|
|
||
Сурв: Өнгөрсөн зууны 90 он гэхэд Эрээн хот нь хилийн жижигхэн суурингийнхаа хэрэгцээг хангах төдий ядуухан зах зээлтэй, "Бүдүүн дэлгүүр" нэртэй нэг их дэлгүүртэй байсан. Нааш цааш зорчих хүн зон ч цөөхөн. Бээжин хотод сурдаг 10 гаруй оюутан, ажил хэргээр зорчих цөөн тооны монголчууд Эрээнээр дайран өнгөрдөг байв. Тэр үед Эрээнд саатаж8 үзэж харах юм ч байдаггүй байсан. Удалгүй Монгол улс ардчилал, зах зээлийн системд шилжсэнээр Хятад улс руу олноор чөлөөтэй зорчих болж, ганзагын наймаачдын анхны цуваа "Гахай чирч" эхэлсэн. 90-ээд оны дунд үе хүртэл монголчуудын ганзагын наймаа оргилдоо хүрч, Эрээн хотын зах зээл тэлж ирсэн. Гэсэн хэдий ч бараа таваар нь чанар муутай, ахуй орчин тааруухан байсан. "Хэрэглэгчид" нь барааны үнэ хямд ч чанарыг нь голж, Бээжин болоод Хятадын төвийн хотууд руу зүглэх болсныг Эрээн гярхай харж, оновчтой шийдвэр гаргаж чадсан юм. Үүнийг би сэтгүүлчийн зүгээс биш, Эрээний "эрээн" амьдрал дунд орж хутгалдаж явсан олон монголчуудын адил жирийн иргэний хувьд хэлж байна. 90-ээд оны сүүл үеэс Эрээний "эрээн" амьдрал өөрчлөгдөн шинэчлэгдэж, царай муутай шавар тагцнуудаа нурааж, жижигхэн боловч цэвэр цэмцгэр байшингууд барьж, усан оргилуур босгож, буйд газар гэхэд ахадмаар өргөн дардан зам тавьж эхлэсэн. Зах зээл, дэлгүүр хоршооны бараа таваарын төрөл олширч, чанар чансаа нь сайжирч ирсэн. Эрээнний зээлээс "гахай" чирч, хөлжиж хөрөнгөжсөн хүн манай Монголд цөөнүй. Аливаа зүйлд "алтан үе" гэж байдаг. Ганзагын наймааны алтан үе хэдийн өнгөрсөн ч, өнөөдөр олон олон монголчууд Эрээнээс амьдралаа залгуулсаар байна. Би Эрээний гүнд оролгүй 5 жил өнгөрчээ. Эрээн хотын вокзал танигдахгүй болтол өөрчлөгдснийг хараад өнгөрдөг байв. Харин өнөөдөр Эрээн хотын гүнд орж ирлээ. Өмнөөс минь огт танихгүй шинэ Эрээн намайг угтан авч, миний мэдэх хуучин Эрээний "эрээн амьдрал" сэтгэлд минь дурсамж болон үлдэж дээ. Өнөөдрийг ярихын тулд өнгөрснийг дурсах хэрэгтэй болохоор би ийн нуршлаа.
Ингээд монголчууд хамгийн олноор ирдэг зах зээлтэй танилцахаар шийдсэн юм. Миний мэддэг хуучин зээлээс гадна маш олон зах зээл, дэлгүүр хоршоо бий болжээ. Түүний нэг нь Вэнь Жөү Олон Улсын зээл юм. Уудам саруул, тохилог зээл байна. Энд халуунд халж, хүйтэнд даарахын зовлон үзэхгүй.
\ХАЛЬС-хятадаар\ Манай зах нийт 40 мянган метр кв метр талбайтай бөгөөд гадна дотноо нилээд 594 өрөө тасалгаатай. Эдгээр өрөө тасалгааг Вэньжөү, Жяньси, Хэбэй, Өвөрмонгол гээд олон газраас ирсэн худалдаачдаас гадна бас монгол хүн ч түрээслэн наймаа хийдэг. Манай зах нь бусад захынхаа бараа таваараас чанараар илүү, бас ч илүү үнэтэй. Гэвч худалдан авагч тасардаггүй юм даа" гэж Вэньжөү Олон улсын зээлийн эзэн Ван Жигүо ярьлаа. Энэ зах дээр 7 монгол хүн талбай түрээслэн ажиллаж байсан боловч эдийн засгийн хямарлын нөлөөгөөр энэ тоо цөөрсөн гэнэ.
\ ХАЛЬС-монголоор \ Би одоооос 9 жилийн өмнө эжийгээ дагаж наймаа хийхээр Эрээнд ирж байсан. Тэгээд энд нэг сайхан эмэгтэйтэй түншилж худалдаа эрхлэх болсон. Тэр бараг л миний хуурай ээж болсон хүн дээ. Одоо өөрөө бие дааж худалдаа эрхэлж байна. Өөрийн гэсэн худалдан авагчтай ч болсон. Ашиг орлого муугүй байна. Хятадаар ойр зуур ярьдаг болсон болохоор өмнө зүгийн Гуанжөү орж бараа авдаг болсон.
Сурв: Та Вэньжөү Олон улсын зээл дээр талбай түрээслэн ажиллаж байгаа Наранчимэг бүсгүйн яриаг сонслоо. Тэрээр Эрээний зээл дээр талбай түрээслэн ажилласаар бараг 10 жилийн нүүр үзэж байгаа юм байна. Наймаа арилжаа нь амжилттай байгаа болохор Эрээнд 2 өрөө байр худалдан авч, нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг гэнэ. Тэрээр наймааны түнш болоод өөрийн бор зүрхээрээ өнөөдрийн энэ хэмжээнд хүрчээ.
\ХАЛЬС-хятадаар\ Би анх 1985 онд Вэнжөүгээс Эрээнд ирж цаг засдаг байсан. Тэр үед Эрээн их хоцрогдонгуй байсан ч би ирээдүйтэй гэж бодсон. 90 оноос Монгол улс нээлттэй болж, олон монголчууд ирэх болсон тул би торгоны наймаа эрхлэхээр шийдсэн. Учир нь монголчууд үндэснийхээ хувцсыг торго дурдангаар хийдэг шүү дээ. Торгоны наймаа эрхэлсээр 20 жил болж байна. Одоо би жилдээ 5 сая юаны бараа борлуулж байна. Би итгэлтэй монгол түнш олонтой хүн. Тиймээс зарим түншдээ бараагаа эхэлж өгөөд дараа нь мөнгөө авдаг. Тэд миний итгэлийг алддаггүй юм. Миний ашиг орлого дээшилж, одоо өөрийн гэсэн торгоны үйлдвэртэй болсон.
-Эдийн засгийн хямрал мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байна. Ирэх хүмүүсийн тоо цөөрснөөс миний ашиг орлого бараг 80%-аар буурсан. Гэвч орон нутгийн засаг захиргаанаас талбайн түрээсийг 30%-аар хөнгөлж өгсөн" гэж торгоны худалдаачин Шүй Шэн юүе ярьж байна.
Сурв: Эрээн өргөжиж тэлэхийн хэрээр өмнө зүгийн Гуанжөүгээс нүдний шил, дотуур хувцас, цүнхний худалдаачид, Ханьжөү, Шандунгаас торго даавууны наймаачид, Вэньжөүгээс гутал, ширэн эдлэлийн наймаачид гээд цувж эхэлжээ. Одоо миний зогсож байгаа зээлийг Вэнжөү хүн эрхэлдэг юм байна. Монголчууд бид "Мал дагавал ам тосдоно" гэдэг шиг, Ваньжөү хүн "Ном үзсэнээс наймаа хийж сурсан нь дээр" гэж ярьдаг гэнэ. Энэ удаа би зөвхөн иргэд хоорондын арилжааны асуудлыг хөндлөө. Ийнхүү хилийн жижигхэн хоцрогдмол боомт байсан Эрээн хот хоёр орны иргэд төдийгүй улс хоорондын худалдаа болоод тээвэрлэлтийн хэмжээ нь жилээс жилд өргөжин тэлэхийн хэрээр өнгөжин жавхаажиж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |