|
|
||
20141203Ambasalmaa.mp3
|
Д. Амбасэлмаа. : Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэрт сэтгүүлч.
МУ-аас ХОУР-д ажилласан анхны мэргэжилтэн.
БНХАУ-ын Бээжингийн Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцид 1990-ээд оны эхээр ажиллаж байсан хагас жил бол дэлхийн агаарын долгионыг нэвтрүүлгээрээ эзэмшсэн том хамт олны ажил бүтээлтэй бүрэн танилцах боломжгүй богино хугацаа юм. Гэсэн ч дэлхийн олон орноос ирсэн мэргэжилтнүүд, тэр дундаа Монгол улсаас очсон надад ажиллаж амьдрах сайхан нөхцөл бүрдүүлж өгч байсныг эргэн дурсахад таатай байна.
Очсон өдрөөс л Цэлмэг гэгч охиныг туслагчаар томилон ажиллуулсан. Хятад хэл мэдэхгүй надад орчуулагч, гарч ороход минь дагуул болж хамаг бүтээлч цагаа миний төлөө зориулж байсныг би одоо ч гэсэн мартаагүй явна. Монгол хэлний энэ редакци хориод хүнтэй л байсан даа. Ямар их зохион байгуулалттай, эрч хүчтэй хамт олон байсныг одоо ч гэсэн эргээд бодоход бахадмаар. Арга ч үгүй биз дээ. Арав шахам зуун жилийн тэртээ дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн Их гүрний халуун голомтын галыг өнөөгийн хамгийн олон хүнтэй дэлхийн том гүрний дунд бадрааж, " Нууц товчоо" бичсэн хэл бичгээрээ дэлхий даяар цацаж байгаа нэвтрүүлгээ бичижбайгаа утга зохиолын ажилтнууд, редактор, сурвалжлагч, нэвтрүүлэгч хүмүүс билээ.
Би наян хэдэн нас насалж, ухаан санаа өтөлж өеөдсөнөөс болж та нарыгаа бүгдийг нэрээр нь дурсаж, яаж хамт бичиж уншиж, чөлөө завандаа инээж наадаж, дуулж хуурдаж байснаа бүрэн бүтэн санахаа больж дээ хөөрхий. Бүрэнбат, Баясгалан хоёроороо дуулуулах гэж их хүсдэг, санасандаа хүрч сэтгэлээ онгойтол дуулуулдаг сан. Эрдэнэсан сайхан шүлэг уншдаг байсан. Дарамбазар Цогзолмаа хоёрыг хараад залуу насаа эргэн санаж, нөгөөх гайт Шанхайн онгоц л дотрыг минь харлуулдаг сан. Хүний бодол санаа бол бичсэн тэмдэглэл шиг баларч гээгдэхгүй, нэг ёсондоо амьдралын замнал, түүх, болсон явдлуудын мөнхийн ул мөр юм даа. Та нартайгаа хамт байсан тэр хагас жил бол миний сэтгэлийн толинд гэгээ татуулсан бичвэр болон үлдсэн шүү.
Та нарын дунд миний үеийн насны Толь гэдэг нямбай бөгөөд өндөр мэдлэгтэй хүн байсан. Намайг ярихад учиргүй их инээнээ. Шүүмжилдэг байсан байх. Чи заримдаа орос шиг яриад байх юм гэдэг сэн. Урангоо намайг инээлгэж хөгжөөдөг. Би тэр аашинд нь дуртай. Дэргэд нь байхад ядаргаа тайлагдах шиг болдог. Би түүнийг " Сахилгагүй Урангоо" гэдэг байсан.
Бурмаа, Анчинхүү, Номиннарс, Мягмар, Осоржам, Пэрлэймаа, Буянтогтох, Ганжуур, Эрдэмт, Цэцэн.. цөм л Бээжингийн Олон Улсын Радиогийн нөр их ажлыг нэр төртэй нугалж байсан уран бүтээлчид. Тэдний гол төлөөлөгч Цэцэн одоо ч гэсэн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хамт олны дунд ажиллаж байна.
Бээжингийн Олон Улсын Радиогийн монгол хэлний редакци мэдээллийн төрлийн олон хэлбэрээр нэвтрүүлэг бэлтгэдэг байсан. Би мэргэжилтний үүргээ биелүүлж 1960-1965 онд суралцаж төгссөн Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбрын онолын үндэслэлээс лекц уншиж, нэвтрүүлгийн хяналт дээр эрдэмтэн багш нарынхаа арга туршлагыг ашигладаг байсан.
Миний багш нар бол Аугаа Их Эх Орны дайнд оролцож, хөлгүй гаргүй болж, таяг тулж, хиймэл гартаа савхин бээлий хийсэн эх орончид байсан юм. Олон Улсын хэвлэлийн түүх зааж байсан Ясен Николаевич Засурский одоо Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн тэнхимийн Хүндэт ерөнхийлөгчөөр уригдан ажиллаж байна.
Ийм сайхан багш нараасаа сонссоноо монгол хэлний редакцийнхандаа дамжуулах гэж оролдохын зэргэцээ Эрдэмт, Цэцэн, Ганжуур, Бурмаа нарын зэрэг монгол хэлний үгийн сан арвинтай хүмүүсээс суралцах, хуучин монгол бичгээр алдаагүй бичиж сурах зэргээр өөрийгөө боловсруулах ажлыг орхигдуулаагүй, үүний ачаар одоо ч гэсэн уйгаржин монгол бичгээр тэмдэглэлээ хөдөлдөг.
Бээжингийн Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцид хамт ажиллаж байсан нөхдөөрөө үргэлж бахархаж байдгийн учир нь, орчлон дэлхийн энэхүү далай мэт амьдрал дунд Их Монголын соёлын нэгэн хуудас болон сонсогч олны сонорыг мялааж байдагт оршино.
Ийм л бодол сэтгэлтэйгээр хагас зуун жилийн тань ойг угтаж байна. Та нартаа ажил, уран бүтээлийн их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье!
Д. Амбасэлмаа.
2014. 11. 24. Улаанбаатар хот.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |