• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ээжээ би тан руу явж байна

CRI       (GMT+08:00) 2009-04-01 10:09:13

Зохиогч: Буянбат

Өвс өвсний мөнгөн сор дээр оддын гэгээг тогтоож
Өдөр өдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж
Зүүд зүүдний эхэнд хүүтэйгээ учран жаргаж
Зөн совингийн эрхээр өөрийгөө хууран тайтгарч
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Шившиж орхисон есөн зоосоор хүүгийнхээ анирыг наашлуулж
Шивнэж тоолсон маанийн эрхээр хүүгийнхээ сүүдрийг гэрэлтүүлж
Шатаж дүрэлзсэн загийн гал дээгүүр хүүгийнхээ заяаг ариулж
Ширгэлж уугиулсан сангийн утаагаар хүүгийнхээ барцдыг үргээж
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Хөх тэнгэрийн хаяаг торго мэт сэмлэж намайг харлаа, ээж минь
Хөглөрсөн их мананг хаяа мэт шууж намайг саравчиллаа, ээж минь
Хөхөмдөг хүйтэн жаврыг айраг мэт залгилж намайг саналаа, ээж минь
Хөмсгөн сарны нулимсыг ааруул мэт эгшээж намайг хүлээлээ, ээж минь
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Чөдөртэй морь янцгааж шүүдэр шилгээсэн өглөө
Цэцгийн солонгоос ургасан нарны сормуус ирвэгнүүлж
Цайгаа хуваалцах хүнгүй ганцаар суусан ээждээ
Чавдар саарал зэрэглээг зүсэж  тан руу би явж байна
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Тэмээндээ явсан хойгуур хүү минь ирчихсэн байгаасай гэж
Түлээ хугачихын агшинд ч баруун чих минь цангинаасай гэж
Дугхийгээд сэрэхийн зүүдэнд хүүгээ нэг харах сан гэж
Дуу аялахын чөлөөнд хорвоог амгалан байг гэж
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Буугаад нүүсэн бууц өвс халиурч тайтгарсан байдаг
Булгалсан гадасны шарх цэцгээр инээж аньсан байдаг
Манаж тавьсан галын үнэс бүлээн хэвээрээ байдаг
Майжгар ээжийн минь гишгэсэн мөр дээр одод хөлбөрч хоносон байдаг
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна


Үгээр зул бариад үнэгэн харанхуйг гийгүүлдэг байсан, ээж минь
Үлгэрээр ухаан задлаад унаган мөрөөдлийг цахидаг байсан, ээж минь
Үүрээр цацал өргөөд уулсын цангааг тайлдаг байсан, ээж минь
Үйлийн хайчаар гунигаа хайчлаад жаргал эсгэдэг байсан, ээж минь
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Ботгоо өхөөрдөөд наашаа ирэхэд нь уяан дээрээ буумаар байна
Бучигнуурын үндэс шиг гараар тань гэмшлийн нулимсаа арчмаар байна
Буурал дээдсийн зэмлэсэн харцаар өөрийгөө нэг ороолгомоор байна
Бурхны алганаас рашаан амсуулж ээжээ мөнх жаргаамаар байна
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Алтан нарны цаанаас хүү чинь давхиж явна
Аньж үзээгүй бурхны мэлмийгээс хүү чинь ирж явна
Атан тэмээний зунзаан дээр хан гарди шиг нисэж явна
Аргалын утаа гогцоорсон толгодын наанахан хүрч явна
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би тан руу явж байна

Тэмээд эргэсэн сөлтэй дэнжид гэр минь байдаг
Тэнгэрийн солонгын нэгэн үзүүрт ээж минь байдаг
Эрхэс гарагийн урсгал наран зөв эргэж байдаг
Ээждээ очих зүг минь бурхны зүг байдаг
Ээж минь намайг хүлээж байна

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе