• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европ Америкийн бизнесийн холбоо Хятадын шинэ өөрчлөлтөд анхааралтай хандаж байна

CRI       (GMT+08:00) 2013-11-29 09:28:37

      "Бүгд хурал" гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ боломж нээнэ

      ХКН-ын 18 дугаар их хурлын 3-р бүгд хурлын албан мэдэгдэлд зах зээл "шийдвэрлэх гол үүрэг гүйцэтгэнэ" гэсэн шинэ томьёолол дэвшүүлж, Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш 35 жилийн дараа ч илүү нээлттэй хөгжинө гэдгийг харууллаа. Зах зээлийн илүү нээлттэй, шударга тогтолцоог бий болгох өөрчлөлтийн бодлогын чухал зорилт нь гадаадын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын шинэ орон зай нээж өгөх явдал юм.

      Зах зээлд хөтлөн дагуулагч үүрэг гүйцэтгэнэ

      Европын Холбооны Хятад дахь бизнесийн холбооны тэргүүн Давид Кусино хэлэхдээ: "Албан мэдэгдэлд алсыг харсан чухал өөрчлөлтийн загварыг дэвшүүлжээ. Ирээдүйд хэрэгжүүлэх өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ нь засгийн газрын хяналт удирдлагыг багасгаж, харин зах зээлийн хүчийг нэмэгдүүлж, улмаар алс хэтдээ бууршгүй ач холбогдолтой өөрчлөлт буй болох юм" гэжээ.

     "Өдгөө Хятад улсад бүтцийн өөрчлөлт, олон талын зоригтой шинэчлэлүүд шаардагдаж байна. Ялангуяа санхүүгийн тогтолцооны өөрчлөлт, улсын өмчийн ба хувийн аж ахуйн нэгж зах зээлд "Эрх тэгш" оролцох нөхцлийг сайжруулах хэрэгтэй. Тогтолцооны өөрчлөлтийг хийхдээ хянуур болгоомжтой байх нь зүйн хэрэг ч асуудалд хойрго хандаж цаг алдаж болохгүй" гэдгийг Давид Кусино онцолсон юм.

      Хятад улс бол АСЕАН-ны худалдааны хамгийн том түнш. Америк, Европын Холбооны худалдааны хоёрдагч том түнш орон. Үүний зэрэгцээ эдийн засгийн бусад чухал орнуудын хувьд хөрөнгө оруулалтын чухал түнш юм. Хятад улс тогтолцооны өөрчлөлтөө гүнзгийрүүлж, зах зээлээ илүү нээлттэй хөгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтын урсгал тэр хирээр нэмэгдэж, Хятадын эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт болон чанаржих үйл явц түргэсэх юм.

      Хятад, АСЕАН-ны "алмазан 10 жил"-ыг урагшлуулна

     Хятад-АСАЕН-ны худалдаа бизнесийн төлөөлөн удирдах зөвлөлийн захирал Шю Нин-нин хэлэхдээ: "Хөрөнгө оруулалтад тавигдах хатуу шаардлагыг хөнгөрүүлж, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, эх газрын далайн эрэг дагуух бүсийн нээлттэй хөгжлийг нэмэгдүүлнэ гэж албан мэдэгдэлд дурдсан явдал нь Хятад, АСЕАН-ны цаашдын хамтын ажиллагааны "алмазан 10 жил", Хятад, АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн цаашдын бүтээн байгуулалтад тустай юм. Хоёр тал саяхан 2020 он гэхэд худалдааны хэмжээгээ 1 триллион ам.долларт хүргэх, ирэх 8 жилд харилцан хөрөнгө оруулалтаа 150 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт тогтоосон юм" хэмээн тэмдэглэлээ.

      Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятад улс зах зээлийн илүү нээлттэй тогтолцоог бий болгохын тулд тасралтгүй хичээсээр ирсэн. Хятад улс саяхан банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн хяналт удирдлагыг чөлөөлж, уламжлалт төрийн өмчийн аж ахуйн нэгжийн монополь салбарт хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулахыг уриалж, засаг захиргааны 221 төрлийн хяналт зөвшөөрлийн дамжлагыг хүчингүй болгосон буюу орон нутагт шилжүүлсэн юм. Шанхайд Хятадын чөлөөт худалдааны бүс байгуулж, "Сөрөг жагсаалтын арга", "Тэгш эрх ашиг олгох" зэрэг шинэ арга технологийг туршиж, улмаар Шэньжэний Чяньхай, Чунчин хотын Лянжян, Жэжян мужийн Жөүшань, Ганьсу мужийн Ланьжөү, Гуанжөү мужийн Наньша зэрэг өөрчлөлтийн шинэ бүсүүдэд түлхүү хэрэгжүүлж, Хятадын шинэ өөрчлөлт шинэчлэлийг идэвхтэй хэрэгжүүлж байна.

       Хятад улс илүү нээлттэй зах зээлийг бүтээн байгуулна

      Германы бизнесийн холбооны сүүлийн үеийн судалгаагаар, Герман улсын 4500 орчим компани, аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаагаас олонх нь өдөр ирэх тутам сайжирч буй Хятадын хөрөнгө оруулалтын орчинд сэтгэл хангалуун байгаа бөгөөд ирээдүйд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдэгтээ огт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад Герман улс бол Европын Холбооны хамгийн том эдийн засгийн түнш орон юм.

      "Нээлттэй зах зээлийг бий болгохын тулд Хятад улс урт удаан замналыг туулах болно. Хятадын нийгэмд оршиж буй ашиг сонирхлын торууд гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятадад бизнесээ хөгжүүлэхэд нь хашилт болж байна. Хөрөнгө оруулалтад хатуу хяналттай, олон шат дамжлага бүхий зөвшөөрөл шаардагддаг, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт саатах үед засаг захиргааны болон хуулийн туслалцаа дутагдах зэрэг байдал нэлээд тулгамддаг. Үүнээс үүдэн Хятадад хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл буурдаг" гэж Хятад дахь Америкийн бизнесийн холбооны тэргүүн Грег Гиллиган хэллээ.
Германы үйлдвэр худалдааны төв нийгэмлэгийн Хятадын хойд бүс нутаг дахь салбарын тэргүүн хатагтай Александра Восс дээрх байдлын талаар хэлэхдээ, "Ашиг сонирхлын хамгаалалт оршиж байгааг Хятад улс хэдийн анхаарч, хөрөнгө оруулалтад олгох зөвшөөрлийн шат дамжлагыг хялбарчилж, баялгийн хуваарилалт болон үнийн зохицуулалтад зах зээлийг шийдвэрлэх үүрэгтэй оролцуулах зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь Хятад улс илүү нээлттэй зах зээлийг байгуулж чадна гэсэн итгэл төрүүлж байна" гэж илэрхийлсэн юм.

       Хятадын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Хятад дахь Германы бизнесийн холбоо ерөнхий захирал, Фольксваген авто машины Хятад дахь хөрөнгө оруулалтын компанийн дэд захирал, доктор Жоерг Мулл хэлэхдээ, "Өөрчлөлт бол алгуур ахицтай, удаан хугацааны үйл явц юм. Тэр дундаа зах зээлийн өөрчлөлт бол гэрэл асаах унтраахтай адил хялбар зүйл биш. Тиймээс аажмаар тасралтгүй зохицуулан хянан шалгаж, хөгжлийн зохистой хурдыг тохируулах хэрэгтэй" хэмээн цохон тэмдэглэв. /Синьхуа агентлаг. Бээжин. 11-р сарын 14-ний мэдээ. Сурвалжлагч Жан Шю, Жан Жункай мэдээлэв./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе