|
|
||
Сайн байцгаанаа уу? Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар би танд Юе чинь(月琴)гэдэг нэг төрлийн чавхдаст хөгжмийн зэмсгийг танилцуулах гэж байна. Энэ мэдээлэл танд таалагдах болно гэдэгт найдаж байна.
Юе чинь нь Хятадын Хан үндэстэн болон Хятадын баруун өмнөд нутагт төвлөрөн амьдарч байгаа И, Мяо, Дүн зэрэг үндэстний цөөнхүүдийн хэрэглэдэг хөгжмийн зэмсэг юм. Ичуудийн энэхүү хөгжмийн зэмсгээр хөгжимдсэн "Ягаан улаан сагагийн цэцэг" гэдэг аянд, И үндэстний охидыг улалзан дэлгэрэх сагагийн цэцэгтэй үлитгэн зүйрлэсэн байдаг. Юе чинийг хятадын Руань гэдэг чавхдаст хөгжмийн зэмсгээс улиран хувирч ирсэн гэдэг. 1000 гаруй жилийн тэртээх Тан гүрний үеэс эхлэн, Юе чинь нь бие даасан хөгжмийн зэмсэг болон хөгжиж ирсэн түүхтэй аж.
Юе чиний дууны өнгө намуун эгшиглэнтэй, хангинам тод байдгаараа онцлогтой билээ. Хөгжмийн бие нь хавтгай төгрөг хэлбэртэй байж, биений ар, өвөр болон хүрээг нимгэн модон хавтангаар наалдуулж бүтээсэн байдаг. Хөгжмийн чавхдасыг мяндас, болод, нилон утсаар хийдэг ба, болод, нилон утсаар хийсэн нь улам бүр гоё дуутай болдог юм гэнэ билээ. Юе чинь нь бас хятадын ший жүжиг, орон нутгийн ший жүжигтэй нягт уялдаа холбоотой байдаг юм. Жишээлбэл, Хятадын баруун өмнөд нутагт амьдарч буй Бай үндэстэн нь Бай жүй гэдэг орон нутгийн ший жүжиг тоглохдоо энэ хөгжмийн зэмсгээр заавал хавсарган хөгжимддөг байна.
Юе чинь нь Руаниас ангит тасран гарч бие даасан нэг төрлийн хөгжмийн зэмсэг болон хөгжсөний нэг хамгийн чухал шалтгаан нь гэвэл, хийц хэлбэрийн хувьд маш дөхөм авсаархан болсонд байгаа ажээ. Тийм ч утгаараа энэ хөгжмийн зэмсэг нь үндэстний цөөнхүүдийн дунд амархан таран дэлгэрсэн юм байна. Дүнчүүд Юе чинийг Лү шэн гэдэг хөгжмийн зэмсэгтэй хавсарган хөгжимддөг. Байчууд Юе чинийг өөрийн үндэстнийхээ "Гурван утаст хөгжмийн"-хээ дараа л жагсаадаг. Харин Ичууд Юе чиньд улам илүү хүндэтгэлтэй хандаж, уламжлалт Юе чиний үндсэн дээр тулгурлан, өөрийн үндэстний онцлогоор дабамгайлсан шинэ маягийн Юе чинийг үүдэн бүтээсэн байна.
Юе чиний тухай Мяочуудын дунд нэг сэтгэл хөдөлгөм хайрын үлгэр байдаг. Үзэсгэлэнтэй сайхан Юй цүй гэдэг бүсгүй Юе чиние үүрэн, уул усыг даван туулан байж, эцсийн эцэстээ хайж явсан хайртай хүүгээ олж авсан юм байжээ. Сайхан сэтгэлтэй Мяочууд амраг хост зориулан Мяочуудын уламжлалт наадам зохиож, өргөн их баяр хурим хийж өгсөн юм байна. Тэр цагаас хойш, энэ наадам болох бүр, Мяо үндэстний эрэгтэй эмэгтэй залуучууд Юе чиние тэврэн дуулан бүжиглэж, хайрлаж дуралсан хүндээ сэтгэлийн нууцаа илчилдэг заншилтай болсон юм гэдэг.
Эрхэм анд нөхөдөө. Манай энэ булан энд хүрээд өндөрлөж байна. Дараачин ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулж бэлтгэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |