• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Чинмингийн ирээдүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-10 17:26:09

(Шинэ Хятад улс байгуулагдсан 60 жил)

     Энэ жил 16 настай Ли Чинмин бол Хятадын баруун хойд нутгийн Гансү мужийн Бай Инь хотын долдугаар ангийн сурагч. Тэднийхэн уулын гуу судгаар тариа тариалж амьдардаг ядуухан айл. Тийм болохоор сургуульд сурч, бичиг номын мөр хөөнө гэдэг Ли Чинмингийн хувьд үнэндээ хэтэрсэн хүсэл байв. Тэрээр ах эгч нарынхаа хичээлийг таслуулчихгүйн тулд сургуулиа арай л хаячихгүй явж байтал 3 жилийн өмнө төр засгаас гаргасан нэг бодлого түүний сурах хүсэл мөрөөдлийн дөлийг асаажээ.

     "Бид сургалтын зардал болоод бусад аахар шаахар зардал төлөх шаардлагагүй болсон төдийгүй харин ч сургуулиас бидэнд сар бүр 70 гаруй юаний нөхвөр мөнгө олгодог болсон. Энэ нь тариачин хүмүүст маш их дэмжлэг болж байна" .

    Энэ бол "Хоёрыг хасаж, нэгийг нөхөх" бодлого юм. Хэдэн жилийн өмнө энэ бодлогыг Хятадын хөдөө тосгонд туршиж эхэлснээр Хятад улсын хөдөө тосгонд албан ёсны боловсролыг үнэ төлбөргүй хэрэгжүүлэх түүх эхэлсэн билээ.

    60 жилийн өмнө Шинэ Хятад улс байгуулагдсан эхний үед Хятадын нийт хүн амын 80 дээш хувь нь бичиг үсэгт тайлагдаагүй, 20 хувь нь бага сургуульд, 6 хувь нь дунд сургуульд сурч байв. Ийм учраас суурь боловсролыг дэлгэрүүлэх нь өнгөрсөн үеийн засгийн газрын ажлын гол асуудал болж байв.

     1986 онд Хятад улс "Албан ёсны боловсрол"-ыг хэрэгжүүлж эхлэхийн сацуу "есөн жилийн албан ёсны боловсрол" олгох асуудлыг үндэсний хууль журамд оруулж өгсөн байна. Энэ нь сургуулийн насны хүүхэд, залуучуудад бага болоод дунд сургуулийн боловсрол хүртэх эрх олгосон хэрэг болно. Түүний дараа Хятадын суурь боловсрол олгох ажил үйлс түргэн хурдтай хөгжиж эхэлсэн байна. 2007 оны эцэс гэхэд улсын хэмжээнд нийт хүүхдийн 99.3 хувь нь албан ёсны боловсрол хүртсэн бөгөөд энэ нь 2010 он гэхэд 100 хувьд хүрэх юм байна.

     Хятад улсын хүн ам олон, улс орны хөрөнгө санхүүгийн байдал хязгаартай тул албан ёсны боловсролын сургалтын зарим зардлыг тодорхой хугацаанд хүмүүс өөрсдөө даах юм байна. Амьдрал тааруухан айл өрхүүдэд бол энэ нь бага бус зардал болох нь гарцаагүй. Тал га ч хүрэхгүй жаахан газар дээр тариа тариалж амьдардаг Ли Чинмингийн гэр бүлийн хувьд, орлого нь идэх өмсөхдөө ч хүрэлцэхгүй байсан учраас жил бүр сургалтын зардал тушаах болохоор ээж, аавын минь царайд бараан үүл буудаг байсан юм гэж тэрээр дурсаж ярилаа:

    "Засгийн газраас "Хоёрыг хасаж нэгийн нөхөх" бодлого гаргахаас өмнө бид нар 400 гаруй юаний сургалтын зардал болоод аахар шаахар зардал тушаадаг байсан. Бас дээр нь бидний амьдралын зардлыг нэмэхээр жилдээ 1000 гаруй юань болно. Энэ нь манай амьдралд ихээхэн дарамт болдог байсан".

     Хүүгээ эрдэм номтой хүн болгохын төлөө эх эцэг нь өмсөхөө нимгэлж, идэхээ шингэлэн хот орж хөлсний ажил хийх, гурил будаа зарах гээд чадах бүхнийг хийж, арга бүхнийг сүвэгчилж үзжээ. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч тус нэмэр болохгүй л байлаа.

     Яг энэ үед нэг сайн чимээ Бээжин хотоос дуулдав. 2006 онд "Албан ёсны сургалт боловсролын тухай хууль"-ийг улсаас батлан гаргаж, үндэсний сангийн баталгаанд хамруулжээ. Мөн оны намраас "Хоёрыг хасаж нэгийн нөхөх" бодлого бүх талаар хэрэгжиж эхэлсэн байна. Хөдөө тосгоны бага, дунд сургуулийн сургалтын зардал болон аахар шаахар зардлыг хасаж, сар бүр амьдралын нөхвөр өгдөг болжээ.

     Энэ чимээг анх сонсоод Ли Чинмингийн ээж Жан Цүй итгэж чадахгүй байсан гэдэг. Хуруу даран тоолбол жил бүр хэдэн зуун юаний зардал арвилах болсон төдийгүй бас 900 юаний орлоготой болох юм байна. Тэгээд ч хүүгийнх нь сургуульд сурах хүсэл эрмэлзэл нь биелэгдэх болсонд тун их олзуурхаж билээ. Тэр үеийн байдлаа эргэцүүлэн дурсаж Ли Чинмингийн ээж нь сэтгэл догдлон ингэж ярилаа:

     "Улс үндэстний энэ бодлого манай гэр бүлийн дарамтыг их хөнгөлсөн. Ийм сайн бодлогын үр өгөөжийг хүртэж байгаадаа бид их баяртай байна."

     Одоо сургалтын зардлын төлөө санаа зовохоо больж, Ли Чинмингийн сэтгэлийн хүнд чулуу ч унажээ. Тэрээр нэн ч урамтай суралцаж, сурлага нь ч улам сайжирч эхэлсэн байна. Тухайн газрын Ү Чуань дунд сургуульд Ли Чинминтэй адилхан 500 гаруй хүүхэд энэ бодлогын үр шимийг хүртсэн байна. Хятадын Боловсролын яамны баримт мэдээнээс үзвэл, 2007 оны эцэс гэхэд хөдөө тосгоны 150 сая хүүхэд энэ бодлогын хүрээнд хамрагдсан байна.

     Хөдөө тосгон төдийгүй 2008 оны 9-р сараас эхлэн, Хятадын олон хотууд ч албан ёсны боловсролын үе шатны сургалтын болон аахар шаахар зардлыг хасаж, бүх иргэдэд ашиг тус хүртээж эхлэв. Үүний үрээр сургалт хүмүүжлийн сүлжээ тасралтгүй өргөжин тэлж эхэлсэн байна.

     Өнөөдөр навсгар шавар сургууль цэвэр цэмцгэр гэгээн саруул танхим бүхий сургууль болон өөрчлөгдөж, эвдэрч хэмхэрсэн ширээ сандал нь шинэ өнгө төрхтэй болж, зурагт дээрээс хардаг байсан компьютер нь тэдний амьдралд найз нөхөр нь болжээ. Ү Чуань дунд сургуулийн эрхлэгч, багш Гао Бинвэнь хэлэхдээ:

     "Улсаас хэрэгжүүлж буй "Хоёрыг хасаж, нэгийн нөхөх" бодлого нь хөдөө тосгоны гэр бүлийн дарамтыг ихээр хөнгөрүүлж, гэрийн ахмад болон сурагчдын сурах идэвхийг дээшлүүлж байна. Улс орны дэмжлэг дор манай сургуулийн дэд бүтэц, сургалт хүмүүжил зэрэг асуудал олон талаар шинэчлэгдэж өөрчлөгдсөн. "

     Хөдөө тосгоны нэн олон сурагчдын сургалт боловсролын чанар чансааг дээшлүүлэхийн тулд Ли Чинмингийн нутаг Гансү мужийн Бай Инь хотынхон хэдэн мянган хүний багтаамжтай дотуур байртай сургуулийг санхүүжүүлж байгуулсан бөгөөд энэ намраас ашиглалтад оруулах юм байна.

     Ли Чинмин өөрийгөө сайхан цаг үед төрсөн азтай хүн гэж ярьдаг юм. Түүний бодол ч зүйтэй. Охорхон 60 жилийн хугацаанд ядуу хоцрогдонгуй байсан Хятад орон өнөөдөр боловсрол хүмүүжлийн том гүрэн болжээ. Сургалт хүмүүжлийн алтан ивээлийг хүртэж, хазгай заяанаасаа хагацаж яваа эдгээр хүүхдүүд улс үндэстнийхээ хөгжлийг даллан галтай цогтой өсөн бойжихыг ерөөж энэ нэвтрүүлгээ өндөрлүүлье.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе