|
|
||
Шинэ оны хамгийн эхний өдрийг зургаар илэрхийлбэл, улаан, улбар, шар, ногоон, хөх, цэнхэр, бор гээд орчлонгийн түмэн өнгө тодроод ирэх биз. Мэдээжийн хэрэг тэрхүү зургийг наргүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Түүний алтан шаргал гэрэл гэгээнд нь бүүвэйлэгдэж, халуун илчийг нь бие сэтгэлээрээ мэдэрч л бид хөхөө өвлийн чөмөг царцаам хүйтнийг ажралгүй туулдаг. Хөх морин жил хүсэл мөрөөдлийг халгиулсаар, өрх гэрээрээ өөдлөн мандаж, улс хотлоороо хөгжин бадрахын бэлгэдлийг тээсээр айсуй.
Зургийн харандаагаа гартаа барьж, шинэ жилийн эхний өдрийг хэрхэн зурах тухай сэтгэн суух нь бас нэгэн жаргал гэмээр. Эртний "Шангийн бичиг, Шүний ёслол"-д тэмдэглэгдсэнээс хойш энэ заншил олон зууныг дамжин шинэ эринд уламжлагдаж ирсэн аж. Тоост ертөнцийн аливаа хэрэг бодис бүхэнд эхлэл бас төгсгөл гэгч бий. Цаг улирлын бичиг нь хүний амьдралын замнал, нийгэм түүхийн явцыг тэмдэглэж үлдээдэг. Өнгөрөн одсон он жилийн үй түмэн учралаас сэтгэлд үлдэж дурсгалд мөнхөрсөн нь чухам хэд билээ?
Шинэ жилийн хамгийн эхний энэ өдөр амьдралын бас нэгэн он цагийн эхлэл билээ. Нисэх мэт хурдлан давхих машин зурлаа. Жирэлзэн бөмбөрөх дугуйн хүрд нь мөнхийн дуу хангинуулж амьдралын шинэ тойргоор мөр гарган аялах болно. Шинэ аяллын жимээр зорчиход тоорын цэцгийн анхилам шугуйнаа урьхан хавар морилон саатсан байх авч хүйтэн өвлийг туулсан хүйс хүйс цэцгүүд харагдах нь даанч сонихон. Боомтын гаднах айлаас суунаглах өнчин утаа замхарч жижигхэн балгаснаа Жяннань газрын үзэмжит хулс сугсалзан ургаж, тэнгэрийн дэргэдэх наргил шугуйн сэрчигнэх чимээ эгшиг ижилсэх нь чихнээ содон.
Үзэгний үзүүрээс гарын аяар зурагдах тойрог нь гурван зуун жаран таван өдөр хоногийн орчил билээ. Өнгөрсөн нэг жилийн зовлон жаргал сэтгэлд хөвөрнөм. Бидний олсон амжилт, дэвшил төдхөн зуур цэцгийн үнэр ханхалсан шүлгийн шад болон бууж, тойргийн төвөөс анирлан холдож, амь насны уудам талд дуу болон цуурайтнам.
Гадаа билэгт цас хаялан амуй. Амь бялхсан хавар цагийг зурах сан. Итгэл зориг хийгээд хүсэл мөрөөдлийг гал улаан өнгөөр, хатуу тэмцэл хийгээд хатан зоригийг алтан шаргал өнгөөр, эелдэг зөөлөн хийгээд элэгсэг дотно сэтгэлийг цэнхэр өнгөөр зурмаар. Мяралзан урсах бяцхан горхийг, урин хаврын уянгат үзэмжийг шинэ жилийн шинийн нэгний энэ зурагт зурахгүй өнгөрч үл болно.
Шинэ жилийн хамгийн эхний өдрийн энэ зургаа ханандаа өлгөлөө. Тэнд бидний мөнхийн хүсэл дурайж байна. Шинэ жил, шинэ хувцас, шинэ ном, шинэ компьютер.... шинэ амьдралаа энэ л зурагнаас эхлүүлье. Улаан, улбар, шар, ногоон, хөх, цэнхэр, бор өнгөөр шинэ оны сайхан амьдарлаа зурагланам.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |