• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бид хамтдаа сайхан байлаа

CRI       (GMT+08:00) 2014-11-30 16:08:42

М.Шийрэв: Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНР-гийн дарга асан.
 
Олон жилийн өмнө хамтарч гэр бүл шиг нэг өрөөнд бужигнаж явсан сайн нөхдөө дурсан суухад сайхан байна. Тухайн үед Толь гуай, Бурмаа гуай, Бат гуай, Анчинхүү гуай, Эрдэмт, Урангоо, Пэрлэймаа, Баясгалан, Ганжуур, Эрдэнэсан, Цогзолмаа, Нарс, Дарма, Сайн-Өлзий, Буянтогтох, Цэцэн, Бүрэнбаяр, Баатар, Гэрэлт ийм л улсууд ажиллаж байсан даа. Тэгэхэд Баатар, Гэрэлт нар жаахан хүүхэд байсан. Анх Сүрэнжав бид хоёр олон улсын радиод хөл тавьж байхад Цүй Юй-линь дарга хүлээн авч уулзаж, ийнхүү хамтарч ажиллаж болох юм гэсэн анхны яриа хөрөөг өрнүүлж байсан. Дараа нь Хү Яотин дарга Улаанбаатарт ирж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байлаа. Тэр цагаас хойш хорин хэдэн жил өнгөрчээ. Дунд нь улс төрийн жаахан маргаантай асуудал байсан. Тэр зөөлөрч байсан эхний үед бид өнөөгийн энэ сайхан амьдралын эхийг тавьсан юм шүү. Энэ хоёр ард түмний сайн сайхан амьдрал, их бүтээн байгуулалтыг хамтран сурталчилж, хоёр ард түмнээ ойртуулж, гүүр нь болж байсандаа баярлаж бахархаж явдаг.

Анх 1990 онд МҮОНР, ХОУР-той хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон тухай ярихад, БНХАУ, Монгол улс мөнхийн хөрш, хоёр ард түмний хэлхээ холбоо, найрсаг харилцаа өргөжин хөгжинө. Тийм ч учраас дэлхийн таван тивд Хятадын ард түмний агуу их бүтээн байгуулалтыг радиогийн цэнхэр долгионоор дамжуулан сурталчилж байдаг энэхүү радиогийн хамт олонтой бид хамтран ажиллах ёстой. Манай Монголын радио дэлхийн олон улс орны радиотой хамтарч ажилладаг болохоор хамгийн ойр дотно байдаг Бээжин дэх энэ том радиотой хамтран ажиллах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тэгээд ХОУР-гийн тухайн үеийн удирдлагуудтай хамтран ажиллах тухай ярихад их дуртай хүлээн авч, бидэнд байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Ингээд хамтын ажиллагаа байгуулсан хорь гаруй жилийн хугацаанд МҮОНР-гоос хорь гаруй хүн ХОУР-гийн Монгол хэлний редакцид мэргэжилтнээр ажиллаж байсан бол ХОУР-гаас Толь гуай, Эрдэмт, Баясгалан, Цогзолмаа, Буянтогтох, Цэцэн, Сайн-Өлий гээд бүгд л манай радиогийн хятад хэлний редакцид мэргэжилтнээр ажиллаж байсан.

ХОУР-гаас Монголд явуулж байгаа нэвтрүүлэг өөр бусад орноос Монгол явуулдаг нэвтрүүлгийг бодоход илүү Монгол, аялгуу жаахан өөр байсан бол бүр сүүлдээ кирил үсгээр ажиллаж, нэвтрүүлгээ бичиж явуулдаг болсон нь их сайн явдал. Миний бие 1995-1997 оны эхэн хүртэл ХОУР-д мэргэжилтнээр ажиллаж байсан үеэ эргэн санахад ёстой л халаасан дахь ганц чихрээ хувааж иддэг гэмээр жаргал зовлонгоо хамт хуваалцсан өдөр хоногууд байлаа. Тэгээд жаахан дуутай хууртай өдрөөр бол Бат маань Бөгтөр Хайлаасаа дуулдаг. Бүрэнбаярын тэр сайхан хоолойг уу. Бас  Баатар мань Зулай Цагаан Алтайгаа хангинуулаад, бид сайхан ажиллаж амьдарч явсан. Тэгээд нэвтрүүлгүүд маань мөн их ойртож сайхан явж байна. Үүнээс Хятадын агуу их өөрчлөлт, бүтээн байгуулалтыг дэлхий сонирхож байна. Тэгэхээр Монголын ард түмэнд мөн тэр их бүтээн байгуулалтыг сонирхох, туршлага судлах талын ажил өргөн хүрээтэй явагдаж байгаа. Энэ цэнхэр долгионоор бидний харилцаа өдөр хоногоор бус цаг минут, агшин хором тутам өргөжиж байна. Хятадын ард түмний их бүтээн байгуулалт, Монголын хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа. Энэ бүхнийг холбоход манай хоёр радио хамтдаа нэвтрүүлгээ бэлдэж, хамтран ажиллаж ирлээ.

Энэхүү хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлцэж, хоёр радиогийн хамтын ажиллагааг эхлүүлсэндээ их баярлаж явдаг. Энэ бол түүхэн үйл явдал юм. Ерээд оны эхэн үед ер нь цөөхөн хэдэн радиотой хамтран ажиллаж байсан эхлэлийн үе. Тэгээд, манай хоёр радиогийн хамтын ажиллагааны хувьд сэтгүүлчид ард түмнээсээ түрүүлж алхах учиртайн шаардлагаар бид хамтран ажиллах гэрээ хийсэн билээ. Олон улсын радиогийн залуус манай радиод, МУИС, СУИС зэрэг их сургуульд мэргэжил дээшлүүлэн сурч байна. Би ХОУР-д мэргэжилтнээр ажиллаж байсан үед Хятад улс Хонконгийг эргүүлэн авах түүхт үйл явдал болсон. Тухайн үед Эрдэмт бид хоёр гэрт нь ёслолын шууд нэвтрүүлгийг үзэж байсан. Тэгээд ч ХОУР-гийн ажлын байр гэж Ба Бао Шаньд шинэ барилга барьж байсан. Тэр байшинд хөл тавьсан Монгол улсын анхны хүн шүү дээ би чинь. Тэр үед 42 хэлээр явуулдаг байсан бол одоо жар гаруй хэлээр нэвтрүүлж байна гэсэн. Тэгэхээр улс орны хөгжил цэцэглэлт, дэлхийн улс орны хамтын ажиллагаа улам ойртож байна. Уран бүтээлчдэдээ сайн сайхныг хүсэж, нэвтрүүлэг уран бүтээл тань өнгөтэй өөдтэй байх болтугай хэмээн ерөөе.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНР-гийн дарга асан Шийрэв манай радиогийн сэтгүүлч Цэцэнтэй хууч хөөрч суугаа нь.

1990 оны 11-р сарын 29-нд ХОУР, МҮОНР-гийн хоёр дарга хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь. ( М.Шийрэв )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе