|
|
||
Олон нийтийн газар эмэгтэйчүүдийн биеэ авч явах соёл(4)
Ма Баофэн
Гар
Эмэгтэйчүүд олон нийтийн арга хэмжээ, нийгмийн харилцаанд оролцохдоо гар хоосон явж огт болохгүй. Гар цүнх эсвэл үүрдэг цүнх заавал авч явах хэрэгтэй. Бусадтай гар барихдаа хэт чанга юм уу хэт сул атгахгүй байх. Нийтийн арга хэмжээн дээр голдуу эрчүүд түрүүлэн гар барьж мэндчилэх ёстой. Гэхдээ гэрийн эзэн, ахмад настай хүн юм уу эсвэл нийгмийн гарал өндөр хүнтэй бол эмэгтэй хүн урьтан гар сунган мэндчилж болно.
Эмэгтэйчүүд хоорондоо мэндчилэхэд гар барих юм уу баруун хацраа нийлүүлж мэндчилж болно. Гэхдээ бие нь ойртохгүй байх ёстой. Эмэгтэйчүүд хоорондоо эрчүүдтэй адил тэврэлцэж болохгүй. Бусдыг хооронд нь танилцуулах юм уу зүг чиг зааж өгөхдөө нэг хуруугаа гозойлгож заахыг цээрлэнэ. Харин таван хуруугаа нийлүүлж, алгаа дээш дэлгэж, танилцуулах гэж байгаа хүн болоод зүг чиг рүү заана. Зүүн гараараа юмыг тосож гардуулж болохгүй.
Үг яриа
Хүнтэй ярихдаа эелдэг байж, хүндэтгэлийн үг яриаг зөв хэрэглэж, хэт түргэн биш, хэт удаан биш хэвийн хурдаар ярих, дууны чанга сулыг ч мөн орчиндоо тохируулан, үгсийн найрлагыг логиктой, эмх цэгцтэй байлгаж, үгийг зөв оноож, санаагаа маш тодорхой илэрхийлэх ёстой. Чанга ярьж, эвгүй дохио зангаа гаргаж, хөнгөн амлахыг цээрлэх ба нуршуу сунжруу, дуусашгүй ярианаас зайлсхийнэ. Олон хүний дунд ганцаараа голлож ярих, бусдад ярилцах цаг, зайг өгөхгүй байж болохгүй. Гадаад хэл мэдэхгүй хүний өмнө гадаадаар ярих эсвэл гадаад үг хэлэхийг цээрлэ. Бага хэмжээний цуглаан дээр хүнтэй шивнэлдэж болохгүй.
Олон нийтийн цуглаан, арга хэмжээн дээр цаг үеийн мэдээлэл, уран зохиол, урлаг соёл, эрүүл мэнд зэргийн хөнгөн сэдвийг хөндөн ярилцвал сайн. Хүний хувийн нууц, нас, орлого зэргийг асуухгүй байх, хүний яриаг дундуур нь тасалж болохгүй. Нэг сэдвийн хүрээнд хэт их цэцэрхэж, маргалдаж болохгүй. Хүнийг буруу шааж, зэмлэхгүй мөн зориуд цаасан малгай өмсгөж хоосон хөөргөхгүй байвал сайн.
Хоол ундны тухай ерийн мэдлэг
Ургамлын тос хэрэглэхтэй холбоотой 4 алдаатай ойлголт
Нэгдүгээр алдаа: Хэт халаах
Хүмүүс хоол хийхдээ хэт өндөр хэмээр хуурч шардаг. Тогоонд эхлээд тосоо хийн халаад, утаа гарахад нь сая мах ногоогоо хийж хуурдаг. Энэ нь шинжлэх ухаанд нийцэхгүй туйлын буруу зуршил юм. Тосыг хэт халаавал хоолны шимийг алдагдуулж, хорт хавдар үүсгэх бодис ялгаруулдаг. Тогоогоо сайтар халаасны дараа тосоо хийж ногоогоо хуурах хэрэгтэй.
Хоёрдах алдаа: Ургамлын болон амьтны гаралтай тос огт идэхгүй байх
Тос дутагдвал хүний бие витамин буюу шаардагдах өөхөн хүчлийн дутагдалд орж, эрүүл мэндэд муу нөлөөлнө. Ургамлын тосыг л идээд амьтны өөх тосыг идэхгүй байх нь ч муу. Зохих хэмжээнд амьтны тосонд байдаг ханасан өөхөн хүчил нь хүний биед бас тустай.
Гуравдах алдаа: Урт хугацаанд нэг л төрлийн тос хэрэглэх
Ердийн гэр бүлүүд хоол хүнсэндээ нэг л төрлийн тос хэрэглэх хандлагатай байдаг. Гэхдээ удаан хугацаанд хэрэглэдэг тосоо өөрчилж байхгүй бол сөрөг нөлөөтэй. Тиймээс хэд хэдэн төрлийн тосыг зэрэг эсвэл ээлжлэн хэрэглэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь нэг л зүйлийн тос нь хүнд шаардагдах бүх өөх тосон хүчлийг хангаж чадахгүй юм.
Дөрөвдүгээр алдаа: Цусан дах өөхний хэмжээ их болон биеийн жин ихтэй хүмүүс эрүүл хүнтэй адил хэмжээтэй тос хэрэглэх
Цусан дах өөхний хэмжээ их, биеийн жин хэвийн бус буюу хэт таргалалттай хүмүүс өдөрт 25 граммаас их өөх тос хэрэглэхгүй байвал сайн ажээ. Настайчууд болон хэт таргалалттай хүмүүс, таргалалтаас үүдсэн удамшлын эмгэгтэй хүмүүс өдөрт хэрэглэх тосны хэмжээгээ 20 граммаас хэтрүүлэхгүй байх ёстой.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |