• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан луу жилийн сар шинийн тусгай нэвтрүүлэг

CRI       (GMT+08:00) 2012-01-22 00:23:11

     Сайн байцгаана уу, эрхэм сонсогчид оо, сайхан өвөлжиж байна уу та бүхэн, Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч Гантөмөр, Үзэмчин зүүн хошууны телевизийн хөтлөгч Сарнаацэцэг, уртын дуу, бөхийн өлгий Үзэмчин нутгаас та бүхэнтэйгээ мэндчилж байна.

     Шинэ хуучин солигдож, Хятад даяар сар шинийн баяраа тэмдэглэж, өсөж төрсөн Үзэмчин нутагт маань мөнгөн өвлийн наадам, монгол үндэстний өвлийн улирлын хувцас загварын үзүүллэг болж, цагаан сараа нижгэр сайхан тэмдэглэж байна. Ийнхүү 2012 оны "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн баярт зориулсан "Үзэмчин нутаг" тусгай нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо.

     Одоо та бүхэндээ "Өлзийт Үзэмчин" хэмээх энэхүү дуугаар Үзэмчин зүүн хошууны дарга Хишигбүрэн, мөн тус хошууны соёл радио телевиз биеийн тамирын товчооны дарга Сарансүхийн мэндчилгээг хүргэе.

     Аливаа бүхэн шинээр эхэлж, 365 хоног хүсэн хүлээсэн цагаан сар маань нас нэгийн нэмж бошго алхан хүрээд ирлээ. Ингээд уламжлалт соёлоо өвлөн хадгалж яваа Үзэмчинчүүд маань, төр ёсны баяр цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ. Дөрвөн улиралтай Үзэмчин нутагт маань сар шинийн нэгэн агуулга болж, мөнгөн өвлийн наадам болдог юм. Энэ удаагийн Үзэмчин зүүн хошууны мөнгөн өвлийн наадам нь монгол үндэстний өвлийн улирлын хувцас загварын үзүүллэгтэй давхцаж, нэн өргөн дэлгэр явагдлаа. Бид бас сар шинээр мордож, үзэмчин айлд хүрч, золголт хийсэн юм. Гурав есийн жавар сөрж, Үзэмчин зүүн хошууны мөнгөн өвлийн наадам, гал тахилга, бүхэл шүүс дэвшүүлэх үйл ажиллагаануудтай танилцаж явахад агуу ёс заншилтай үзэмчинчүүдийг сэтгэлдээ биширч явлаа.

     Шилийн гол аймгийн Үзэмчин зүүн хошуу нь Монгол улсын Сүхбаатар аймагтай хил залгаа оршдог билээ. Үзэмчин зүүн хошууны мөнгөн өвлийн наадмын үеэр Монгол улсын Сүхбаатар аймгийн Бичигт боомтын захиргааны дарга Гансүх гуай манай радиогоо дамжуулж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хятад Монгол хоёр орны харилцааны хөгжлийн дагуу хэл соёл, үндэс угсаа нэгтэй монголчууд маань, нээлттэй чөлөөтэй явалцах болсон юм. 2012 оны сар шинийн баяраар, Үзэмчин зүүн хошуунд ажиллаж амьдарч байгаа Монгол улсын Сүхбаатар аймгийн уугуул Түмэнцэцэг манай радиогоор дамжин сонсогч олонтойгоо золгосон юм. Тэрээр нутгийнхаа уул хайрхан болох "Их уул"-аараа хаягласан монгол гар урлалын дэлгүүр ажиллуулж байгаа.

     Уул ус нь тэнийж, дуу хуур нь шуранхайлсан, аврага бөх Дүүрэнзааны дэвээтэй Үзэмчин нутаг үүрд цэцэглэн хөгжих болтугай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе