• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хайр мөрөөдлийн мод

CRI       (GMT+08:00) 2011-07-27 16:37:29

      "Хятадын хилээр аялах нь " нэгдсэн сурвалжлагын умард хил дэх аялал үргэлжлээд бид Хянган даваанд байрлах харуулын газарт хүрч ирлээ. Уулын оройд байгуулсан энэ харуулын газрын өмнө нь салхи бороонд цохигдон, хатангир хуурай болсон ч нярай навч нь ногоороод амьжиргааны хүчээ гайхуулж байгаа мэт миний сонирхлыг татсан юм. Эгэл жирийн энэ мод цаанаа сэтгэлийг хөдөлгөм үлгэртэй гэдгийг энд ажиллаж байгаа хилийн хамгаалалтын цэрэг ярьж өгч билээ.

      1984 оны 5-р сарын үеэр энд ажиллаж байсан сумын дарга Ли Шян-Энь морь унан хайгуул хийж харих замд нь аадар бороо орж Халх голын ус мэдэгдэм нэмэгдсэн байжээ. 5-р сар гэж арай л мөс цас хайлж, мөн л хахир хүйтэн байжээ. Хамт яваа цэрэг найзаа бодож, тэр урьдаар голд орж, байдлыг шалгах гэсэн чинь дөнгөж голын дунд хүрэхэд ширүүн урсгал ирж, морь нь цочин, хүн морьтойгоо хамт цөлөгдөн явжээ. Цэргийн нөхөд болон нутгийн иргэд дөрвөн шөнө дөрвөн өдөр эрж хайсан ч бараа сураг алга байлаа. Нэг цэрэг эрийн халуун амиа ингэж алдсан нь найз нөхдийнх нь сэтгэлийг шимшрүүлж байлаа. Хэнээс илүү зовж шаналах нь хөөрхий гэргий хүүхэд нь байлгүй дээ. Ли Шян-Эний гэргий Гүө Фэнрүн энэ чимээг дуулаад хоёрхон настай хүүгээ тэврэн ирж, харуулын газар гурван шөнө гурван өдөр сэтгэлдээ залбиран хүлээсэн юм. Гэвч нөхрийнхөө хүүр цогцсыг ч олж хараагүй харьжээ. Дараа хаварт нь Гүө Фэнрүн нөхрийнхөө ажиллаж амьдарч байсан энэ харуулын газарт ирж, энэхүү "Хайрын мөрөөдлийн мод"-ыг тарьсан юм. Хэзээ нэг өдөр хүрээд ирэхийг нь хүлээж насаараа өөр хүнтэй ханилаагүй, хадам аав ээжийгээ асран хүндэлж, хүүгээ эрийн зэрэгт хүргэн, цэрэгт явсан хайртай нөхрөө сэтгэлдээ шингээн, аж амьдралаа босгож өдөр хоногийн өнгөрөөжээ.

       2010 оны 9-р сард Гүө Фэнрүн элэгний хорт хавдраар хүнд өвчлөн, эмнэлэгт хэвтэхдээ, 26 жилийн турш цэргийн арми ба засгийн газарт анх удаагаа нэг хүсэлт дурдсан юм. Энэ нь харин нас барсны дараа ясыг мань халх голд цацаж өгөөрэй гэсэн хүсэлт байжээ. Мөн сард нь хилийн хамгаалалтын армиас түүний хүсэлтийг ёсоор нь биелүүлж, Халх голын хөвөөнд онгон хөшөө босгон өгчээ. Гүө Фэнрүн нөхөртэйгөө Халх голд салшгүй мөнхийн золголтоо хийж, эх орны умард хилийн нутагт амарлингуй нойрссон юм. Дархан хилийгээ сахихын тулд асар том өртөг гаргаж, халуун амиа алдсан цэрэг эр ба ариун хайрыг нь дээдлэн сахисан бүсгүй хүний үлгэр хилийн цэрэг ардын дунд яригдсаар байна.

       Хайр мөрөөдлийн энэ мод Халх голд хоёр сэтгэлийг нийлүүлэхийг хүсэхгүй нь лавтай юм. Харуулын байшингийн өмнө гунигтай мөртлөө шандастай сүндэрлэж байгаа энэ мод цэрэг эрийн мөрөөдөл ба ар нутагтаа байгаа хайрыг нь сахиж, амар сайхандаа жарган суусан олон олон үлгэрийг чагнаж бойжихыг хүсэж байгаа байлгүй. \Сэтгүүлч Сарантуяа\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе