрцгийгээр дарлан байх тул Ириан Тян гэгээн ирж биднийг аврах болбуу гэж бичсэн байжээ.

       Тэгээд Гомбо тивийн гэгээн явж тэр буруу номтныг дарахаар бэлтгэж байтал жаал банди: би явж түүнийг дараад ирье гэхэд багш нь: би яваад дарж чадах эсэхийг хэлэхэд бэрх байтал чи яваад тэр хэрцгий балмад амьтныг яаж дарах билээ, гэвч юмыг яаж мэдэх вэ, чи бол лянхуа цэцгээс төрсөн хүү юм чинь гээд сүүлдээ хоёулаа ном хаялцаж хэн нь дийлбэл явахаар болжээ. Тэгээд шавь нь багшаа гурван удаа дийлж гэнэ. Тэгээд багш нь: за чи явахад болно. гэвч гурван их барцад тааралдах юм байна чамд. Би чамд нэг атга гуулин зоос өгч явуулъя, замдаа юу тааралдвал түүнийг авч байгаарай гэж захиж гэнэ.

       Тэгээд замд нэг эхнэр тааралдаж: нэг бол миний ямааг ал, үгүй бол архи уу, эсвэл надтай эр эмийн явдал хий, эсвэл нэг нүдээ малтаж надад өг гэсэн хэцүү шаардлага тавьж гэнэ. Тэгээд жаал хүү аргагүй эрхэнд өрөөсөн нүдээ малтаж өгөөд зам хөөж байхад нүдтэй тал луугаа мурийж яваад байх болохоор нь нөгөө нүдээ аваад магнай дундаа тавиад цааш явж гэнэ. Тэгээд нэг ус дамнахаар яваа нэг жаахан бандитай тааралдаж, түүний хувцсыг сольж өмсөөд Түдэг Даян лам сүмийн олон лам нарыг тарчилган зовоож байхтай тааралдаж гэнэ. Тэгээд тэр ламтай янз бүрийн хувилгаан эрдмийн хүчээр тэмцсээр түүнийг ялж сүмийн бүх лам нарыг амар тайван амьдралтай болгож гэнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе